logo
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргав

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргав

2012/06/06
Брокер дилерийн компаниуд айл өрхүүдээр явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон орон даяар сонгуулийн ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл, Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журамд заасны дагуу өөрийн үндсэн салбартаа, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхлэхээр бол салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг.

Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна гэжээ.

Мөн дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн компаниудын талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-59 дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч байгаа юм байна. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах аж.

Г.Билгүүн 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш