logo
Хятадын идэвхтэн Чен Гуанчен ярилцлага өгсөн байна

Хятадын идэвхтэн Чен Гуанчен ярилцлага өгсөн байна

2012/05/26
Хятадын хараагүй тэрс үзэлтэн Чен Гуанчен Америкт хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Тэрээр өөртэй нь болон дэмжигчидтэй нь зүй бус харьцаж, хүч хэрэглэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Хятадын удирдлагууддаaуриалжээ. Чений хувьд энэ нь дундад улс хуулиа хэр дээдэлдгийг харуулах юм байна.
Тэрээр ярихдаа "Би тухайн үед энэ талаар тодорхой ярьсан, надад болон миний гэр бүлд хохирол учруулсан, энэ хэрэгт ямар ч өндөр албан тушаалтай хүн оролцсон бай, хэдэн ч хүн оролцсон бай тэдгээр хүмүүсийг нарийн мөрдөн шалгаж, зохих ялыг оноох ёстой, учир нь тэд Хятадын хуулийг зөрчсөн, тэд хариуцлагаа хүлээх ёстой, би энэ шаардлагаа тавьсны дараа энэ шаардлагыг биелүүлнэ гэж засгийн газар амласан, одоо бид өгсөн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна" гэжээ.
Чен түүнчлэн Хятадад байгаа төрөл төрөгсдөд нь ямар асуудал тулгарч байгаа талаар ярьсан байна. Цагдаа нар түүний хамаатныг баривчилж, аллага үйлдэхээр завдсан хэргээр буруутгажээ. Хэдэн өдрийн өмнө Чений ах хүүг нь төлөөлөх өмгөөлөгч олох зорилгоор гэрийн хорионоос оргосон байна.
Чен тайлбарлахдаа "Манай ах гэрийн хорионоос оргож Бээжинд ирсэн, өмгөөлөгч хайж байгаа, энэ бол байдаг л зүйл, Хятадын иргэний үндсэн эрх, улс төрийн хүрээний хууль зөрчдөг албан тушаалтнууд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын хуулийн тогтолцоонд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хүчингүй болгосон" гэжээ.
Америкийн албаны хүмүүс Хятадад байгаа Чений төрөл төрөгсөд ямар нөхцөлд амьдарч байгааг сайтар ажиглаж байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Америкт ирсэн Чен Нью-Йоркийн их сургуульд суралцаар бэлтгэж байгаа юм. Гэхдээ тэрээр Америкт хэр удах нь тодорхойгүй байна.
Чен хэлэхдээ "Би одоо Англи хэл сурж байна, бэлтгэл хийж байна, гэхдээ би энд хэр удах нь тодорхойгүй байгаа, гэхдээ би өөдрөг бодолтой байна, миний эргэн тойронд байгаа хүмүүсийн сайхан сэтгэлийг мэдэрсэн, би ирээдүйдээ бүрэн итгэлтэй байна, юу ч тохиолдсон ирээдүйдээ санаа зовохгүй байна" гэжээ.
Мөн тэрээр Хятадаас дүрвээгүй, хэзээ нэг өдөр эх орондоо буцна гэж найдаж байгаагаа хэлсэн байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш