logo
Нефтийн ханш дэлхийд буурч, Монголчууд хямд бензин хэрэглэж магадгүй

Нефтийн ханш дэлхийд буурч, Монголчууд хямд бензин хэрэглэж магадгүй

2012/06/05
Олон улсын биржүүдэд түүхий эдийн ханш савлаж эхэллээ. Энэ нь түүхий эд экспортлогч, импортлогчдод хэрхэн тусахыг шинжээчид дүгнэж эхэлжээ. Манай улсын хувьд эрдэс баялаг, ХАА-н бүтээгдэхүүний экс­портын төлөвөөр төсвөө зо­хиож, эдийн засгаа дүг­нэдэг. Нөгөөтэйгүүр эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэ­дэг­гүй учраас идэвхтэй им­порт­логчийн тоонд ч ордог.

Сайн тал

Дэлхий даяар газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний ханш огцом буурч эхэллээ. Өчигдөр үдийн байдлаар олон улсад нэг баррель /154 литр/ брент маркийн газрын тос 98.63 ам.долларын ханштай байв. Харин хаалтын ханш 97.11 ам.доллар дээр тогтлоо.

“Oil-price.net”, “Bloomberg” зэрэг томоохон агент­лагуудын мэдээлж буйгаар Ойрх Дорнод, ялангуяа Иран, Ирак, Саудын Араб нефть үйлдвэрлэлээ нэмэх бодлого баримталж буй аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр тус бүс нутаг асар богино хугацаанд олон улсын зах зээлд 17 сая баррель нефть нийлүүлсэн байна. Энэ нь “бар” улсуудын байр суурьтай шууд холбоотой гэнэ.

Учир нь Ираны цөмийн хөтөлбөрөөс болж Европын холбоо эмбарго-хориглох бодлого баримталсан бол Цагаан ордон Ойрх Дорнодтой цоо шинэхэн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан.

Олон улсын нефтийн амьдралын гол үйл явдлыг ОПЕК тодорхойлж байгаа бөгөөд Зүүн Европын ор­нууд хандлагаа Персийн булан руу чиглүүлж эхлэв. Тиймээс дэлхийн та­лыг тосоор хан­гадаг ОХУ бод­логоо зөөл­лөж, гаалийн татвараа буурууллаа.

Ийнхүү Персийн булан­гаас үлээсэн дулаан салхи монголчуудын үнэ ихтэй бензинийг хямдруулах нөх­цөлийг бүрдүүлсэн нь яах аргагүй сайн тал юм.

Муу тал

Олон улсад зэсийн ханш 3252 ам.долларын ханштай байв. Энэ нь буурсаар байгаа үзүүлэлт. Төмрийн хүдэр ч ялгаагүй хямдарч, тонн нь 135 ам.доллар болжээ.

Металлын үнэ ийнхүү буурч байгаа нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой гэж шинжээчид үзсэн байна. Учир нь тус улсын бадарч байгаа эдийн засаг сүүлийн үед доройтох болсон бөгөөд дэлхийн гигант зах зээлийн уналт ийнхүү түүхий эдийн ханшид нөлөөлжээ.

Зэсийн ханш буурч байгаа нь импортлогчдод зол болж буй нь тодорхой. Харин экспортлогчдын хувьд аравдугаар сар хүртэл тооцоолоогүй эрсдэлтэй тулгарах болов. Учир нь зэс болон бусад металлын үнэ оны эцэс болтол нэг их өөдлөхгүй нь бололтой.

Эндээс харахад зэсээ зарж амьдардаг монголчуудын төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ толгой эдийн засагчид элдэв эрсдлийг тооцоолж төсвөө зохиосон байх. Харин түүхий эддээ дулдуйдаж авсан их өр, зээлийг чухам хэрхэн барагдуулах вэ гэдэг том асуулт гарч ирнэ гэж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш