Сонгуулийн нэр дэвшигчид бүхэлдээ тодров. Өнөө жилийн сонгууль урьдынхаас овоо дэг журамтай болох янзтай. Намуудын мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө, бараа таваар тараах амлалт алга бололтой. Харин хэт гоёж гоодсон суртал ухуулга тасрахгүй нь ээ. Ардын намынхан хөдөлмөрийн хөлсийг 1,5 саяд хүргэнэ ч гэх шиг. Биелэх эсэхийг бүү мэд. Оюу толгой, Таван толгойгоо үр ашигтай ажиллуулах талаар олигтой юм хийгээгүй тул үүнд нь найдах аргагүй. За энэ ч яахав. Сонгогчдын саналыг л бүү луйвардаасай. Урьд урьдын сонгуулиуд ихэнхдээ заль мэхэн дундуур туучсаар ирсэнийг айлуудын хашаанд цагираглаж хэвтэх хөгшин банхар хүртэл андахгүй мэднэ. Зарим судлаачид санал луйварддаг 30 гаруй аргатай байсан тухай өгүүлдэг. Тэд дэгсдүүлээгүй нь лавтай. Чөлөөт ахмадын холбооны Баасан авгай тэдгээр аргыг бас энэ хавьцаа хүргэж тоолсон байна лээ. Долдугаар сарын 1-ний хэрэг сонгуулийн санал өгөх, тоолох процесс дахь луйвраас үүсэлтэй байсан юм. Аймшигт энэ явдлын дараахан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн намуудын удирдлагатай дөрөв, таван удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр тэнд оролцогсод үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрчээ.
Одоогийн нөхцөл байдлаар бол Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нар үүргээ биелүүлээгүйн гайгаар таван халуун амь үрэгдэж, арваад хүн бууны сумны шархтай хоцорсон гэж үзэх хүн цөөнгүй. Бас зарим нь тэднийг шууд буруутгаж байгаа. мөн онц байдал тогтоохоос өмнө иргэд рүү байлдааны буугаар хэн буудах тушаал өгсөн бэ гэсэн асуудал ч босоод ирэв. Аль нь ч байсан тэнд хүний амь үрэгдэхэд хүрсэнд л асуудлын гол нь оршиж буй. Үүнээс болоод одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин нар парламентад бүтэн дөрвөн жилийн турш хэрэлдлээ. Ц.Нямдоржийн энэ тухай хэлсэн үг, хийсэн зарим үйлдлүүдийг анзаарсан хүнд эргэлзээ төрөхүйц зүйл нэлээд бий. Галт зэвсэг хэрэглэсэн асуудлыг нь Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оруулахаасаа тэр ихээхэн цааргалж, янз бүрийн хаалт тавьсаар унагасан гэх мэтээр тоочоод байж болох юм.
УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө хуулиа нарийн чамбай хийж чадсан бол дээрх хэрэг гарахгүй байлаа. Нээлттэй нийгэм форум зэрэг хэд хэдэн судалгааны байгууллагаас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, санал худалдан авах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд зохих хуулиар нь хаалт тавих гэсэн боловч улс төрчид нь хүлээж аваагүй юм. Тэр бүү хэл, С.Баяр “Манай нам сонгуульд заавал ялна” хэмээн гөжүүдэлж байлаа. Түүний энэ үг тун хорлонтой үйлдлийн угтал болсоныг хүмүүс харин их хожуу ухаарчээ. Заавал ялна гэдэг нь ямар ч луйвар хийхэд бид бэлэн гэсэн далд санаа агуулсан нь сүүлдээ бүр ил болсон юм. Баянзүрх дүүрэгт гэхэд саналын хуудсаа аваад зугтаасан тохиолдол ч гарч байв. Энэ бол дэндүү цагаандаа гарсан үйлдэл. Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Баттулга хууль бус шийдвэр гаргаж, тухайн нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэдээр санал өгүүлсэн нь бас ихээхэн хор уршиг тарсан. Үүнийг нь Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Бурмаа илчилж, гурван шатны шүүх Баттулгын буруу гэдгийг хэлсэн боловч Ардын намынхаа ивээлээр мань эр одоо Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга болоод сууж байна.
Шударга ёсоо бодсон бол ийм өндөр алба хаших бүү хэл, тэр гудамжинд лаазаа өшиглөөд явах нь илүү зохимжтой байсан юм. Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнийг ялахад Ардын намынхан мөн л хүлээн зөвшөөрөхгүй, түүнд зохиомол хэрэг үүсгэж, бүтэн жил тойрон парламентад сонгогчдынх нь төлөөллийг хааж байлаа. Энэ мэтээр эрх баригчдын башир арга залийг тоочоод байвал барагдахгүй их. Энэ тухай түр орхих уу даа.
Санал худалдан авдаг арга хэлбэрүүд шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар үндсэндээ хаагдсан. Гэвч хуулиа мөрдөж чадсан тохиолдолд шүү дээ. Нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материал ч хэмжээ хязгаартай, хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй. Сонгогчийн саналыг татахын тулд төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийг ч хориглосон. Мөн нэр дэвшигч нь биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж болохгүй. Элдэв хүлээн авалт, дайллага, цайллаг, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохиохгүй зэрэг олон зүйлийг хорьжээ.
Судлаачид сонгогчдын санаа бодол бэлэн мөнгө рүү тэмүүлэх хандлагатайг ч тогтоосон байна. Саяхны нэгэн судалгаагаар сонгогчдын 50 орчим хувь нь нэр дэвшигчдийн бэлэн мөнгөөр саналаа худалдахад бэлэн байна гэсэн дүгнэлт гарсан нь бас нэгийг хэлээд, сануулаад байгаа юм. Өмнөх сонгуулиуд иргэддээ ийм л сэтгэмжийг үлдээжээ. Арилжаа бол арилжаа. Тухайн хүн эв таарвал саналаа худалдах тэрхүү далд санаан дээр нь нэр дэвшигч нар тоглоод өнгөрөхийг үгүйсгэж боломгүй байна. Харин ийм үзэгдэл нэлээд нууц байдалд явагдахаас өөр замгүй. Гэвч муу юм хэзээд илэрдэг. 2004 онд Хэнтий аймагт саналын хуудсыг буруу тоолсон баримт нь долоо, найман жилиййн дараа илэрсэн юм. Тэнд бас бэлэн мөнгө тараасан мэдээлэл ч бий. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ялангуяа төрийн эрх мэдлийг ийм хуурамч замаар авах нь онц хүнд гэмт хэргийн ангилалтай. Гайхалтай нь манай өнөөгийн төр үүнийг үл тоосоор байна. Хэрвээ ийм хэрэгт нэр холбогдож байсан хүн дахиж улс төрийн сонголтод нэрээ дэвшүүлэх ёс зүйн эрхгүй юм. Ийм тохиолдолд хууль нь ч эргэж үйлчилдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө сонгогчдын санал худалдан авч, саналын хуудсыг санаатайгаар будлиантуулсан улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч нарын хэрэгт хөөж хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй юм.
Энэ удаагийн сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг төрийн албан хаагчдаар бүрдүүлсэн нь бас нэг онцлог гэлтэй. Тэд төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн улс. Тангаргийн гол агуулга нь ч шударгаар ажиллах явдал юм. Иймээс сонгуулийн санал тоолох явцад уг нь ямар нэг но-той үйлдэл гарах учиргүй. Тэгээд ч анх удаа саналыг электрон хувилбараар тоолох боллоо. Сонгогчдын хурууны хээ хуарыг ч авна гэж байгаа. Гай болж санал тоолох машин нь алдаа заахгүй л бол сонгуульд ямар нэг будлиан гарахгүй. Гэхдээ ингээд бас бүх юм ном ёсоороо гээд орхиж боломгүй байна. Цаана чинь иргэний үнэмлэхгүй 10 гаруй мянган сонгогч байгаа. тэднийг “царцааны нүүдэл” хэмээх өнөөх хуучин зальт аргаараа хаа дуртай газар руу машинаар ачиж аваачаад санал өгүүлэх том толгойтон гараад ирж мэднэ. Энэ бүх болзошгүй нөхцлүүдийг сонгуулийн ажиглагч нарын хяналтаас гаргаж яавч болохгүй. Хянагч нар нь ч шударгаар ажиллах хэрэгтэй байгаа юм. Шинэ хуулиар тэдэнд нэлээд онцгой үүрэг оноолоо. Үүргээ хэтрүүлж, санал авах, тоолох ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иймэрхүү зөрчил гаргасан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар ч мөн ийм зэмлэл хүртэнэ. Тэр байтугай булхай хийгчид нь эрүүгийн хариуцлага ч хүлээнэ. Иймээс төрийн албандаа мөрөөрөө зүтгэсэн нь дээр юм билээ.
Б.Отгонбаяр