logo
Пенттагийн мэдэгдэлд хятадууд хариу өгөв

Пенттагийн мэдэгдэлд хятадууд хариу өгөв

2012/06/04
АНУ 2020 он гэхэд байлдааны хөлөг онгоцуудынхаа ихэнхийг Ази-Номхон далайн бүс нутагт шилжүүлэн байрлуулна гэж мэдэгдсэний дараа Хятад улс сонор сэрэмжээ улам дээшлүүлэх болно.
Хятадын Ардын Чөлөөлөх армийн /ХАЧА/ дэслэгч генерал Рэнь Цюань АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттагийн өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдлийн хариуд ингэж мэдэгджээ. Панеттагийн хэлснээр бол, 2020 он гэхэд Америкийн бүх цэргийн хөлөг онгоцуудын 60 хувь нь Ази-Номхон далайн бүс нутагт байрлах аж. Одоогоор тэдгээрийн тал хувь нь энэ бүсэд байгаа юм.
"Юуны өмнө хэлэхэд, үүнийг гай хөнөөлтэй зүйл хэмээн үзэх хэрэггүй" гэж генерал Рэнь хэлжээ. Тэрбээр Сингапурт болж буй бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи уулзалтад Хятадын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа юм.
"Энэ бол АНУ-ын өөрийнх нь үндэсний эрх ашиг, санхүүгийн тулгамдсан асуудлууд болон дэлхий нийтийг хамарсан аюулгүй байдалтай холбоотой гэж би үзэж байна" гэж генерал Рэнь Хонконгийн телевизийн Финикс сувагт ярилцлага өгөхдөө дурджээ.Тэрбээр ХАЧА-ийн стратегийн бодлогыг боловсруулдаг Хятадын Цэргийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч юм.
"Нөгөөтэйгүүр, үүнийг бид хайхрахгүй байж бас болохгүй" гэж генерал хэлсэн байна. "Бид нэлээд түвэгтэй нөхцөл байдалтай тулгарч байна, иймээс аюулд өртөхөөс болгоомжлон сонор сэрэмжээ дээшлүүлж, үүсч болохуйц бүхий л нарийн түвэгтэй, ноцтой нөхцөл байдлыг даван туулахад бэлэн байх ёстой" гэж Хятадын генерал онцоллоо.
Панеттагийн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ 11 нисэх онгоц тээгч хөлөг онгоцны 6 нь Номхон далайд байрлах юм. Харин USS Enterprise хөлгийн ашиглалтын хугацаа энэ онд дуусна. Түүний оронд USS Gerald R. Ford гэдэг шинэ хөлөг 2015 онд ашиглалтад орсноор хөлгүүдийн тоо дахин 6 болох юм.
Энэ оны 3-р сарын байдлаар АНУ-ын ТЦХ-нд нийтдээ 282 хөлөг онгоц байсан бол ирэх хоёр жилийн хугацаанд 276 болно. Харин гуравдугаар сард баталсан 30 жилийн төлөвлөгөө ёсоор 300 хөлөг онгоцтой болох ажээ.

Б.Адъяахүү 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш