logo
Ерөнхийлөгчийн зассан замаар алхаад марш

Ерөнхийлөгчийн зассан замаар алхаад марш

2012/05/31
Саяхан даа, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, З.Энхболд нар зурагтын хоймор зэрэгцэж суугаад энэ сонгууль будилаантай болно гэж мэрэгч төлөгч л ярьж суухыг уншигч Та анзаарсан биз ээ. Яагаад заавал сонгууль будилаантах ёстой гэж? Ийм асуултад тэд хариулаагүй атлаа сонгуулийг луйвардах гэж байна хэмээн их л итгэл үнэмшилтэй бурах аж. Сонгуулиар мөрдөх гол хуулиа баталсан эрх бүхий хүмүүс нь болоогүй сонгуулийн тухай ингэж мэдэмхийрэх нь тухайн намын сонгуулийн тактик гэж ойлгож болно. Хэрвээ Ардчилсан нам ялахгүй бол ялагдлынхаа бурууг өрсөлдөгчид рүүгээ чихэж, өө хайж эхлэх нь маргаангүй үнэн. Тийм болохоор л сонгуулийн босгон дээр иргэдийн сэтгэл зүйд “сонгууль угаасаа будилаантай болох нь” гэсэн мэдээлэлд дасгах зорилгоор тус намын гишүүд ээлж ээлжээр телевизүүдийн үүдэнд жижүүрлэх болсоор удаж байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн эхлүүлсэн цахим үнэмлэх гээч бантангаас болж, нийгмийн сэтгэл зүйд эргэлзээ төрж эхэлсэн нь нууц биш. Сонгуулиас өмнө ухаалаг үнэмлэхтэй болгох гоё амлалтаасаа татгалзсан булхайгаа далдлах гэж ам нээх бүртээ л энэ тухай ярих болж. Цахим үнэмлэхийг гацаасан гол эзэн нь Н.Алтанхуяг, Ардчилсан нам яах аргагүй үнэн болохоор олны хэл амнаас эмээж хариуцлагаас бултах гэсэндээ иргэн таны гэрт хоноглож, эхлээгүй сонгуулийн талаар лекц уншихаас ч буцахгүй явна.
Намынх нь нөхөд ийн хөл толгойгоо олохгүй бужигнаж байх зуур Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч баасан гаригт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны ажил байдалтай танилцлаа. Сонгууль явагдахад бичиг баримтаас эхлээд санал тоолох хүртэлх бүхий л үйл явцыг хариуцан ажиллах эдгээр байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцангуутаа эрхэм Ерөнхийлөгч бүх зүйл ОК гэж үнэллээ. Ингэснээр цахим үнэмлэхээс үүдсэн эргэлзээг Ерөнхийлөгч ийнхүү тайлав. Угаас тэрбээр энэ хоёр байгууллагаар зочлохдоо сонгууль будилаантахгүй гэсэн итгэл үнэмшилтэй болох гэж зориуд зочилсон гэнэ. Ерөнхийлөгч сонгогч санал өгөх байранд орж ирэн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх, саналын хуудсан дээр тэмдэглэгээ хийх, хурууны хээгээ таниулах гэх мэт бүх ажиллагаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр тухайн сонгогчийг үндсэн мэдээллээс гадна гэрэл зургийн мэдээллийн сан, биеийн дахин давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулсан мэдээллийн сантай тулгаж байгаа тул сонгогч дахиж саналаа өгөх боломжгүйг компьютер харуулав. Дараа нь саналын хуудсан дээрх тэмдэглэгээг автомат хайрцагт хийхэд санал тооцогдохгүй байх, “алга болох” боломжгүйг туршилтаар харуулсан нь эрхэм төрийн тэргүүнд ихээхэн итгэл үнэмшил төрүүлжээ. Ерөнхийлөгч өөрөө ч туршилтад хамрагдаж, мэдээллээ хийж үзээд сэтгэл нь амарсан бололтой, “Иргэний бүртгэлийн газар очиход эрх зүйн хувьд, санхүү, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд иргэний бүртгэл давхцах, хүндрэл учрах зүйлгүй болжээ. Ийм боломж бүрэн бүрджээ гэсэн итгэл үнэмшил төрж байна. СЕХ-ны даргын танилцуулгыг харж байхад сонгууль явуулахад, одоо төлөвлөж байгаа ажлуудаа хэрэгжүүлээд ажиллахад сонгуульд өмнө нь гардаг байсан будилаан маргаан гарахгүй байх эрх зүйн зохицуулалтыг сайн хийж өгсөн, амьдралд хэрэгжих боломжтой юм байна. Энэ итгэл үнэмшлийг олж авч байгаа гэдгийгээ харуулах гэсэн юм” хэмээн хэлэв. Төрийн тэргүүн маань ингэж хэлснээрээ сонгууль будилах нь гарцаагүй гэж барин тавин хэлж буй Ардчилсан намын нөхдийн ам уруу алгадаад хаяхтай адил болов. Өөрөөр хэлбэл, луйврын сонгууль болно хэмээн утга учиргүй урьдчилан дүгнэх Ардчилсан намынхны байр суурь ямар ч баримт нотолгоогүй, дэмий чалчихаас цаашгүй зүйл байсныг Ерөнхийлөгч өөрийн биеэр илчилсэн хэрэг. Нэгэнт бултах газаргүй болсон учраас Ардчилсан намынхан дарга, цэргээрээ эгнэж суучихад сонгуулийн будилааны тухай урьдчилан ярих нь ямар ч ашиггүй агаад өөрсдийгөө л хэн бэ гэдгийг харуулахаас өөрцгүй юм.
Нэг талаас албаар будилаан хутгасан хариуцлагагүй нөхдийн толгойг илээд өнгөрөх бус хууль бус үйлдэлд нь тохирсон чангахан зохицуулалтыг сонгуулийн энэхүү шинэ хуульд тусгасан. Тиймээс баталсан хууль руугаа нулимж өөрсдөө ашигтай байдлаар тайлбарлах оролдлого Ардчилсан намаас гарахгүй байх гэж найдаж байна. Нөгөө талаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны ажил байдалтай газар дээр нь танилцаж, сая нэг санаа нь амарсан Ерөнхийлөгчийн энэ үйл ажиллагаа цахим үнэмлэхээс болж нэр нь сэвтсэн намынхаа нэр хүндийг аврах зорилготой ч байж болох. Н.Алтанхуяг өнөөдөр цахим үнэмлэх, иргэний бүртгэлийн талаар ямар ч эерэг үг хэлээд нэмэргүй. Нийгэм түүний үгийг хүлээж авахгүй. Ард түмэн тэртэй тэргүй буруутан нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа болохоор түүний замыг Ерөнхийлөгч өөрийн биеэр ийнхүү заслаа. Сонгуулийн маргааш иргэний бүртгэл, санал тоолох машинаас болж будилаан гарлаа гэсэн маргаан дэгдээвэл Ерөнхийлөгч маань л лав өршөөхгүй нь байна шүү. Тэр өөрийн биеэр туршилтад хамрагдаж, хуулиас гажууд юу ч болохгүйг баталсан. Тийм болохоор Ерөнхийлөгчийн зассан замаар алхаад марш.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш