Saving Face буюу “Нүүр царайг хамгаалах нь” нэртэй Пакистанд нөхрийнхөө хорон муу санаа, хоцрогдсон уламжлалаас болж эмэгтэйчүүд нүүрний дүр төрх, гоо сайхнаараа хохирч, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгааг харуулсан богино хэмжээний баримтат кино Оскарын шагналд нэр дэвшсэн нь сүүлийн үеийн шуугиан болоод байна. Тэгвэл нөхрийнхөө гарт тарчлан хүчил шүлтэнд түлэгдэн бие сэтгэлээрээ хохирч байгаа эмэгтэйчүүдийн талаар харуулсан уг кино хамгийн шилдэг богино хэмжээний баримтат киноны номинацид түрүүлжээ. Пакистан, Афганистан зэрэг зарим лалын шашинтай оронд эхнэрээ гэрээсээ оргох, салах гэж оролдвол шийтгэж, нүүрийг шүлтээр түлэх, хутга мэсээр гэмтээдэг байна. Бид өмнө нь хамар, чихээ тайруулан одоо Америкт нөхөн сэргээх хагалгаанд орох гэж байгаа Афганистаны Аиша охины талаар мөн мэдээлж байсан билээ. “Нүүр царайг хамгаалах нь” киног бүтээхэд туслах найруулагчаар ажилласан Шармиин Обэйд-Чино гэдэг эмэгтэй анхны Пакистан гаралтай Оскарын шагналтан болсон байна. Гэсэн ч Пакистаны эрх баригчид болон уг киног бүтээхэд оролцсон хохирогч эмэгтэйчүүд киног Пакистанд гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ. Хэрэв кино бүтээгчид уг киног Пакистанд гаргавал шүүхэд гомдол мэдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Хүчилд түлэгдсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сан “Уг кино хэдийгээр олон улсад анхааруулга өгч, дэлхийн үзэгчдэд таалагдаж болох ч Пакистанчуудын хувьд шившиг болно. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн нууцлаг байдалд илт халдсан хэрэг болно. Магадгүй цаашлаад тэр эмэгтэйчүүдийн амь насанд аюултай байж мэднэ” гэж мэдэгдсэн байна. Кино бүтээхэд оролцсон зарим хохирогч эмэгтэйчүүд цалин хөлсөө авч чадаагүй гэж мөн гомдоллосон байна. Харин киноны туслах найруулагч Шармиин Обэйд-Чино “Үнэний нүүр царай, дуу хоолой болсон уг киног олон улсад тэр тусмаа Пакистанд гаргах нь зүйтэй. Хохирсон эмэгтэйчүүдийг ашиглаж ямар нэг ашиг олз олохыг зориогүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд мөн нөхрийнхөө гарт, шүлтэнд түлэгдсэн эмгтэйчүүдийн амьдралыг харуулж тэдэнд тусалж байгаа болохоос эмэгтэйчүүдийг хохироогоогүй. Тэгээд ч бидэнд хийсэн бүтээлээ зах зээлд гаргах эрх нь байгаа гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч кино бүтээгчид уг маргаан дуустал киног Пакистанд гаргахгүй байхаар болсон байна.
Shuum.mn
Shuum.mn