logo
Тунисын Ерөнхийлөгч асныг цаазаар авахыг шаардав

Тунисын Ерөнхийлөгч асныг цаазаар авахыг шаардав

2012/05/25
Тунис улсын цэргийн шүүх Ерөнхийлөгч асан Зин аль-Абидин бен Алид цаазаар авах ял оноохыг шаарджээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 14-нд Саудын Арави руу зугтан гарсан Зин аль-Абидин бен Али болон түүний хамсаатан болох 22 хүнийг өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 22 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Өмнө нь бен Алид улсын хөрөнгө шамшигдуулсан, хууль бусаар мансууруулах бодис болон зэвсэг хадгалсан хэргээр 66 жил хорих эчнээ ял оноожээ.
2010 оны арванхоёрдугаар сард бен Алид дургүйцсэн ард олны бослого хөдөлгөөн Тунист дэгдсэн нь түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сард огцроход хүргэсэн юм. Өнгөрсөн онд тус улсад дэгдсэн "Мэлрэг цэцгийн хувьсгал"-ын хоёр дахь давалгаа нь Ойрхи Дорнод болон Хойд Африкт өрнөсөн "Арабын хаврын"-ын эхлэлийг тавьсан билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш