logo
Спортын мастер Б.Мөнгөнтуул: Тоглолтын үед би өөрийгөө жижигхэн аквариум дотор хорьдог

Спортын мастер Б.Мөнгөнтуул: Тоглолтын үед би өөрийгөө жижигхэн аквариум дотор хорьдог

2012/06/08

Миний мэдэхийн би шатар тоглодог байсан. Би өөрийгөө шатар тоглохгүй байгаагаар төсөөлж байгаагүй хэмээн ярих спортын их мастер Б.Мөнгөнтуултай бэлтгэлийнх нь үеэр уулзаж, хэдэн хором хөөрөлдлөө. Тэрбээр Хятад улсад болсон Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон, эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. «Бодлын тулаан»-д өдөр бүр орж, тэр болгонд ялалтын төлөө бүхнээ зориулан тэмцэлдэж байдаг түүнийг гаднаас нь харахад гүн ухаантан шиг бодлогоширсон, лавшруулан ажиглаваас хэтэрхий дайчин гэмээр бүсгүй болов уу хэмээн төсөөлж байлаа. Гэтэл их мастер маань даруухан инээмсэглэж, аядуухан ярьдаг, дуу цөөтэй нэгэн аж.

-Юуны өмнө Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медальтай ирсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Тэмцээнд арван баг оролцсоноос гурав нь Хятадынх байсан. Азийн багууд ерөнхийдөө их сайн. Энэ ч утгаараа тэмцээн их өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Манайхаас эмэгтэй тав, эрэгтэй дөрвөн шатарчин оролцсон. Тэмцээнд оролцох шийдвэрийг харьцангуй богино хугацаанд гэнэт гарга- сан учир Олимпод оролцох багаараа явж чадсангүй. Мөн дасгалжуулагчгүй явсан учраас туршлага дутсан байж магадгүй. Гэвч бид анх удаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцсон ч гэлээ багаараа есдүгээр байрт шалгарч чадсан нь чамлахааргүй амжилт гэж бодож байна.

-Яагаад дасгалжуулагчаа авч яваагүй юм бэ?

-Спартакиадтай давхцаж байсан учир бид энэ тэмцээнд оролцоно гэж бодоогүй байсан. Гэтэл спартакиад хойшилж, тэмцээнд оролцох шийдвэрийг гэнэт гаргасан. Тиймээс манай гурван тамирчин хүндэтгэх шалтгааны улмаас уг тэмцээнд оролцож чадаагүй. Мөн зохион байгуулагчид тамирчдын байр, хоолыг даана хэмээн мэдэгдээд байсан. Гэвч тэд зөвхөн тоглогчдын байр, хоолны зардлыг даахаар төлөвлөсөн юм билээ. Тиймээс дасгалжуулагч маань явж чадаагүй.

-Шатар бол оюун санааны хурд, хүч шаарддаг спорт. Тэгэхээр их ядардаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Шатраар хичээллэж байгаа хүнд сэтгэл санаа төдийгүй биеийн хүчний бэлтгэл хийх шаардлага гардаг. Тиймээс дэлхийн шилдэг тамирчдын дийлэнх нь спортын өөр төрлөөр хичээллэдэг. Миний хувьд гүйлт, фитнессээр бага зэрэг хичээллэж байгаа. Түүнээс гадна тодорхой дэглэмд суралцчихсан учир бэлтгэл сургуулилт, хоол унд, амралт чөлөөт цагаа зохицуулаад, ядаргаанд орохоос сэргийлж чаддаг.

Тэмцээний үед зурагт үзэж, сонин уншиж, олон хүнтэй харилцахаас татгалзах зэргээр өргөөс өөр зүйл- сийг анхаарахгүй байхыг хичээдэг. Нэг ёсондоо өөрийгөө жижигхэн аква­риум дотор хорьж, нийгмээс тусгаарладаг.

-Амьдрал дээр аливаа шийдвэр гаргахдаа шатрын нүүдэл хийх гэж байгаа мэт удаан боддог уу, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө шийддэг үү?

-Шатар тоглож байгаа юм шиг үргэлж зөв нүүдэл хийхийн төлөө тархиа гашилгаад байдаггүй. Найзууд маань заримдаа «Чи арай дэндүү бодоод байна. Бидний санаанд ч ороогүй зүйлийг бодож олох юм» гэдэг л дээ. Гэвч би бодлоо тун амархан өөрчилчихдөг юм. Тиймээс ойр дотнынхон маань намайг их тэвчээргүй гэдэг.

-Тийм үү. Шатар хүнийг харин ч их тэвчээртэй болгодог юм шиг санагддаг шүү дээ?


-Суудлаасаа босолгүй, удаан хугацаагаар сууж, нягт нямбай бодож боловсруулсны эцэст нүүдэл хийдэг учраас их тэвчээртэй болдог. Аав маань «Хэчнээн давуу байдалтай байлаа ч өргөө дуустал «Би хожчихлоо** гэж бодож болохгүй» гэж зөвлөдөг юм. Би энэ зөвлөгөөг дагаж, ямар ч тохиолдолд өргөө дуустал анхаарлаа юунд ч сарниулахгүй байхыг хичээдэг. Гэвч би амьдрал дээр шатар тоглодог шигээ тэвчээртэй байж чаддаггүй юм.

-Та балчир наснаасаа шатраар хичээллэж, 15-хан настайдаа спортын их мастер цол хүртсэн. Энэ олон жилийн турш гагцхүү шатарт үнэнч байна гэдэг дэндүү уйтгартай биш үү?

-Бага байхад сонирхлыг минь олон зүйл татдаг байлаа. Нэгэн үе жүжигчин болохыг хүсч, дугуйланд хүртэл явж байлаа. Тэр үед аав маань «Хоёр туулай хөөсөн хүн оргүй хоосон хоцордог юм» гэж байсан. Би дугуйланд хэдхэн хоног яваад л «Энэ бол миний сонгох зам биш юм байна» гэдгийг ойлгосон доо. Харин шатар бол миний амьдралын асар том хэсэг. Гэхдээ би зөвхөн шатар тоглоод байдаггүй, заримдаа өөр зүйл оролддог. Бас нийгмийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр суралцаж төгссөн.

-Тийм ч танил бус мэргэжил байх чинь?

-Орост ч бас төдийлөн дэлгэрээгүй мэргэжил юм билээ. Ажил үүргийн хувьд нийгмийн ажилтантай төстэй боловч хүмүүжилд нь юу юунаас илүү анхаарал хандуулдаг мэргэжил л дээ. Суралцах хугацаандаа хичээлээс гадуур дадлага ажилд явахдаа ихэвчлэн нийгмийн эмзэг бүлэг болон асуудалтай хүүхдүүдтэй ажилладаг байсан.

-Тэднийг хүмүүжүүлэх хэцүү байв уу?

-Би нийгмийн сурган хүмүүжүүлэгч, шатрын дасгалжуулагч гэсэн хос мэргэжил эзэмшүүлдэг ангийг нь төгссөн. Тиймээс манай ангийнхан тийм ч хүнд хэцүү хүүхдүүдтэй ажиллаж байгаагүй. Гэр бүлд нь асуудал гарснаас асран хүмүүжүүлэх газар амьдарч, тэндээ боловсрол эзэмшиж, амьдралд суралцаж буй хүүхдүүдтэй ажилладаг байсан учир хүндрэлтэй асуудал тулгарч байгаагүй.

-Москвад хоёр жил оюутны байранд амьдарсан гэсэн. Тэр хоёр жил танд амьдралын их олон зүйлийг хэлж, зааж өгсөн байх даа?

-Эхний хэд хоног их хэцүү байсан. Хөнжил гудас, хувцас хунар, аяга таваг гээд бүх зүйлээ айлд орхичхоод, оюутны байрандаа юу ч үгүй хэд хоносон юм. Тэр үед «Ямар хэцүү юм бэ. Би харимаар байна» гэж бодогдож байсан. Сүүлдээ орчиндоо дасаж, ангийнхантайгаа нөхөрлөөд, биеэ дааж эхэлсэн. Их олон зүйлд суралцсан. Тухайлбал, би өмнө нь аав, ээжээсээ мөнгө авчхаад, түүнийгээ юунд зарцуулахаа төлөвлөж чаддаггүй байсан. Харин оюутны байранд амьдарснаар санхүүгийн асуудалд их болгоомжтой ханддаг болсон. Гэр орны ажилд ч суралцсан.

-Гэр орны ажилд мундаг болсон уу?

-Хийж чадна. Гэвч мун­даг сайн биш. Зарим хүн өдөр бүр интернэтээс шинэ хоолны жор хайж, гэр орныхоо интерьер дизайнд анхаараад л, гэрийн ажилд их дуртай байдаг. Харин би гэр орны ажилд тийм ч дуртай биш.

-Ихэнх хүн таныг ухаантай, томоотой, сайн охин гэж боддог. Өөрийгөө хэр сайн охин гэж дүгнэдэг вэ?

-Би айлын отгон хүүхэд учраас нэлээд эрх. Аливаа зүйлд аав, ээж хоёроосоо зөвлөгөө авдаг. Тэднийхээ үгнээс тэр болгон зөрдөггүй. Зөрөх тохиолдол хааяа гардаг ч хожим нь аав, ээж хоёрын минь зөв байсныг ухаардаг.

-Сайхан харагдах хүсэл бүсгүй хүн бүрт байдаг. Таны энэ хүсэл хэдийд хамгийн ихээр оргилдог бол?

-Янз бүр. Би уг нь өсгийтэй гутал өмсөж сураагүй. Ихэвчлэн биед эвтэй хувцас өмсдөг. Гэвч хааяа өсгийтэй гутал өмсөж, үсээ задгай тавиад, гоёж гангарах хүсэл өөрийн эрхгүй төрдөг.

-Тэгж гоёж гоодоод л болзоонд явна биз?

-Тийм ээ. Найз залуутай болсон.

-Хайр танд ямар мэдрэмж төрүүлж байна?

-Сайн хэлж мэдэхгүй байна. /инээв.сурв/

-Үерхэх саналыг хүлээж аваад, ямар нүүдэл хийх вэ гэж удаан бодож боловсруулав уу?

-Хэтэрхий их ухаан зараад байвал хайр дурлал биш болчих байх аа. Тиймээс сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Гэхдээ дан ганц сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй. Сэтгэл хөдлөл, оюун ухаан хоёр надад юу гэж зөвлөнө. Түүний алтан дунджийг олж л шийдвэр гаргах хэрэгтэй байх.

-«Надад өрсөлдөгчөө мадлах 100 хувийн боломж бай­даг» гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Хайр дурлалд ч мөн адил уу?

-Амьдрал дээр ямар ч юманд «Би хожиж чадна» гэж 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй. Шатар тоглож байхдаа би өөрийн мэдэлд байгаа цэргүүдээ хүссэнээрээ урагш давшуулж, ухрааж, заримдаа бүгдийг нь зольж чаддаг. Амьдралыг шатартай адилтгаж болохгүй. Би амьдрал дээр юуны ч төлөө бүхнээ золиослоно гэж хэлж чадахгүй. Би өнөөдөр аливаа зүйлийг урьдчилан төсөөлснөөрөө «Чадна» эсвэл «Чадахгүй» гэж хэлж болно. Гэвч тэр зүйлтэй халз тулгарах үед би өмнө нь ярьснаасаа огт өөр үйлдэл хийж болох шүү дээ. Эсвэл тулгамдсанаасаа болоод ямар ч үйлдэл хийж чадахгүй ч юм бил үү. Тиймээс амьдрал, хувь тавилангийн талаар урьдчилан хэлэхэд тун хэцүү.

Хүний хувь тавиланг зурчихсан байдаг гэдэгт би итгэдэг. Гэвч хүн ямар ч сонголт хийсэн, хувь тавилан огт өөрчлөгддөггүй гэдэгт итгэдэггүй. Мэдээж, аливаа сонголт алдаа, оноо хоёрын аль нэгэнд нь хүргэнэ. Тэрхүү сонголт зөв үү, буруу юу гэдгээс шалтгаалан үр дүн нь огт өөр гарна шүү дээ.

Би нэг номон дээрээс «Хувь тавиланг хэн нэгэн урьдчилан зурдаг. Гэвч хүмүүс сонголт хийж, тэрхүү зурагдсан замаас хальж, өөр зүг рүү алхдаг. Гэтэл түүний өмнөх зам дээр гэнэт хаалт гарч ирдэг. Тэр үед өөрийн сонголтоосоо буцаж, хувь тавилангийнхаа зураас руу зүглэх хүч хүнд байх хэрэгтэй» гэж уншиж байсан юм. Энэ үг надад их таалагдсан.

-Хүний гэргий, гэрийн эзэгтэй болох талаар хэрхэн төсөөлж байна вэ. Хурим хэмээх зүйл ойрын төлөвлөгөөнд тань байгаа юу?

-Эмэгтэй хүн бүр л хүний гэргий болох талаар өөрийн гэсэн мөрөөдөл, төсөөлөлтэй байдаг байх. Би ч бас төсөөлөн боддог. Гэхдээ нарийн ширийн зүйлийн талаар бол хараахан бодоогүй. Нэгэнт насанд хүрчихсэн учир удахгүй айлын бэр болох байх. Магадгүй, ойрын хэдэн жилээс хэтрэхгүй биз.

-Таны амьдралын зорилго?

-Ойрын гурван жилдээ ямар ч байсан шатраа орхихгүй. Түүнээс хойш юу хийж явахаа урьдчилан хэлж мэдэхгүй байна. Ямар ч бэрхшээлд ялагдаж, бууж өгөлгүй сайхан амьдралын төлөө зүтгэхийг хичээж л явна. Гэхдээ сайхан амьдрал гэдэг эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдар биш. Илт муу зүйл хийхгүй, сайн үйлс бүтээж, гишгэсэн мөрөө эргээд харахад харамсах зүйлгүй, сэтгэл хангалуун амьдрахыг л би аз жаргалтай амьдрал гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Баттуяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш