logo
Зараар танилцах эхнэр

Зараар танилцах эхнэр

2012/06/01
Гэрлэх нас минь өнгөрсөөн өнгөрсөн. Би худлаа шалтаг заахгүй. Хорин настай зах зээлд “ороод” хүний дайтай “хүн” болох гэж Туулын мөсийг “долоож” явтал хэдийнэ дөч гараад, гэрлэж амжилгүй дөч хүрчихлээ. Туулын мөсийг ганц би ч биш хотынхон цөмөөрөө л “долоосон”. Одоо Туулын мөс дууссан. Хамгийн их “долоож” чадсан нь засгийн газарт залраад, дунд зэргийн “долоосон” нь компаний захирал болоод, бага долоосон нь зах дээр лангуутай хоцорсон. “Долоож” чадаагүй нь сархад үнэртүүлээд гудамжинд хэвтэж байна. Би харин хэлээ наалдуулан гайгүй долоосон ч донгио юм болохоор долоосон мөсөө хүнд молигодуулсаар “амьтай”-гаа үлдсэн.

Гэхдээ яах вэ, мөс “долоож” явсаных хоолойны ангина хүнээс гуйхгүй, бас эм тариагаа өөрөө олоод хэрэглэж сурсан. Хөл дүүжлэх унаатай, толгой хоргодох оронтой, өөрийгөө байтугай өрөөлийг “тэжээх” ганц нэг дэлгүүр, гуанзтай болсон. Хэдэн ажилчид маань намайг “Ноёнтон” гэж бөхөлзөөд хэрдээ хөөрхөн мөнгөтэй гар. Харин надад эхнэр байхгүй. Эхнэрээр “занималдах” цаг зав ч байсангүй. Нэг машинтай болох гэж маажийж явтал маргааш нь үнэ нь нэмэгдэнэ. Үний нь дийлэх гэж өдөр шөнөгүй үзэлцэж явтал дахиад үнэ нь нэмэгдэнэ. Хулгана муур хоёр шиг хөөцөлдөж явтал он жилүүд намайг мартаад харвасан сум шиг нисэн өнгөрнө.

Хорондоо заавал чамайг худалдаж авахгүй бол хэний хүү болох вэ, илжигний дудран болох уу гэж шүд зуун харайж явтал ашгүй япон, солонгосын төмрийн хогон дээрээс авчрах машинууд захаар дүүрэн болж, өөрөө миний гарт ороод ирж байгаа юм. Чамд намайг авах чадал байна уу гэж шил толио гялалзуулан мөрөөдүүлдэг байсан бол цаг нь болохоор намайг ав, намайг ав гэж нулимс дуслуулан өөрсдөө гуйна. Чадаж байгаа юманд аргагүй гэдэг шиг гэдийж үнэд орж байгаад хүссэнээ авна. Машин тэрэгний асуудал ингээд зөнгөөрөө шийдэгддэг юмаа гэхэд дараагийн асуудал босч ирнэ. Толгой хорогдох орон. Нэг авсаных гайгүй шиг хэдэн өрөө авах гэж хуруу хумсаа тайрч явахад үнэ нь өдрөөс өдөрт өсөөд надаас зугатна.

Туулын мөс “долоодог”-ын хүчинд энергиэ нөхөж авах тул араас нь шил даран элдсээр байгаад шинэ хороололд гоёмсог байртай боллоо. Юмны үнэ байнга нэмэгддэг болохоор хүнсний дэлгүүр минь өгөөжөө өгч, хажууд нь гуанзтай болов. Одоо юуны араас хөөцөлдөх вэ гэтэл эхнэр гэж дотор хүн минь шаналгана. Тэгээд эхнэрийн эрэлд гарлаа. Хэдэн халтар цаас олох гэж матийсаар яваад эмэгтэй хүнтэй хоёр гурван үг сольж сураагүй надад хайрын бурхан тийм амархан заяасангүй. Эцэст нь зар өглөө. Зараар эхнэр авах сонирхолтой санагдсан тул заяаны ханиа “Өндөр нарийхан...” гэлээ. Тарган хүн их иднэ. Туранхай хүн бага иднэ. Өндөр гэдэг нь учиртай. Зах дээр бараагаа цуглуулж яваад төөрчихвөл олон хүний дундаас олоход амар.

Цагаан хоолойгоор зарлуулвал мөнгө биз дээ. “Санхүүгийн мэргэжилтэй” гэлээ. Манай нягтлан сүүлийн үед тайлан тооцоогоо “будилуулаад” уур хүргээд байх болсон. 10000 гэхэд 1000 гэж нэг тэг заавал “идээд” байдаг болсон тул надад санхүүгийн мэргэжилтэй эзэгтэй чухал байлаа. “Нүүрэмгий, шулуун зантай” гэлээ. Цаг болгон шалгадаг ариун цэвэр, татварын байцаагч нартай нүүр тулахад “хэлэмгий” хүн хэрэгтэй. Би өөрөө хүнтэй нүүр тулан “хэрэлдэж” чаддаггүй томоотой амьтан. “Дуулдаг, архи даадаг” гэлээ. Амьтан хүний төрсөн өдөр, найр хурим дээр би дуу дуулж чаддаггүй таг солгой хоолойтон. Эхнэрээр нь дуулуулъя гэвэл ямар байна? Боддог бодол биз. Архи би даадаггүй юмаа. Гурван хундага уугаад эрүүлжихэд очдог.

Тэгэхээр миний эхнэр, намайг тасраад унахад хүн амьтанд мөнгө зээлдүүлдэггүй архи даадаг хүн байх шаардлагатай. Насны хувьд “ Дөчөөс доош насны” гэлээ. Хөгшин азарга нялх ногоо зулгаах нь ээ. Олонхийн жишгээр хавдраар гэнэт би цааш харвал дэрсхэн хэдэн хүүхдийг минь хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх залуу ээж хэрэгтэй. “Англи хэлтэй” гэлээ. Хэл гэсэнээс саяхан нэг гадаадын нөхөр ирээд миний дэлгүүрийг өргөсгөж хоёр давхар болгоод хамтран ажиллая гэхэд нь миний дэлгүүрийг дээрэмдэж аваад, намайг далан давхарт хөөх юм байна гэж буруу ойлгоод будилсан.

Харин дэлгүүрт маань түр худалдагчаар ажиллаж байсан гадаад хэлний дээд сургуульд сурдаг хамар хашааны оюутан охин орчуулагч болж “жүжиглэж” явсанаа нөгөө гадаад хүнтэй “гэрлээд” өөрийнхөө хашаанд зочид буудал бариулчихсан яагаа ч үгүй байж алт мөнгөөр биеэ хулдаад, чи одоо надаас дор болсон шүү гэсэн харцаар над руу хяламхийдэг болсон билээ. Тэгэхээр хэлний асуудал чухал шүү. Бас “хоол хийж чаддаг, юм оёж чаддаг” гэлээ.

Хоол хийж чадахгүй эхнэрүүд байна цаана чинь. Манай хөрш хаалганы нэг нөхрийн эхнэр нь хятад гуанзнаас бэлэн хоол зөөсөөр байгаад нөхрөө ходоодны шархтай болгочихсон. Лавшаагаа аятайхан хийчихдэг эхнэртэй байхад Монгол хүн өлсөж үхэхгүй. Би ч ирээдүйд суух эхнэр, ирээдүйд төрөх хүүхдүүдээ “хөрөнгө оруулалт” хийхийн тулд хувцас хунараа гамнаж өмсдөг. Долоон жилийн өмнө авсан костюм маань багадаад эвгүй хөдлөхөөр оёдол нь зад үсэрдэг болжээ. Иймд багадсан хувцсанд даавуу зүйж оёод аргалчихдаг уран эхнэр хэрэгтэй байна.

Оймсоо буруу харуулж өмссөөр байгаад зөвхөн дээд хэсэг нь бугуйвч шиг үлджээ. Тиймд оёдолчин бүсгүй надад ус агаар шиг чухал. “Аривч хямгач, тооцоотой, нямбай, цэвэрч” гэлээ. Туулыг мөсийг “долоож” олсон хэдэн цаасаа аривлаж хямгадан өсгөж аривжуулахгүй юм бол хоолойн ангина зүрхэндээ ортол “мөс долоосоны” хэрэг юун. Үрэлгэн том хөрөнгөтнүүдтэй хатуу тооцоотой байж эн тэнцүү “тулалдана” шүү дээ. Тэгэхгүй бол “тулнууд” жижиг жараахайгаа “золигт гаргавал” яах вэ.

Манай эдийн засаг мониполуудын гарт шүү дээ. Нямбай цэвэрч байвал ус, цахилгаан ч гарлага багатай. Хүнсний бүтээгдэхүүнээс гэдэсний нян халдварлаж, ариун цэврийн акт бичүүлэхгүй, нэг ёсондоо хэмнэлт байхгүй юү. Тэгээд дараагийн шаардлага маань “ Үнэнч, нөхрөөсөө бусад эрчүүдэд сээтэгнэдэггүй, нууц амраггүй” гээд хөвөрч байна. “Төрсөн гэр рүүгээ юм зөөдөггүй, ээжийгээ \ хадам \ авчирч гэрт гай тарьдаггүй, ах дүү нартаа төрөөгүй өдөр нь “бэлэг” өгдөггүй, хов зөөдөггүй, хэрүүл хийдэггүй, үнэтэй эдлэл сонирхдоггүй, даруухан, хүний хань болох өндөр ухамсартай” гэжээ... Зараар маань одоохондоо бүсгүйчүүд утастдаагүй байгаа. Ийм зар өгөөд би гурван жил хүлээлээ. Хэн ч утастсангүй. Гэхдээ би тэвчээртэй хүн. Хүний дайтай явах гэж яаж тэмцлээ, яаж тэвчлээ. Бүлтгэр алаг нүдэнгээ бүлтийтэл хүлээгээд сууж байгаа шүү...

Даваажавын Эрдэнэмөнх  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш