Бид бүхэн нөхрөөсөө сална гэж гэрээсээ оргосныхноо төлөө Афганы Талибан нөхөртөө хамар, чихээ тасдуулсан 19 настай Аиша охины талаар мэдээлж байсан. Аиша охин эрэмдэг болсон нүүртэйгээрээ Тайм сэтгүүлд гарснаас хойш олон улсын анхаарлын төвд орсон. Аиша Мохаммадзай Афганистаны өмнөд хэсгийн жижигхэн тосгонд төрсөн. Бага насандаа хүчээр нөхөртэйгээ гэрлэсэн. Түүний нөхөр болон нөхрийнх нь гэр бүлийн хүмүүс түүнийг байнга дарамталж зоддог байсан учир Аиша зодуурыг тэвчихээ больж гэрээсээ зугтаасан юм. Гэсэн ч удалгүй баригдаж 1 сар торны цаана суусан. Түүний хадам эцэг шоронгоос сулласан. Дараа нь түүний Талибан нөхөр нь гэрээсээ оргосон гэж түүнийг шийтгэн хамар болон чихийг нь тайрчээ. Эрэмдэг болсон нүүртэй энэ муу хаа холддог юм гэж нөхөр нь тухайн үед боджээ. Гэсэн ч түүнд гадны сайн санаат хүмүүстэй танилцаж, өөрөөр амьдрах боломж олдсон юм. Түүнийг хорогдох байранд байхад нь сайн санаат хүмүүс туслахаар шийджээ. Аишаг Тайм сэтгүүлд гарсны дараа сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгаж АНУ-д аваачин эд эрхтэн нөхөн сэргээх мэс засалд оруулахаар болсон байна. Одоо тэрээр АНУ-д Афган айлд амьдарч байна. Түүний ярьж байгаагаар тэрээр амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөөгөө тэнд л мэдэрч,сурч боловсорч хүний нийгэмд хүн шиг амьдарч байгаа юм байна. Тэрээр цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй гэнэ. Учир нь Аишаг Афганистанд байхад цагдаа хүчнийхэн тусалж байсан. Мөн цагдаа болбол шударга бус зүйлтэй тэмцэж эр нөхрийнхөө гарт зовж байгаа олон мянган эмэгтэйчүүдэд туслах хүсэлтэй гэнэ. Тэрээр 2011 онд Афган гаралтай сайн санаат хүмүүсийн гэрт амьдрах болжээ. Аиша анх ирээд түүнийг араас нь хэн нэгэн мөшгиж, хөөж байна, алах гэж байна гэж зүүдлэдэг байжээ. Түүний сэтгэлд суусан сэв одоог болтол гараагүй ч аажмаар дээрдэж байна. Тэрээр англи хэлний сургалтанд сууж хэлээ сайжруулж байна. Түүний амьдарч байгаа айлын хүмүүс Аишад яг л эцэг эх шиг нь ханддаг байна. Мэс заслын эмч нар түүнд шинэ хамар болон чих нөхөн сэргээж хийхээр зэхэж байгаа. Мэдээж энэ нь амаргүй ажил тул доод тал нь 2 жилийн хугацаа хэрэгтэй. Тэрээр удахгүй гоё хамар, чихтэй болно гэдэгтэй найдаж амьдарч байна.
Shuum.mn
Shuum.mn