logo
Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгох асуудлыг Байнгын хороо дэмжлээ

Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгох асуудлыг Байнгын хороо дэмжлээ

2012/05/23
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцлөө.
Уг асуудлын талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-ИНТЕРПОЛ, Европын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар нь Авлигын эсрэг олон улсын академийг байгуулахаар идэвхтэй хамтран ажилласны үр дүнд 2012 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус академийг албан ёсоор нээжээ. Одоогийн байдлаар нийт 53 улс тус академид олон улсын байгууллагын статус олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж тэдгээрээс 29 улс нэгдэн ороод байгаа төдийгүй Базелийн засгийн институт, Авлигатай тэмцэх байгууллагын олон улсын холбоо зэрэг олон улсын байгууллага болон Австри, ОХУ, Малайз зэрэг улсын Засгийн газрын холбогдох байгууллага тус академитай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна.
Вена хотоос 15 км зайд орших Лаксенбург хотод төвтэй тус академи нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид заасны дагуу соёл, шинжлэх ухааныг өөртөө багтаасан нэгдмэл хандлагад суурилан авлигын эсрэг боловсрол, сургалт, судалгаа, харилцаа хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх үндсэн зорилготой ажээ.
Тус академи нь 2010 оноос эхлэн авлигын эсрэг богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2011 оны зунаас эрдмийн зэрэг олгох хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлжээ.
Манай улсын хувьд тус академид олон улсын статус олгох тухай хэлэлцээрт нэгдэж, цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсонооор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, техникийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах боломж нээгдэж, авлигатай тэмцэх ажлын үр дүн, үр өгөөж сайжрах болно гэж үзэж байгаа хэмээн тэрбээр мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, арваад жилийн өмнө гэхэд томчууд нь авлига авах ёстой, жижгүүд нь өгөх ёстой юм шиг болчихсон байж. Харин сүүлийн үед авлигатай тэмцэх ажил эрчимжин авлигачид айж эхэллээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхэллээ гэсэн мэдээлэл гараад байх боллоо. Авлигатай дээр дооргүй шийдвэртэй тэмцэх нь чухал. Манай улс хэлэлцээрт нэгдэн, дээр үйл ажиллагааг дэмжиж байгаа бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй гэлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг асуудлыг дэмжсэн бөгөөд "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш