logo
Башар Ассад Сири дэх хүчирхийлэлд гадны улсуудыг буруутгалаа

Башар Ассад Сири дэх хүчирхийлэлд гадны улсуудыг буруутгалаа

2012/06/05
Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад мэдэгдэл хийсэн байна. Сирид иргэний дайн дэгдэж магадгүй байгаа энэ үед Ассад эх оронд нь 15 сар үргэлжилсэн үймээн самуун, хүчирхийлэлд "террористууд" болон гадны улсуудыг буруутгажээ. Мөн тэрээр Хоула сууринд болсон аллагад засгийн газрын хүчнийхэн оролцоогүй гэж мэдэгдсэн байна. Тавдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон халдлагын үеэр 100 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд маш олон хүүхэд байжээ. Ассад парламентад мэдэгдэл хийх үеэрээ Сирид хуваагдмал байдал бий болоод байгаа нь гадны улсуудын буруу гэж хэлсэн байна.
Тэрээр мэдэгдэхдээ "Асуудлыг шийдэх цорын ганц зам бол улс төрийн хэлэлцээ, гэхдээ бид Сирийн ард иргэдийг төлөөлж чадахгүй хүмүүстэй хэлэлцээ хийхгүй" гэжээ.
Сирийн Хоула сууринд болсон аллагын дараа гадны хэд хэдэн улс Сирийн дипломатчдыг эх орноосоо албадан гаргах шийдвэрт хүрсэн юм.
Өнгөрөгч бямба гаригт НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Ерөнхийлөгч Ассад хэлсэн үгээ ажил хэрэг болгохгүй байгааг зэмлэн буруушаасан байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Сирид бослого гарснаас хойш засгийн газрын хүчнийхний харгис ажиллагаанаас болж 10.000 орчим хүн амь насаа алджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш