logo
АPPLE хамгийн үнэтэй брэнд

АPPLE хамгийн үнэтэй брэнд

2012/05/24
Америкийн "Эппл" компани олон улсын "Миллуорд Браун" компаниас жил бүр гаргадаг дэлхийн зах зээл дэх хамгийн үнэтэй худалдааны 100 тэмдгийн жагсаалтыг дахин тэргүүллээ.
Хэдийгээр өнгөрсөн жил үүсгэн байгуулагч нь болох Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч "Эппл" корпораци дээрх жагсаалтад тэргүүлэх байр сууриа хадгалж чаджээ. Шинжээчдийн тооцоолсноор, өнгөрсөн жилийн хугацаанд тус компанийн брэндийн үнэ цэнэ 19 хувиар өсч, 182,95 тэрбум доллароор үнэлэгдсэн нь зах зээл дэх хөрөнгийнх нь 37 хувийг бүрдүүлж байгаа ажээ.
"Миллуорд Браун" компанийн жагсаалтын эхний аравт брэнд нь 10-рт бичигдсэн Хятадын үүрэн харилцааны "Чайна мобайл" компанийг /47,041 тэрбум доллар/ эс тооцвол Америкийн корпорациудын брендүүд орсон байна.
Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтын хоёрдугаарт, зөвлөгөө өгөгч "Ай-би-эм" компани /115,985 тэрбум доллар/ оржээ. Тус компани энэ жил "Гүүгл"-ийг /107,857 тэрбум доллар/ гуравдугаар байр руу шахсан байна. 5-рт программ хангамжийн "Майкрософт" /76,651 тэрбум доллар/ компани орсон бол 8-д, харилцаа холбооны "Эй-ти энд ти" /68,870 тэрбум доллар/, 9-рт үүрэн телефоны оператор "Верайзон" /49,151 тэрбум доллар/ бичигджээ.
Жагсааалтын эхний 10 байрны 7-г нь өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд эзэлсэн байна. Дараагийн гурван байрыг түргэн хоолны сүлжээ компани болох "Макдоналдс" /дөрөвдүгээрт - 95,188 тэрбум доллар/, "Кока-Кола" /зургадугаарт - 74,286 тэрбум доллар/ болон тамхи үйлдвэрлэгч "Мальборо" /73,612 тэрбум доллар/ компанийн брэндүүд эзэлжээ.
Харин "Фэйсбүүк" компанийн брэндийн үнэ хамгийн хурдан өссөн бөгөөд тус компани энэ жилийн жагсаалтад 19 дүгээрт орж брэнд нь 33,233 тэрбум доллароор үнэлэгдэв.
Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтын эхний 100-д Оросын хоёр компани багтсан нь жагсаалтын 74 дүгээрт орсон "Сбербанк" банк /10,649 тэрбум доллар/, 85 дугаарт бичигдсэн үүрэн телефоны "МТС" компани /9,553 тэрбум доллар/ юм.
"Миллуорд Браун" компани брэндийн өртгийг тооцоолохдоо компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна тухайн брэнд хэрэглэгчдэд хэр нэр хүндтэй байгааг харгалзан үздэг байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш