logo
АН өвгөрснийг нэр дэвшигчид нь харууллаа

АН өвгөрснийг нэр дэвшигчид нь харууллаа

2012/05/29
АН хөгширчихжээ. МАН-ыг үүссэн он цагаар нь хэмжиж, настай намбатайгаар нь өөлөөд байсан нөгөө сүрхий залуу ардчилагчид маань өөрсдөө насны хувьд талийж өгсөн байна. Уг нь “сонгодог” утгаараа үүсэн байгуулагдаад ердөө 10 гаруйхан жил /2000 онд таван нам нэгдэж АН-ын үүсгэсэн/ болж байгаа насанд хүрээгүй нов ногоон улстөрийн хүчин шүү дээ. Гэтэл боловсон хүчний хувьд нөгөө л Р.Гончигдорж, Да.Ганболд, Н.Батбаяр, Ш.Түвдэндорж, З.Энхболд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Л.Гүндалай, Д.Ганхуяг зэрэг “өвгөн партизанууд”-аасаа өөр хүнгүй шахам болчихож. Сүүлийн 10 гаруй жил мөнгө барьж гүйсэн Б.Мөнхтуяа, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ, Л.Эрдэнэчимэг нарын сайн дурын уран сайханчид, бас Ж.Батзандан, Х.Тэмүүжин мэтийн шинэ цагийн “хувьсгалчдаар” багаа бүрдүүлжээ.

Залуу халуун, боловсрол мэдлэг өндөртэй, энэ хэрээрээ шинэ сэтгэлгээтэй залуусыг дэмжиж, УИХ-д оруулж ирэх бодлого энэ намд илт дутагдаж байгаа нь 2012 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийнх нь төлөв байдлаас тов тодорхой харагдлаа.Бусад оронд бол аль хэзээ үүргээ гүйцэтгэснээ эелдгээр илэрхийлээд улстөрөөс яваад өгсөн байх учиртай Э.Бат-Үүл нь хотын дарга болно гэдгээ ил шулуун зарлаад нийслэлийн парламентад өрсөлдөхөөр шийдээд байгааг нь бодохоор хэлэх үг алга. Жинхэнэ нигилист энэ хүнээс өөр хотыг аваад явчих хүн АН-д байхгүй болж таарлаа.
АН-ын хувьд цагаан морин жилийн америк маягийн, өнөө үеийн “ленинист” үнэр нэвт шингэсэн залуу “хувьсгалчдаасаа” чухам ямар шинэ өөрчлөлтийг хүсч хүлээж байгаа нь бүү мэд.
Нэр дэвшигчдээ танилцуулах сүрт арга хэмжээ зохион байгуулж, Р.Гончигдорж, Н.Батбаяр, З.Энхболд, Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганхуяг нарыгаа парламентад олон удаа сонгогдсон туршлагатай парламентч гэж цоллов. Хуучин хүмүүсээ дөвийлгөсөн их л танил иймэрхүү пи ар нь сонгогчдод харин шинэ содон сэтгэгдэл төрүүлэх нь эргэлзээтэй билээ.
Олон удаа сонгогдсоноороо бус хэр зэрэг үр бүтээлтэй ажиллаж чадсан гэдэг ганцхан үзүүлэлт л үүнд хариу өгөх биз ээ. Өөрөөр хэлбэл, улс орон, ард түмэнд хэрэгтэй хэдэн шинэ хууль баталж, ямар шинэ “нээлт” хийсэн бэ гэдгээр хэмжигдэнэ гэсэн үг. Энэ эрхмүүд өнгөрсөн жилүүдэд ямар гавьяа байгуулав? Тоймтой зүйл нэг л санаанд орж ирэхгүй л болов уу. Тэд сонгуулийн сурталчилгааны янз бүрийн технологи ашиглан УИХ-д орж ирсэн байж болно. Харин одоо бол хамгийн гол ньтөрийн мөнгийг цалин хангамж, лобби хэлбэрээр зүгээр идээд байх биш, асуудалд арай өөр сэтгэлгээгээр хандаж, огт өөр бодлого боловсруулах чадвартай тийм л боловсон хүчин төрд хэрэгтэй болсон гэсэн үг. Манай парламентын төлөвшил хангалтгүй байгаагийн буруутан нь нөгөө л улиг болтлоо нэр дэвшиж, буг болтлоо Төрийн ордонд хэвтдэг дээрх нэр бүхий хүмүүс гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Боломж олдвол Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэл дүүрэн өндөр боловсролтой, хүмүүжил ёс суртахууны хувьд ярилтгүй залууст АН яагаад нөү гэж хэлээд байна вэ? Парламентад байтугай энэ нам дотор шинэ агаар үнэхээр үгүйлэгдэж байгаагийн тод жишээ нь УИХ-д горилогсдоо шилж сонгохдоо ямар байр суурь баримтласнаас нь тодорхой харагдаж байгаа бус уу.
Харин МАН энэ удаагийн сонгуульд өөр сэтгэлгээгээр ханджээ. Нэр дэвшигчдийн нас хүйс, боловсрол, мэдлэгийг нэгдүгээрт харгалзаж үзэж, маш зоригтой шийдэлд хүрч чадсан байна.
Ямар ч байсан АН шиг сонгогчдод танигдсан гэдэг утгаараа суудал чирээд ирж магадгүй хэмээн хуучин лидерүүдээ дахин илгээхээс эрс татгалзаж, УИХ-д шинэ уур амьсгал оруулахаар шийджээ. Парламентын шинэ бүрэлдэхүүн шинэлэг багаар бүрдэж чадвал улс орны хөгжил огт өөр шатанд гарч ирнэ гэсэн үг.
МАН ийм л байр суурь, итгэл үнэмшлээр асуудалд ханджээ. Нэр дэвшигчдийнх нь 43.3 хувийг гадаадын нэр хүндтэй сургууль төгссөн хуульч, эдийн засагч мэргэжилтэй 35 хүртэлх насны чадварлаг залуус эзэлж байгаагийн цаад учир нь үүнд байгаа бололтой. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш