logo
Юун гуя, динозаврыг Энхбаяр 2005 онд гаргаагүй...

Юун гуя, динозаврыг Энхбаяр 2005 онд гаргаагүй...

2012/05/23
Манай улс төр ч ид сонирхолтой дээрээ явж байна даа. Адал явдалт киноны үйл явдал ар араасаа өрнөдөг шиг л. Гол дүр нь манай экс ерөнхийлөгч Энхбаяр юм байна. Кино найруулагчид эхлээд гол дүрээ өрөвдөлтэй хүн болгох гэж чармайв. Ингэхдээ гэргий нь Их Британи руу мундаг захиа бичиж, эксийг “хоригдлууд дунд нүцгэн алхуулсан, үзэшгүй муухайгаар, хүн бусаар тарчлаасан...” гэх мэтчилэн нүдэнд үзэгдтэл дүрсэлжээ. Гэтэл нэг бичлэг гараад ирсэн, өнөө хүн бусаар доромжлуулж, хоригдлууд дунд нүцгэн чичрээд сууж байгаа хүн чинь орон дэр хэвтчихсэн, өөрөө хүн дарамталчихсан, “Зайл чи, гар чи, пиз...” гэчихсэн байж байдаг байгаа. Эмгэнэлт биш боевик киноны гол дүр болоод явчихаа гэж.

Бичлэг юм чинь худлаа гэж болдоггүй. Яах вэ, юм бодох хэрэгтэй. Гол дүрээ эрт үхүүлчихдэг кино байхгүй л дээ. Эхлээд энэ бол эвлүүлэг байна гэж хэсэг үзэв. Яах аргагүй эвлүүлэг биш, жинхэнэ бичлэг болоод явчихлаа шүү.

Тэгсэн нэг мундаг эмч гараад ирлээ. Түүний батлан өгүүлж байгаагаар экс маань цитоблазм, ядро, натробромат бас бусад шинжлэх ухааны айхтар нарийн үндэстэй нэр томьёонуудын дутагдал, самууралд ороод салаавчаа гаргаж байхдаа өөрөө ч мэдээгүй ажээ. Өглөө хоол идээгүй хүн орой ууртай болдог, өлсгөлөн зарласан хүн салаавчаа мэдэлгүй гаргадаг юм гэж эмнэлзүйн үүднээс батлан өгүүлж байна.

Эхнэрийг бас өмөөрөх хэрэгтэй болсон, өлсгөлөн зарлаагүй, зүгээр байсан хүн ямар цитоблазм дутагдаа аж, лав л ухаан нь самуураад захиа бичсэн болж болдоггүй, тэгэхээр нь “эр нөхрөө хайрлахдаа юу ч хийхээс буцахгүй, жинхэнэ монгол эмэгтэй” хэмээн бүр магтаалд умбуулав.

Хүү харин аавтай минь уулзуулсангүй гэж худлаа хэлэхдээ цаанаас бичиж өгсөн юм уншиж байна. Үнэндээ уншиж байгаагаа ч сайн ойлгохгүй байгаа бололтой. Аав минь амь насаараа “ДЭНЖИН” тавьж хэмээх нь ДЭНЧИН гэж байгаа бололтой. Намайг аавтай минь УУЛЗАЖ өгөөч хэмээх нь УУЛЗУУЛЖ гэж байгаа бололой, хэлмэрч хэрэгтэй хүүхэд шиг санагдсан.

“Би аавдаа гомдож байна. Яагаад ээж бид хоёрын төлөө юу ч хийсэнгүй вэ?” гэх нь ёстой нэг эцгийн санаа үрд, үрийн санаа... гэдэг шиг сонсогдов. Учир нь хөрхий муу аав нь яагаад ингэхэд шоронд орох дээрээ тулаад байгаа билээ? Тэрбумаар үнэлэгдэх обьектийг чамд үнэгүй авч өгөө биз дээ? Хар дун гэж компани байгуулж өглөө, тэрнээсээ долоохон хоногийн дараа чамд зориулж байгуулсан тэр компанидаа бүтэн кинотеатр, зочид буудал хусаж өглөө. Хамаг учир мэдэх, чамтай булаацалдаж мэдэх улсыг гадаад руу гаргаж өглөө. Тэгтэл чи “аав минь яагаад намайг бодсонгүй вэ” гээд уйлж байдаг.

Индүү залгахаар Энхбаяр ярьж байх вий гэдэг чинь одоо бүр яг бодит байдал болж эхэллээ. АНУ-д Монголын үлэг гүрвэлийг 1 сая долларар зарчихлаа. Монголчууд өөрсдөө ч мэдээгүй байсан чинь нэг америк палентологич судалж үзээд яах аргагүй Монголынх байна гэж тогтонгуутаа манай засагт “матаж” л дээ. Элбэг ерөнхийлөгч ч цаг алдалгүй шүүх цагдаа болсон, хүн бүр л хөөрхий харьд гарсан үлэг гүрвэл минь гээд санаашран суугаа.

Тэгсэн “юун гуя” гэдэг шиг бас Энхбаяртай холбоод эхэллээ. Гэхдээ тэдний өөрсдийн талынх нь хүмүүс шүү. Эрс шинэчлэл хөдөлгөөний зохицуулагч Д.Энхбат гэж нөхөр өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэг л өдөр үлэг гүрвэлийн ясанд хайртай болчихно гэхэд итгэхгүй байна. Үлэг гүрвэлийн яс ч байна уу, өндөг ч байна уу, цаг үеийн нөхцөл байдалтай холбоод үзэхэд энэ шуугиан бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг яллахтай шууд холбоотой. Энэ ясыг 2005 онд Лондон руу гаргасан байна. Тэгэхээр Энхбаяртай холбох гэж байна” хэмээн үлэг гүрвэлээ аврах гэсэн хөдөлгөөнийг эсэргүүцсэн байх юм. Эсэргүүцэх эсэргүүцэхдээ бүр та бидний огт мэдээгүй байсан “2005 онд гадагш нь гаргаж” гэх мэт нарийн тодорхой мэдээллийг хэлж байгаа нь “юун гуя”-ын үлгэр яг мөн дөө.
Одоо ер нь ямар нэг хууль бус, шударга бус зүйлийг шүүмжлэхээс ч хүмүүс айдаг болж байна шүү. Гай болоод тэр нь Энхбаярын хийсэн хэрэг байж таарвал “Аа чи, улс төрийн захиалгаар Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж ингэж байна уу” гээд л нөгөө жинхэнэ хэрэг будаа...

Уг нь танай Баяраа өөрөө уначихсан юм билээ шд гэдэг чинь ямар кино билээ?

У. Ганбаатар (Чикаго) 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш