logo
Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо

2012/05/31
Үндсэн хуулийн цэцийн даргыг Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж өчигдөр сонголоо. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай билээ.
Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль болж, Цэцийн даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Н.Жанцан нэрээ татаж авсан юм.
Ийнхүү нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг Жүгнээгийн Амарсанаа авч улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдлоо.
Тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон туршлагатай юм. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ.
Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш