logo
Нэр дэвшигч ямар эрх, үүрэгтэй вэ

Нэр дэвшигч ямар эрх, үүрэгтэй вэ

2012/05/28
Энэ долоо хоногт улстөрийн амьдрал намуудын нэр дэвшигчдээр “амьсгалж” байна. Хэн хаана нэр дэвшив, хэн нь тойроггүй үлдэв, аль тойрогт өрсөлдөөн илүү байх вэ гэхчилэн үйл явдлын өрнөлийг ажиглагчид өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна.
Аливаа сонгуулийн амин сүнс нь нэр дэвшигчид болохоор нэр дэвшүүлэх ажиллагааг сонгуулийн хамгийн “халуун” цаг үе гэж нэрлэж болно. Нэр дэвшигчдийг тойрсон олон таамаглал, маргаанд маргааш цэг тавина. Энэ утгаараа 2012 оны сонгуульд оролцох 11 нам, хоёр эвсэл зорьсон үйлсийнхээ тал хувийг нугалж байна гэсэн үг. Гэвч санаа амар суух боломжгүй. Сурталчилгаа хэмээх сонгуулийн оргил үе, нүсэр ажил эхэлнэ.
Ямар ч гэсэн нэр дэвшигчид гарааны зурхайгаас эргэж, улстөрийн намууд сурталчилгаандаа хүч хаяхад бэлэн болжээ. Намаасаа нэр дэвших эрх өвөртөлсөн хүмүүсийн хувьд банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өргүй болохыг УДШ-ээр баталгаажуулж, ял шийтгүүлж байгаагүйг ЦЕГ-аар нотлуулсны дараа жинхэнэ ёсоор нэр дэвших эрхээ эдэлнэ.
Өөрөөр хэлбэл, ирэх сарын 6-нд СЕХ-ноос үнэмлэх гардаж авснаар албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэх юм. Нам болгон тойрогт 48, намын жагсаалтаар 28 хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Нэг нам мандат болгонд нэр дэвшүүлнэ гэвэл дор хаяж 500 орчим хүн сонгуульд өрсөлдөж нэр дэвшигчдийн тоогоор жин дарсан сонгууль болох төлөв бий. Нөгөө талаар өнгөрөгч сонгуулиудыг бодвол энэ удаагийнх сурталчилгааны хоног харьцангуй цөөн.
Үндсэндээ улстөрийн намууд, нэр дэвшигчдэд 21 хоногийн хугацаа байна. Хуучных шиг аймаг, нийслэлийн төв гудамж, талбай нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар, ухуулах хуудсанд умбаж, сонгогчдыг чилээж залхаах нь гайгүй бололтой. Тиймдээ ч улстөрийн намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа ямар тактик, арга барил, шинэ санаагаар баяжуулахаас үр дүн нь ихээхэн хамаарах нь тодорхой юм.
Сонгуулийн өмнөх хуулийг бодвол шинэ хуульд нэр дэвшигчийн үйл ажиллагаа болон сурталчилгаанд нэлээд хязгаарлалт хийж өгсөн учраас сонгууль олон зүйлээр онцлог. Тухайлбал, нэр дэвшигч СЕХноос нэр дэвшиж болохыг баталгаажуулсан үнэмлэх гардсанаас хойш өөрөө нэр дэвшигчээс татгалзаж болохгүй. Нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдвол СЕХ нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах аж.
Нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгэгдсэн бол түүний оронд тухайн нам, эвсэл нөхөн нэр дэвшүүлж болно. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан тэр цагаас хойш хуульд заасан баталгааг эдлэх юм байна.
Түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно.
НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДАЛ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ
СЕХ сонгуулиас өмнө бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдээ нөхөн томилж, элэг бүтэн болсон. Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн бөгөөд зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ерөнхийд нь хангаад байгаа аж.
Саяхан УБЕГ, СЕХ-ны бэлтгэл ажилтай танилцаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгууль будилаангүй, шударга болно гэсэн итгэл үнэмшилтэй болсноо мэдэгдсэн. Төрийн тэргүүнд ийм итгэл төрсөн болохоор сонгууль будилаан, булхайтай болно гэж сөрөг хүчний намынхан дүгнэх нь өөрсдийгөө эвгүй байдалд оруулсантай адил юм.
Энэ удаагийн сонгууль 16.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Нам, эвслээс тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нь 9063.7 сая төгрөг. Харин тойрог бүрт нэг нэр дэвшигчийн зарцуулах зардал харилцан адилгүй байна. Энэ нь тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тооноос хамаарч байгаа.
Тухайлбал, гурван мандаттай Баянзүрх, Налайх дүүрэгт нэг нэр дэвшигч 1133.8 сая төгрөг зарцуулах эрхтэй бол Сонгинохайрхан дүүрэгт 998.2 сая төгрөгийн босго тавьжээ. Аймгуудаас хамгийн үнэтэй тойрог нь Хөвсгөл /324.8 сая/, хамгийн бага өртөгтэй нь нэг мандаттай Дундговь /154.8 сая/ байна. Орцны үүд, хашаа, шонгийн мод гэх мэт хаа таарсан газраа нэр дэвшигчийн зураг хөрөг, мөрийн хөтөлбөр наах нь хориотой. Тухайн сум, дүүргийн ИТХ-ын тогтоосон байршилд л сурталчилгааны самбар байрлах гэнэ.
Сурталчилгааны самбарын тоо байршлаас шалтгаалан янз бүр. Ийм самбарын тоог дүүрэгт 460, суманд 200 хүртэл байхаар тогтоосон. Жижиг самбар бол нэг тал нь таван, дунд зэргийн самбар нэг тал нь 30, том самбарынх нэг тал нь 120 ам метрээс ихгүй байна. Улстөрийн нам, нэр дэвшигчийг сурталчилсан материал ч мөн хязгаартай.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.4-т зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 20 хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, 10 хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудасны эрхтэй юм байна. Харин нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг 10 хэвлэлийн хуудаст багтаах үүрэг хүлээжээ. Нэг хэвлэлийн хуудас нь өдөр тутмын сонины хоёр нүүр л гэсэн үг.
Мөн зөвхөн олон нийтийн радио, телевизээр нэр дэвшигч сурталчилгаагаа тогтоосон хуваарь, цагийн дагуу төлбөргүй нэвтрүүлнэ. Бусад радио, телевизээр нэвтрүүлэх төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна.
САН ТАВИУЛАХ, ДАЛЛАГА АВАХУУЛАХ ХОРИОТОЙ
Улстөрийн нам, нэр дэвшигч мөнгөн амлалт, эд бараа тараахыг хуулиар хориглосон нь энэ сонгуулийн гол дэвшил юм. Хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх, янз бүрийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэсэн нь тогтоогдвол нэр дэвшигчийг жагсаалтаас хасах хангалттай үндэслэл болно.
Гадаад, дотоодод аялуулж, амралт сувилалд амраавал нэр дэвших эрхээ алдлаа л гэсэн үг. Түүнчлэн ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөхийг хуулиар хоригложээ. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, чанга яригчаар хашгирч болохгүй. Ялангуяа оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглавал нэр дэвшигчид сануулга өгөх нэг шалтгаан.
Сонгогчдын саналыг татах зорилгоор бусдаар дамжуулан хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогчид, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, тэтгэлэг олгох нь хуульд харш. Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь сонгогчдыг сүсэг бишрэлээр нь далимдуулж шашны зан үйлд хамруулахыг хориглосон заалт юм.
Хуулийн 35.20-т зааснаар нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих зэрэг үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзэх гэнэ.
Сонгуульд дахин нэр дэвшиж буй УИХ-ын өнөөгийн гишүүдэд ээлтэй нэг заалт бий. УИХ-ын гишүүн, бүх шатны ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь сурталчилгаанд тооцогдохгүй аж.
БЭЛЭН МӨНГӨ ТАРААСНЫГ БАРИМТААР НОТОЛБОЛ УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Сонгууль болгоноор маргаан үүсгэдэг нэг асуудал бол сонгогчдод бэлэн мөнгө тараасан гэгддэг ч нотлогддоггүй. Харин шинэ хуульд зааснаар нэр дэвшигч бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдэх үүрэгтэй.
Энэ нь үндэслэлтэй болох нь нотлогдсон тохиолдолд СЕХ тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм байна.
Гэхдээ бэлэн мөнгө, эд бараа тараасан хэмээн хуурамч мэдээлэл тараан нам, эвсэл, нэр дэвшигчийг гүтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн дээр дурдсан хориг заалтуудыг зөрчсөн нь УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол эрх бүхий байгууллагууд үнэмлэхийг нь хүчингүйд тооцох ажээ. Энэ мэтчилэн нэр дэвшигч, сонгогчдын хариуцлагыг сайжруулсан олон заалт хуульд тусгажээ.
Н.Цэцэрлэг
Эх сурвалж: Монголын үнэн 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш