logo
Алслагдсан аймгуудад шинэ онгоц ниснэ

Алслагдсан аймгуудад шинэ онгоц ниснэ

2012/06/04
Канад Улсын “Бомбардир” компанийн Кю-400 онгоцыг энэ сард оруулж ирэхээр болжээ. Уг онгоцыг Монгол Улсад хамгийн анх" Изинис Эйрвэйз" компани ашиглахаар болж байгаа бөгөөд эхний хоёр Кю-400 онгоцыг алслагдсан болон баруун аймаг, бүс нутгийн чиглэлүүдэд ашиглах юм байна.
"Бомбардир" компанийн төлөөлөл өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад хүрэлцэн ирж өөрийн Кю-400 онгоцоор үзүүлэх нислэг үйлдсэн байна. Уг онгоцоор эхний удаад “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын урд талаас буулт хийж, Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүдэд үзүүлжээ.
ИНЕГ-аас зөвшөөрснөөр Монголд Улсад ашиглагдаж буй зорчигч тээврийн онгоцнуудаас зөвхөн Фоккер 50, Сааб 340 онгоцнууд нисэх буудлын урд талаас нь буулт хийдэг бөгөөд томоохон хэмжээний онгоцнууд бууж чаддаггүй байна. Урд талаас нь буулт хийж чаддаг байх нь арын салхитай үед буух магадлалыг нэмж өгдөг давуу талтай юм байна. Манай оронд хавар, намрын улиралд салхины хурд өндөр байдаг учир нислэгүүд хойшлогдох, онгоц хүлээн авахад бэрхшээл учирдаг аж.
ИНЕГ дарга С.Батмөнх “Бомбардир” компанийн төлөөлөлд тус компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгүүдийн маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээг гардуулан өгчээ. Ингэснээр “Бомбардир” компанийн ямар ч маягийн онгоцыг Монгол Улсад ашиглах боломжтой болж байгаа юм байна.
Кю-400 нь 74 хүний суудалтай, зорчигчийн тав тухыг илүүтэйгээр бодолцож бүтээсэн онгоц юм. Сонирхуулахад ижил төрлийн онгоцнуудаас нислэгийн үеийн бүхээгийн дуу чимээ хамаагүй бага бөгөөд Кю-400 нэрний “Кю” үсэг нь англи хэлний “Quite” буюу чимээгүй гэсэн үгний товчлол юм байна. Кю-400 онгоц шатахуун зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг.
Үүнээс гадна энэхүү онгоц нь шороон зурваст буух чадвартай, арын болон хөндлөнгийн салхины хязгаарлалтад бага ордог бөгөөд манай орны салхи ихтэй нөхцөлд ашиглахад нэн тохиромжтой юм. Өнөөдөр ашиглагдаж байгаа онгоцнууд цагт 10 зангилаа (knot) буюу 5 м/с салхитай газардаж чаддаг бол Кю-400 онгоц 10 м/с салхитай үед газардах чадвартай юм байна.

Г.Уран
Эх сурвалж: МОНЦАМЭ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш