logo
Ойд /Хошин өгүүллэг/

Ойд /Хошин өгүүллэг/

2012/05/26
Хуушуурны халиар түүхээр ой руу яваад тэвэрч хүрэмгүй бүдүүн хар модонд даруулсан хүнтэй тааралдав. Яагаад энэ нөхөр модонд дарагдчихваа гэж бодохын завдал өгөлгүй нөгөө хүн өрөвдөлтэй дуугаар “Амь авраач” гэж хоолойгоо шахан хашгирлаа. Нэг бодлын эзэнгүй ойд модонд дарагдсанаараа тэр хүн азгүй, нэг бодлын надтай тааралдсанаараа азтай хүн. Харин түүнийг улам “аз”-тай болгохын тулд би түүний цээжин дээр нь даран унасан бахим хар модыг зайлуулах ёстой болов.

Одоохондоо тэр хүн цээжээр нь дарсан модон дороос босч үл чадан, тэнгэр харан чарлах нь хөөрхийлөлттэй харагдана. Эргэн тойрон сүхээр цавчиж унагаасан хар моднууд хэвтэнэ. Энэ бол энэ нөхрийн “бүтээл” гэдэг нь илт. Түүнд туслахаар арав гаруй алд хар модны бүдүүн үзүүрийг өргөн холдуулах гэж хэрдээ их л чармайсан боловч өчүүхэн ч хөдөлгөж чадсангүй. Харин “хонгилын үзүүрт бяцхан гэрэл” харсан нөгөө хүн миний хүч чадлыг “ Өвс идэж, ус уусан амьтан бэ чи. Олигтойхон өргөөч. Чам шиг залуу байхдаа би трактор түлээний мод ганцаараа ачдаг байсан” гэж загналаа. Үхэж хэвтэж, хүн загнаад гээд надаас өөр амьтан бол ор тас орхиод явах байсан биз. Зөрүүд гайхал чинь яахав дээ, тэгж хэлэнгүүт гэдэн хөдлөөд тас зөрөхгүй хаачихав.

Нэг хоёрын гурваа гээд хүчтэй угзран сөгсхийтэл өргөж, гэдсэн дээрээ аваачсан боловч наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихлаа. Тэгтэл модонд даруулсан нөхөр “ Чи ч харваас эр хүний шинжгүй мануухай шив дээ. Би чам шиг байхдаа вагон түлээ ганцаараа ачдаг байлаа. Яасан хийморь нь үхсэн хүний оронцог вэ?” гэхэд нь хор хөдөлж, хамаг бие чичрээд ирлээ. Уртаар хэд амьсгаа аваад хүчлэн таттал нөгөө эр сугаран гарч, хажуу тийшээ зайлав. Харин би нөгөө модоо тэврээд өөрөөсөө зайлуулж хаяж чадалгүй хожуул дээр бөгсөөрөө суулаа.

Модон дороос амь гарсан эр босч хувцас хунараа янзалж байснаа гэнэт уулын уруу унасан сагсгар мөчиртэй модны үзүүр хэсэг рүү тонгойн нэг юм хайгаад алга болсноо хэдэн мөчийн дараа хусан иштэй балт сүх барьчихсан хараал тавин өөдөө мацан гарч ирснээ гэнэт намайг харсан юм шиг “Хөөе чи энд юу хийгээд суугаад байгаа юм бэ? Наад модтойгоо наалдчихсан уу?” гэж даапааллаа. Надад хэлэх үг олдсонгүй. Гар бадайрч, цээж задрах гэж байгаа мэт түхэлзэх тул тэсэхгүй, “Амь авраарай. Алдвал би хөл дээрээ унагаах юм байна” гэж дорой дуугаар гуйлаа. Жаахан удвал тэвэрсэн модоо өвдөг дээрээ унагааж, тахир дутуугийн тэргэнцэртэн болох, цаашилбал амь насаа алдах аюул нүдэнд минь өнгөтөөр харагдаж байлаа. Миний хэлсэнийг тэр нохой хуцахаас дор бодож байх шиг байв. Миний дэргэд аахилан ирсэнээ “Түлээний мод цавчиж байгаад хальтирч унаад модонд дарагдаж хичнээн хэвтэв ээ би. Чи тэгэхэд хурдан ирээд туслаад өгчихгүй ой дотор бугын эвэр хайгаад тэнэж явсан биз дээ” гэж нилээн шазууртай хэлэв.

“Үгүй ах аа, би халиар хайгаад явж байсан. Тэгээд нэг хүн дуудаад байх шиг болохоор нь хүрээд иртэл та модонд дарагдаад хэвтэж байсан...” “Битгий худлаа хэлээрэй. Би биш чи харин мод тэврээд босож чадахгүй сууж байгаа юм бишүү?” “Эхлээд та... дараа нь би ийм болчихлоо шүү дээ” “Муу бацаан том дуугараад байна уу? Будааны савыг чинь бяцлаад хаях уу, үгүй юү гэдэг одоохондоо миний гарт байна. Чи Ногоон намын бууны нохой юу? Юу хийж энд шиншилж яваа юм бэ? Алив, тамхи байна уу?” гэж нөгөө эр манийгаа “сэгсрэх” маягийн болоод явчихав. “Байгаа” “Хаана?” Хүрэмний доод халаасанд” “Баруун уу зүүн үү?” “Баруун”... “Галаа өг” “За” “Гал чинь хаана байна?” ” Энгэрийн халаасанд” Сайхь эр хайрцагтай янжуурыг минь авч асаагаад шуналтай хэд соров.

Тэгсэнээ над руу тамхиа зааж “ Татах уу?” гэж байна. Юун тамхи татах? Юу юугүй шөрмөс минь татаж, модны хүнд ёзоорыг хөл дээрээ алдаж унагаад зүйл дуусахад ойртож байлаа. Тэгтэл нөгөө солиот тамхины утаагаа нүүр рүү минь үлээсэнээ дооглонгуй шинжтэй “ Хармаанд чинь юу байна?” гэж асуулаа. “Хэтэвчтэй мөнгө, гар утас бий” Тэгж хэлэнгүүт өнөө мэдрэл шар шувуу шиг нүдээ дүрлийлгэн “ Хир мөнгө байна. Зуслан руу бензин авахаар явсан чам шиг нэг бүтэлгүй юм машинтайгаа алга болчихлоо. Түрүүн л явсан. Новш чинь найрка олж ирнэ гээд байдаггүй шүү. Тэр хооронд нь модонд даруулж золтой л хойдохоо уншуулчихсангүй. Харин салгалсан тэнэг чи тааралдаж аминд ордог байна шүү” гэж тачигнатал инээлээ.

Инээж инээж ихэд бахдалтай мөрийг минь алгадаж, “Гар утас чинь үнэтэй утас уу? Хэтэвчинд чинь овоо юм байгаа юү?” гээд хүрэмний минь товчийг тайлахаар ойртоход нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэж түрүүнээс хойш тэсвэрээ барсан би тэвэрч байсан модоо түүн рүү шидчихлээ. Уруу газар зогсож байсан нөгөө “дээрэмчин” бултах сөгөөгүй тэвэр дүүрэн хар модыг сандарсандаа тэвэрч аваад өвдөгөөрөө доошоо сууж, өөр дээрээ гаргачихав. Нүд ирмэхийн зуур тэр бид хоёрын байдал солигдов. Давуу байдал надад дахин ирлээ. Хожуул дээрээс үсрэн боссон би мод тэврэн муухай царайлан хэвтэх түүний халааснаас “олзлогдсон” тамхиа сугалан авч асаагуураа хайтал нөгөө мангар “Залуу чи бяртай юм аа. Чи муу санах хэрэггүй. Ах нь чамаар тоглосон юм шүү дээ. Ахдаа туслаач. Гал чинь гутлын түрийнд байгаа ” гэж аргадангүй дуугаар хэлэв.

Би түүнтэй ярих ч хүсэл байсангүй. Харин нөгөөх чинь гуйсаар... Сүүлдээ загнах янзтай “ Новш минь чи хууль мэднэ биз. Осол гэмтэлд орсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй бол?...” гэж “мөөр”-сөөр... Алсад чоно улих сонсогдоно. Амиа бодохгүй бол хэрэг бишдэх нь ээ. Хөлөөс минь хоёр алхмын зайд хулгайн түлээчний сүх хэвтэж байгаа харагдав. Энэ миний аминд орох юм бол уу?... Харин энэ сүүлгүй чоныг яах вэ? Нөгөө чононы дуу улам ойртоод байх шиг... Өндөр модон дээр авирч гарсаныхаа дараа утсаар тусламж дуудах уу?... Тэр намайг бүдүүлэг үгээрээ харааж загнасаар л... “Чи намайг энэ дороос гаргах уу үгүй юү? Хэрэв би энэ дороос гардаг юм бол чамтай хатуу тооцоо бодноо. Муу шаар минь чи явах нь уу? Намайг хаяад явах гэж байгаа юм биз дээ. Дараа нь чи харамснаа новш минь. Муусайн гөлөгнүүд дандаа ингэж гөлөг царайлдаг байхгүй юү. Чи хэнийг гомдоосоноо дараа мэднээ. Би энэ ойн амандаа ганц овгор нь байсан. Байсаар ч байх болно. Хараарай чи.”

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш