logo
Хэлмэгдүүлсэн бодол

Хэлмэгдүүлсэн бодол

2012/06/08
Шүд минь дурлалт хархүүдээ хаягдсан өрөвдөлт бүсгүйн зүрхнээс дор  өвдөнө. Тэсэхүйеэ бэрх өвдөх шүдний минь өвдөлтийг намдааж өгвөл би намгийн ногоон мэлхийтэй ч дуртайяа суухаар байв. Хэрэв “алтан загас” барьсан  бол шууд шүдийг минь эдгээж өгөөч, надад юу ч хэрэггүй, алтан тэвш ч хэрэггүй гэж өвдөг сөгдөн гуйхаар хорхойтой шүд минь өвдөнө.

Алтны уурхайн лицензтэй байсан бол түүнийгээ оронд нь өгөхөд ч бэлэн байлаа. Гэвч надад юун алтны уурхай, өдрийн унднаар хоёр хуушуур авч идэж чадахгүй ядарсан муу оюутан шүү дээ. Жоорлож байсан хэдэн цаасаараа үерхдэг охинтойгоо мөхөөлдөс авч “найрлаад”, хаврын жиндүү орой гудамжаар жаал “зугаалсан”-ыг хэлэх үү, халаасанд минь дэлгүүрийн тасалбараас өөр үнэт цаас үлдсэнгүй. Найз охинтойгоо юундаа ч үнсэлдэв ээ гэж ч бодлоо.

Шүд өвдөхөө мэдэхгүй яах гэж хүйтэн мөхөөлдөс авч идэвээ гэж гасаллаа. Найз охинтойгоо үнсэлдэж байгаад шүдний өвчний бактери авсан юм биш биз. Шүлсээр дамжсан юм бол уу? Түүний шүдийг бактертэй юү, бактергүй  юү би яаж мэдэх вэ. Би ямар бактери судалдаг лаборатор биш, нян судлалын үндэсний төв биш яахин мэдэх билээ. Эсвэл мөхөөлдсөн дотор янз бүрийн шүд өвдүүлэх нян байв уу? Мэдээж мөхөөлдөс хийх гол материал бол сүү. Сүүг хаанаас авах вэ? Гудамжинд зардаг бидонтой сүүгээр лавтай хийхгүй. Тэгсэн бол шүд минь биш бие минь бруцеллёз тусах байсан. Аа, тийм хуурай сүү гэж. Манайхан хуурай сүү үйлдвэрлэдэг билүү. Үгүй ээ. Үйлдвэрлэх байсан ч үйлдвэрлэхийг хүсэхгүй.

Дэргэд маань Хятад гэдэг бэлэн том фабрик байж байхад хуурай сүү үйлдвэрлэж онигоонд орохгүй. Хятадын хуурай сүүгээр хийсэн бол өвдөхгүй яах вэ. Тэд чинь монголчуудыг хордуулж дуусгаад үхэхээр нь газар нутгыг нь авах гэж байгаа хорон санаатнууд. Найз охин руу утастлаа. Адилхан шүд нь өвдөж байгаа бол уу гээд... Хоолой нь сөөсөн амьтан хулганы гөлчгийн дуугаар “ Миний хоолой таг. Чинийх зүгээр үү?” гэж шивэгнэнэ. Бас намайг хоолойны ангины ТББ-дээ нэгдүүлэх нь... Харин би шүдний өвчтэйчүүдийн холбоондоо түүнийг элсүүлэх гээд амжсангүй. Шагчин эгчээсээ таван мянган төгрөг зээлж аваад шүдний эмнэлэг рүү жирийлээ. Би үргэлж эгчээсээ мөнгө гуйхгүй.

Нэг сайхан өдөр өөрийн гэсэн ажилтай, мөнгөтэй болоод эгчдээ өрөө төлнө гэдэгт эгч минь гэгээлгээр итгэж явдагт эгчдээ би баярладаг. Гэхэдээ өрөө төлж чадахгүй шүдний өвчнөөр намайг “зуурдаар” явуулахгүйн тулд эгч минь өнөөдөр бүр гараа гаргаж, хөлдүү мах огтолчихмоор шинэхэн таван мянгатын дэвсгэрээр өрөөсөн хацар нь пиндийтэл хавдсан өрөвдөлтэй  дүүгээ  шүдний өвчнөөр хорвоог орхиж, газар дээрхи ганц эгчийгээ өнчрүүлчих вий хэмээн элэг эмтэрч нулимс гялтагнасан өвчинд шаналсан хоёр нүдийг нь шагнасан юм.

“Хорвоод төрүүлсэн ээжий минь Хосгүй буянтай” гэж дуулдаг ч “Мөрөн голын ус шиг Мөнгө зээлдүүлдэг эгчтэй байх сан” гэж ая зохиогчид маань сайхан дуу зохиогоорой гэж энэ далимд ёолох завсраа хорхойтой шүднийхээ завсраар хэдэн үг  унагачихъя... Шүдний эрэгтэй эмчээс би айдаг юм. Эр хүн бол эр хүн шүү дээ. Бадриун гарандаа бахь бариад шүд сугалах нь баавгай зарааны өргөс сугалж байгаа мэт эв хавгүй. Харин эмэгтэй эмч бол сайхаан. Зөөлөн булбарай гараараа өргөс сугалахаас амархан өвдөхгүй авдаг юм. Шүдний эмчийн өрөө хайгаад явж байтал “Шүдгүй Баяраа” надтай тааралдлаа.

Хорин настай залуу хоёрхон шүдтэй гэж байгаа. Гуч наслахад ч гомдолтой ёо. Шүдээрээ бол өвөө болчихжээ. Өвөө нар ч цагаа болохоор хиймэл шүдээ яралзуулаад  Баяраагийн дэргэд бол хорин тавтууд л даа. Амьдрал түүний шүдийг үнэхээр хайрласангүй. Урд насандаа тэр матар байсан болоод л энэ насандаа шүдээрээ барьцдаа  арилгуулсан  юм бол уу, өрөвдмөөр ч юм даа хүний тавилан. Хувь заяатайгаа шүдээрээ эвлэрээгүй Баяраа зурамны шүд шиг үүдэн хоёр шүдээ гайхуулах мэт амаа ангайлган ярих нь олон хүний дунд ичмээр. Гэтэл тэр огт ичихгүй. Амаа улам том ангайлгаж байгаад ярина. Алтан шүдтэй байсан бол ч яахав гэх сэн. Нөгөө муу тулаанаас амьд үлдсэн хоёр шүд нь орсгой, дээр нь дарийн утаанд түлэгдсэн мэт тамхины утаанд шав шар. Баяраа миний зовлонт царай, хавдсан хацрыг харж, өрөвдөх нь битгий хэл дооглон хөхөрч,

-Амандаа теннисны бөмбөг хийчихсэн  мэт харин чамд наад фигур чинь зохисон байна тохуурхав. Юун тоглохтой манатай, мажийх шахсан амьтан уур хүрээд түүнийг цохиод авмаар санагдав. Баяраа инээдээ барьсанаа,

-Чи намайг яагаад шүдгүй болсоныг мэдэх үү гэж аминчлан асуув.

-Мэдэхгүй. Хүүхэд байхдаа шүдтэй байсан биз дээ чи. Хүүхдүүдтэй муудалцахаараа аймаар хаздаг байсаныг санаж байна

-Чамтай бөмбөг тоглож байгаад зодолдсоныг чи санахгүй байна уу? Би чиний шуун дээрээс хазаад... Дараа нь танай ээж, манай ээж хоёр үс гэзгээ зулгаалцан “поогоодоод”... Сүүлд нь манай аавтай танай аав салам нүдэлцээгүй юү. Хорооны цагдаа нар ирээд салгах гэсэн биш нэг цагдаа нь манай аавын талд ороод, нөгөө цагдаа нь танай аавын танил билүү, талцаж муудалцаад бөөн юм болоогүй юү. Тэр үед тог хязгаарласан байсан тул үзэх юмгүй хүмүүс цонхоороо “үнэгүй тоглолт” үзээд...

-Чи наадах “гоё” дурсамжаа намайг шүдээ “янзлуулсаны” дараа ярь л даа. Дугаар авах хэрэгтэй байна.

Ядаж байхад миний “хамаатангууд” яасан олон юм бэ? Бүгдээрээ сүүлчийн замд гарсан юм шиг гуниг царайтай. Баяраа бид хоёр арваад хүний ард зогсож, дугаар хүлээх зуур түүний сэмхэн надад зөвлөж хэлсэн үг миний өвчтэй шүдийг бараг “эрүүл” болгох дөхөв. Хөөрхий над шиг хөмхийгээ зүүсэн шүдний дайрлагад өртөгсдийн нүдийг хариулан “Шүдгүй Баяраа” ийн ярилаа.

-Би яагаад шүдгүй болсон бэ гэвэл эмч нартай би ердөө таардаггүй юм. Чи миний характерыг сайн мэднэ дээ. Ямартаа л чамтай бөмбөг тоглож байгаад баруун хөлөөрөө өшиглөсөнгүй зүүн хөлөөрөө гоол хийлээ гэж чамтай муудалцах вэ дээ. Эмч шүд авахаар  тариа хийхэд нь та миний эрүүл шүдийг авчихгүй биз гэж дургүйгий нь хүргэнэ. Эсвэл энэ шприц чинь ариутгасан уу гэж хэрүүл өднө. Багаж хэрэгсэл чинь цэвэрхэн байж чадах уу? гэж уурыг нь барна. Ийм эсэргүүн амьтныг чинь хэн эмчлэх юм бэ? Эмчилвэл хамгийн муугаар л эмчилнэ. Хэгжүүн амьтны хилэнг дарна гээд зориуд нянтай багажаар эмчилж улам өвчтэй болгоно. Анхнаасаа эмчтэйгээ буруу харьцсан бол тэр эмчийн гараас гарахгүй. Зуусан араандаа чиний шүдээр самар цөмж байгаа юм шиг ээлжлэн тоглоно. Энэ эмч намайг аврах биш “ална” гэсэн хардлага сэрдлэгээс үүдсэн  хар муу санаанаасаа болж би хамаг шүдээ шүдний эмч нарын “ажлын багаж” болгосон юм гэж Баяраа санаа алдав. Түүний зүг би горьдлого тээсэн харцаар харж,

-Гарыг нь хүндрүүлж болдоггүй юмуу? гэж сулхан дуугарлаа. Бодоод байсан чинь Баяраагийн хэлдэг үнэн юм байна. Ариутгаагүй зүү тариур, багаж хэрэгслээр эмч хүн хэнийг “гэсгээхээ” мэддэг байгаа. Салсан нөхрийнх нь хамаатан юмуу хадмын талын шүдний өвчтөнд бол хонгилын гэрэл будаа гэсэн үг. Эмчтэйгээ зөв харьцаж байж таны эрүүл мэнд цаашид гялалзах гялалзахгүйгээ шийдэнэ.
-Дараагийн өвчтөн ороорой гэх сувилагчийн дуугаар би давхийн цочив. Баяраа миний мөрөн дээр алгадсанаа,

-Амжилт хүсье, гайхуулмаар олон шүдэт минь гэж егөөдөнгүй хэлээд явлаа. Эмчийн суу гэсэн тусгай сандал дээр би биеэ хураан эвхрэн суулаа. Баяраагийн араас “орох уу” өврөөс “орох уу” гэдгийг миний амнаас гарах үг шийдэх болно. Баяраа өөрөө арчилж хамгаалж чадалгүй “шүдгүй” болсон ч бай, хүүхэд байхадаа олон хүүхэд хазаж бурханыг хилэгнүүлсэн ч бай, үнэхээр шүдний эмч нарын нүдэнд хүйтэн харагдаад бохирдсон багажаар шүдэндээ халдвар авахуулан олон жил шүдний эмч нартай харгалдсан ч бай, тэр бол миний туулах ёстой “зовлон” биш. Түүний зам, миний зам өөр. Түүний шүдний бүтэц, миний шүдний бүтэц хоорондоо огт өөр. Би ч бас аминдаа хайртай. Шүдэндээ бүр хайртай.  

Оо сойз хоёртой өдөр болгон нөхөрлөдөг нэгэн. Тэр эмч нарын уцаарыг төрүүлдэг бол би тэгэхгүй. Дурыг нь хүргэнэ. Миний хүрэмний дотуур халаасанд найз охиндоо бэлэглэх гэж хадгалсан самартай шоколад байна. Би түүнийг одоохон энэ эмч хүүхэнд өгч, гарыг нь хүндрүүлнэ. Азаар, эмэгтэй эмч таарчээ. Гар нь яасан зөөлөн энхрийхэн байгаа бол? Ийм энхрий зөөлөн гаранд би хайртай. Найз охины минь жижигхэн гар булбарайхан ч гэсэн энэ эмчийн гар түүнийхээс илүү торго шиг л байгаа гэдэгт би зуун хувь итгэж байна.

Тэгэхдээ юмыг яаж мэдэхэв, дутуу ариутгасан нянтай багажаар намайг эмчлэх вий. Нэг шүд авах гэсэн биш нөгөөгий нь өвчлүүлвэл яана. Тэгээд гурав дахь, дөрөв дэх, эцэст нь найз охинтойгоо мөхөөлдөс авч идэх мөнгөө Баяраа шиг “шүдгүй” болохын төлөө зориулвал юу нь сайн байна. Баяраагийн харддаг зөв. Хардана сэрдэнэ гэдэг цагдаагийн байгууллагын мөрийн хөтөлбөр биш. Энэ бол хүн бүрийн тархинд байдаг “шүдний өвчин”. Гудамжинд зарж байгаа хуушуурыг нохойн мах мөнүү гэж хэн ч гэсэн хардана биз дээ. Эмч минь, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд үнэнч зогсох хэрэгтэй шүү. Тангараг мангараг гээд цэргүүд шиг төрийн тугийн өмнө сөгдсөн биз дээ та нар. Өргөсөн тангарагнаасаа урвавал яах билээ. Сэлэм гялс толгой бөндгөс ... Юу ч гэсэн таныг шоколадаар дайлаадахъя. Юу энэ чинь таньдаг царай... хаана үзлээ. Намайг санах ойтойгоо “зууралдах” зуур эмч миний царай руу тонгойн харсанаа,

-Сайн уу? Ямар том болоо вэ? Чи чинь Шар Цэндмаагийн дүү байна шүү дээ гэж дуу алдлаа... Тиймээ, би дүү нь. Дотно найз Цэндмаагийнхаа төрсөн дүүг “авраарай” гэж тэр мөчид би амандаа залбирав. Шар улаан нь хамаа байж уу, Цэндмаа гэж манай өнөөх шагчин эгч л дээ.  Ямар ч л байсан Баяраагийн “замаар” явахгүй юм байна би ! ! !

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш