logo
Шүүх эрх мэдлийн өөдөөс салаавч үзүүлж байна

Шүүх эрх мэдлийн өөдөөс салаавч үзүүлж байна

2012/05/30

Шүүх хурлууд товлогдсон хугацаандаа хийгдэхээ болив. Ялангуяа нэр нөлөө бүхий нөхөд холбогдсон хэргийн шүүх хурап бол баталгаатай хойшилно. Бүр хэд хэдэн он дамнан сунжрах нь бараг ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Тэгж байгаад хуралддаг бол ч яая гэхэв. Хачирхалтай нь нөгөө сүр дуулиан болоод байсан хэрэг “өө, ийм шалихгүй хэрэг байсан юм уу" гэхээр даржин төгсөх, эсвэл бүр сураг тасран мартагдахыг яана. Хадгапамж банкны 14,5 тэрбум, хэд хэдэн чингэлэг спирт, кетчуп, Богд уулыг тэр чигт нь “худалдсан” хэргүүд, их өрийн дундаас зувчуулсан 50 сая ам.доллар, цагдаагийн хурандаа нар холбогдсон хэрэг гээд алийг тоолж барахав. Д.Төмөр- Очирыг хөнөөсөн хэрэг бараг л тийм хэрэг гарсан билүү гэхээр л алсарч, мэдэх хүн ч цөөрсөн байх. С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд ч тэр л жишгээр замхарч, шалгаж байсан хүмүүсээс эхлээд, хөнөөсөн нөхөд ч үндсэндээ тэтгэвэртээ суух нь суугаад талийх нь талийсан биз.

Тэр байтугай “долоон сарын нэгэн", бүр саяхны “Гурав дахь Ерөнхийлөгчийн хэрэг” ч тогтсон замаар орчихов бололтой. Өмнөх хэргүүд ихэнхдээ нотлох баримт хангалтгүй, нэмэж тодруулах зүйл гарсан гэдэг ч юм уу шалтгаанаар мөрдөн байцаалтад буцдаг, эсвэл цаг хожих зуурт Өршөөлийн хууль гардаг зэрэг бас ч гэж байж болох шалтгаан дурдагдсан байв. Харин одоо шүүх хурал хийх гэсэн өмгөөлөгч нь ирээгүй, өвдсөн гэдэг байснаа бүр давраад өмгөөлөгч нь өмгөөлөхөөсөө татгалзсан, яллагдагч өмгөөлөгчөөсөө татгалзсан, хавтаст хэрэгтэй өмгөөлөгч танилцаж амжаагүй, яллагдагч ч гэсэн уншиж барахгүй байгаа мэтийн түмэн зовлон тоочих болов. Дээр нь хэрэг тарьсан нөхөд яасан ч сул дорой биетэй, элдэв өвчин хуучинд баригдсан, амьтас байсан юм, шүүх хуралд оролцож чадахгүй үхчих гээд байх юм гэнэ. Тэгээд ийм том хэргүүдийг үйлдэж чадсан гэхэд эргэлзэхээр. Гол нь цагдаагийн дарга, төрийн тэргүүн зэрэг цаг наргүй том албыг хэрхэн хашиж байв аа гэхээр үлбэгэр сулбагар байх нь сонин. Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, АТГ-ын дарга асан Сангарагчаа гээд бүгд л сул биетнүүд шүү.

Ер нь төрийн өндөр албанд тохоон томилогдож буй хүмүүсийнхээ эрүүл мэндийг нэг шалгуур үзүүлэлт болгож баймаар ч юм шигээ. Тэгэхгүй бол том албанд очоод удаа ч үгүй л бие нь муудаж, архаг хууч нь сэргэн төрийн зардлаар гадаадад явж эмчлүүлэх гээд унах нь наад захын жишээ. Энэ ч яахав дараагийн асуудал гэж бодъё. Гол нь шүүх хурлаа хийж чадахаа больж байгааг юу гэхэв. Хуульчдын хэлэхээр бол манай УИХ-аар батлан гаргасан хуулиуд, тэр дотроо шүүх эрх мэдэлтэй холбоотой хуулиуд маш олон цоорхойтой учраас тэр гэнэ. Хүний эрхийг дээдэлж байгаа нь тэр гэж зөөлрүүлэх, бас хожим өөрсдөө ийм асуудалд унавал гэх алсын бодол ч тусдаг зэргээс болоод ингэж олон цоорсон бололтой юм. Хэрэг түвэг тарьсан ч гэсэн Монгол Улсын иргэн юм болохоор эрхийг нь хамгаалалгүй яахав. Тэглээ гээд цаад талд илүү олноороо, бүр улс нийтээрээ эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүсийн эрх ашгаас дээгүүр тавигдах нь гайхалтай. Өнөөдөр буй болсон сонин дүр зургаас харвал “Долоон сарын нэгэн”-ний болон “Гурав дахь Ерөнхийлөгчийн” хэргүүдийн шүүх хурал хэзээ ч хийгдэхгүй хойшилсоор хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болж мэдэх нь байна. Ийм байж болох уу. Ийм байдалд ортлоо доройтсоны уг шалтгаан нь УИХ /үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүд гэсэн үг байх/ маань хууль боловсруулах, хэлэлцэж батлах чадамжгүй байгаагийн илрэл гэвэл хэлсдэхгүй нь. Өөрөөр хэлбэл төрийн түшээдийн дотор, тэр тусмаа Үндсэн хуулийн дагуу хууль боловсруулан, батлах эрх, үүрэг бүхий УИХ-ын гишүүдийн дотор мэргэжлийн хуульч гишүүд нь илт цөөдсөн гэсэн үг биш гэж үү. Шилдэг сайн хуульч хэмээн цээж дэлддэг гишүүн нь хүртэл оюутан байхдаа заалгасан оросын /Вишневскийн гэх\ номлол дотроо л эргэлдэн, санаандаа нийцээгүй заалтуудаа орон дотроо засаад, цоолоод байхад яаж ч бүрэн бүтэн хууль төрөх вэ дээ.

Төрийн түшээгээ сонгодог хууль нь хүртэл цоорхойтой учраас мэргэжлийн сайн хуульч нөхөд нөгөө цоорхойгоор нь цувран гоожсоор \50-аас дээш сая төгрөгийн татаас өгөх бэнчингүйгээсээ ихэнх нь болдог биз\ хэдэн компанийн захирлууд л тунаж үлдэнэ. Тэд нар нь юуны төлөө байдгаа цацан орж ирсэн билээ, алдагдлаа нөхөх далд зорилгоо хуульчлахаас яахав. Бүгд л ашиг сонирхолдоо хөтлөгдөн цоолсоор байгаад загасны торорхуу л хуулиуд үйлдвэрлэгдээд байна. Болдогсон бол УИХ-ын 76 гишүүдийн дотор дор хаяж 30 сайн хуульч \ гол нь орондоо хууль засдаггүй байх нь чухал\ гишүүн сууж байдагсан бол ийм олон цоорхой хууль гарахгүй л байсан даа. Ийнхүү олон нийтийн анхаарлын төвд байгаа хоёр том хэргийн шүүх хурал лав хойшилсоор байх нь тодорхой болчихлоо. Өмнөх их хурлын хугацаа дуусаагүй ч гишүүд нь сурталчилгаандаа мордоцгоосон болохоор шүүхийн эрх мэдэлтэй хамааралтай хуульд засвар хийнэ гэж байхгүй. Шинэ их хурал есөн сараас нааш хуралдахгүй. Тэгэхээр он гартал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орохгүй, шинэчлэгдэхгүй нь. Уг нь аль 1962 онд л анх батлагдсанаасаа хойш бараг шинэчлэгдээгүй 50 жилтэйгээ золгож буй хууль юм гэсэн. Хэд хэдэн удаа жижгэвтэр нэмэлт өөрчлөлт оруулсан ч тэр болгондоо цоолоод байсан бололтой дуулддаг. Шүүх хурлаа хийж чадахгүйгээс хойш бүх хэргээ түр царцаагаад шинэ хууль боловсруулах ажилдаа орвол илүү үр дүнтэй ч байж мэдэх. Шинэ УИХ-ын бүрэн эрх эхэлмэгц эхний хууль болгоод барина биз. Тэгэхгүй бол одоо ял эдэлж буй бүх хоригдол, янз бүрийн шаардлага тавьж хуурай, нойтон \6000 гаруй байдаг гэсэн \өлсгөлөн зарлах, захидал бичиж хэвлэлээр цацах жишгийг давтах ба шалгагдаж буй бүх сэжигтэн, яллагдагч нар өмгөөлөгчөөсөө татгалзах, эсвэл өмгөөлөгч нь татгалзах жишиг ч дэлгэрэхийг үгүйсгэх аргагүй. Өмгөөлөгч нар хэрэгт холбогдсон нөхдийг өмгөөлснийхөө төлөө биш, харин өмгөөлөхөөсөө татгалзаж, шүүх хурлыг хойшлуулан цаг хожсоныхоо шан харамжийг аваад амьдраад явж болох нь байна. Үндсэндээ гэмт хэрэг үйлдэгсэд, сэжигтэн, яллагдагсад, хоригдлууд, тэдний ар гэрийнхэн бүгд шүүх байгууллагын өөдөөс салаавч үзүүлж байна шүү дээ.

Олхонууд ШААБАР

 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш