“Алтантариа”, “Улаанбаатар гурил” гурилын үйлдвэрүүдийн буудайны нөөц дууссаны улмаас үйлдвэрлэлтээ зогсоожээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүд болон хүнсний захуудад “Алтантариа”, “Улаанбаатар гурил”-ын 10 килограммын савлагаатай гурил олдоц муутай байна. Зарим газарт ийм савлагаатай нэг болон дээд сортын гурил тасарчээ. Энэ талаар “Улаанбаатар гурил” үйлдвэрийн ажилтнаас тодруулахад буудайгүйн улмаас үйлдвэрлэлт түр зогссон боловч маргаашнаас хэвийн үргэлжилнэ гэлээ. Харин “Алтантариа” гурилын үйлдвэрийн маркетингийн менежер “Манай үйлдвэрт одоогоор ямар ч гурил байхгүй. Хэзээ буудайтай болно тэр үед үйлдвэрлэлтээ хэвийн үргэлжлүүлнэ. Зах зээлд гурилын нөөц ямар байгааг сайн мэдэхгүй байна” гэв. Тус үйлдвэр энэ сарын 20-ныг хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон бололтой. Нэг болон 20, 30, 50 килограммын савлагаатай гурил харьцангуй олдоцтой байна. Харин 10 килограммын савлагаатай нь хүнсний хэрэглээнд өргөнөөр ашиглагддаг тул ийнхүү тасарчээ.