logo
Катарын Доха хотын худалдааны төвд гал гарсан байна

Катарын Доха хотын худалдааны төвд гал гарсан байна

2012/05/31
Катарын нийслэл Доха хотын Виллажио худалдааны төвд гал гарсны уршгаар 19 хүн амиа алджээ. Энэ улсын дотоод хэргийн яамнаас мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн 13 нь хүүхэд байсан байна. Тэдний дөрөв нь Испани, гурав нь Шинэ Зеланд, нэг нь Франц хүүхэд байжээ.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Виллажио нь олон хүн очдог алдартай худалдааны төв юм. 2006 онд нээгдсэн энэ төвд кино театр, зочид буудал, цэцэрлэгт хүрээлэн байдаг аж.
Катарын дотоод хэргийн сайд Шэйх Абдулла бин Нассер ал-Танигийн мэдэгдсэнээр даваа гаригт энэ улсын цагаар 11-ийн үед гал асч эхэлжээ. Gympanzee хэмээх хүүхэд асрах газрын барилгад эхэлж гал гарсан байж магадгүй байна.
Шат нурсан учраас гал сөнөөгчид хүүхдүүдийг гаргаж авахын тулд дээврийг нэвтэлж оржээ. Гэвч тэд хэтэрхий оройтсон бөгөөд долоон эмэгтэй, зургаан эрэгтэй хүүхэд болон тэдний дөрвөн багшийн амийг аварч чадаагүй байна. Мөн хоёр гал сөнөөгч амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бүх хохирогчид бүтэлтээс болж үхсэн байна.
Харин шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Гэхдээ гал гарсны дараа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг муу зохион байгуулсан тухай шүүмжлэл гарчээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш