logo
Өнөөдөр “хүнд” өдөр

Өнөөдөр “хүнд” өдөр

2012/05/24
Уг нь өнөөдөр билгийн тооллын шинийн гурван, балжиннямтай, маш сайн өдөр юм байна. Гэхдээ улс төрийн хүрээнийхэнд эцсийн шийд хүлээсэн, түгшүүр тээсэн хүнд өдөр байж болзошгүй. Хааяа нэг ийм өдөр байдаг даа. Удтал хүлээсэн, яг хүрээд ирэхээрээ амьсгаа давчдаж, зүрх дэлсээд цаанаа л нэг ёозгүй.

МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр болно. Нэр дэвшигчид, тойрог горилогчид хайнаа хагалах энэ өдрийг тэсэн ядан хүлээж байв. Тэдний зарим нь тойрогоо эргэх байтугай хаана “хуваарилагдсан”, ерөөсөө энэ сонгуульд нэр дэвшигчээр, зөвхөн сонгогчоор оролцохын аль нь болохыг ч мэдэхгүй байгаа аж. Лав л өчигдрийн байдлаар тус намын цөөнгүй гишүүн “Нам намайг мэднэ. Маргааш шийднэ” хэмээн ярьж сууна билээ. Тэгэхээр өнөөдрийн хурлууд замыг нь зааж, заримыг нь уйлуулаад, дуулуулаад гаргах биз.

Түүнчлэн өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болно. Энэ хурлын дараа ирэх сонгуульд оролцох эсэхээ ч мөн шийдэх учиртай. Түүнийг дэмжигчид намын даргаа улсын төдийгүй дэлхийн хэмжээний лидер гэж үзэж байгаа ч амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйд санаа зовнисоор байна. Харин өрсөлдөгчдийнх нь хувьд “Н.Энхбаярын карьер энэ хүрээд өндөрлөв” гэсэн дүгнэлтэд сэм хүрээд байгаагаа нуухгүй байгаа билээ.

Хэзээ нэгэн цагт Монголын хамгийн ууган нам, монгол төрийн хамгийн их эрх мэдлийг эзэгнэгч Н.Энхбаяр нарыг ийнхүү тэнгэр газрын туйл руугаа алсрах, тэр ч байтугай эсрэгцэх юм гэдгийг хэн төсөөлөх билээ. Гэвч хувь тавилангийн эргүүлэг энэ цаг хугацаанд тэднийг дэнсэлж, тэр ч байтугай нэгэн өдөр ирээдүйг нь шийдэхээр гашуун шоглоомоор ээрч буй нь сонирхолтой. Энэ өдрийг давчихвал бүх зүйл сайн сайхан болох ч юм шиг. Эсвээс бүх зүйл зөвхөн энэ цэгээс ч эхлэх мэт. Ямартай ч өнөөдөр хүнд өдөр болох нь.

У.Оргилмаа 
Эх сурвалж: Улстөрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш