Тунисын ард түмний засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан хяналтаас гарах үед Тунисыг эрхийг 23 жил тасралтгүй барьсан ерөнхийлөгч Бен Али Саудын Араб руу зугтсан. Тунисчууд өнгөрсөн саруудад Бен Алиг эргүүлэн авчирч шүүхээр оруулахыг шаардсаар байсан. Өнгөрсөн даваа гаригт Бен Алигийн анхан шатны шүүх хурал болж түүнд болон түүний эхнэрт улсын сангаас мөнгө, алт эрдэнэс шамшигдуулсан гэх үндэслэлээр 35 жил хорих ялаар тус тус шийтгэх шийдвэр гаргажээ. Мөн нэмж 66 сая долларын торгууль ноогдуулсан байна. Дараагийн шүүх хурал энэ сарын сүүлээр болж, Бен Алиг хууль бус хар тамхи, зэвсгийн наймаанд орооцолдсон эсэхийг шүүх юм байна. Бен Алийг хамгаалж шүүх хуралд оролцох байсан хуульчийг Тунисын эрх баригчид хилээр нэвтрүүлээгүй, шүүх хуралд оролцуулаагүй байна. Тэрээр “Бен Алийг хамгаалж, шүүх хуралд оролцохын тулд 2 зүйлийг би авах ёстой байсан. 1-рт улс төрийн шийдвэр, зөвшөөрөл буюу Виз. 2-рт Тунисын дээд шүүхийн зөвшөөрөл. Гэтэл надад аль ч эрхийг нь өгөөгүй учир би ажлаа хийж чадахгүй байна” гэсэн байна. Бен Али гэмт хэрэг хийгээгүй, Тунисчуудын өмнө ямар ч буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. Бен Алигийн шүүх хурал амжилттай явагдаж, Тунисчуудын хувьд үнэн ялах юм бол араас нь Египетийн дарангуйлагч асан Хосни Мубаракийн шүүх хурал хүлээгдэж байгаа юм.