logo
Сумочдоо монголчууд халуун дотноор угтлаа

Сумочдоо монголчууд халуун дотноор угтлаа

2012/05/24
Их аварга Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын сумочид тавдугаар сарын 22-ны 18 цаг өнгөрч байхад Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тэд "Их Монголын алтан одод-2" сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолтод оролцох юм.
Харин Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар өнөөдөр буюу энэ сарын 23-нд Улаанбаатарт ирнэ. Эх орондоо буяны үйлсэд зориулсан нөхөрсөг тэмцээнд оролцохоор ирж байгаа сумочдоо даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр нарын арслангууд тоссон байна. Бөхчүүд онгоцноос буусан даруйдаа "Чингис хаан" нисэх буудлын "VIP" өрөөнд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тавдугаар сарын 23-нд буюу өнөөдөр "Бөхийн өргөө" -нд болохоор товлоод байсан "Их Монголын алтан одод-2" сагсан бөмбөгийн шоу тоглолт нийслэлд ирэх сумочдын онгоцны нислэг цаг агаарын улмаас саатан хойшилж, 24-ний пүрэв гаригийн 18.00 цагт эхлэхээр болсон юм. "Хакухо" сан," TLG-13", "Мон лаа" компани, "Амжилтын төлөө хамтдаа" ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Тоглолтын орлогыг буяны үйлсэд 100 хувь зориулна. Тухайлбал, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах, 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулахаар төлөвлөжээ.
"Их Монголын алтан одод-2" сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтын баатрууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр болох бусад сонирхолтой тэмцээнд мөн өрсөлдөх юм байна. Үзэгчдийн дундах тэмцээнийг ч бас зохион байгуулагчид мартаагүй байгаа. Хэрэв таны аз таарвал үзэгчдийн тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой юм.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй сумочид өрсөлдөнө. Харин үндэсний бөхчүүдийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Мөн урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжих юм.
"Их Монголын алтан одод-2" сагсан бөмбөгийн шоу тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр "Монгол масс медиа" групп буюу "Боловсрол суваг" телевиз, NEWS.mn сайт, "Eagle News" TV болон " Sport box" зэрэг мэдээллийн сувгууд ажиллана.
Д.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш