logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзлаа

2012/06/09
Уулзалтын эхэнд ноён Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Таныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Бид уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох завшаан олдсонд баяртай байна” гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , БНХАУ-ын дарга Ху Жиньтаод дээд түвшний уулзалтад урьсанд талархал илэрхийлээд, ШХАБ-ын үйл ажиллагаа амжилттай явагдахад БНХАУ чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэсэн байна.
“БНХАУ 2011-2012 онд тус байгууллагыг даргалах үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж байна. ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, олон улсын нэр хүнд нь өсч буйд Монгол Улс ажиглагч орны хувьд баяртай байдаг юм. Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү бодлогыг УИХ-ын сонгуулиар байгуулагдах шинэ Засгийн газар тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Хоёр талын улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх үүднээс өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр улсын парламент, улс төрийн намуудын хооронд солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байдаг. 2012 он гарсаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, БСШУ-ны сайд нар БНХАУ-д, БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга нар Монгол Улсад айлчилсан. Энэ дашрамд БНХАУ-ын дарга таныг болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуог Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа  шинэ агуулга, хэлбэрээр өргөжин тэлж байна. Цэргийн хамтарсан сургуулийг үргэлжлүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохирцоонд хүрсэн нь чухал юм. Мөн уламжлалт бус аюулгүй байдлын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний стратегийн түншлэлийн чухал хөдөлгөгч хүч билээ. Хятад бол манай хамгийн том худалдан авагч, хөрөнгө оруулагч. Бид цаашид ч Хятад улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэхдээ байгаль орчинд халгүй, өндөр технологи шингээсэн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах сонирхолтой байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хятадын талаас дэмжиж, хөнгөлөлттэй зээл, тусламж олгож ирсэн талархал илэрхийлье” гэж Ерөнхийлөгч хэлжээ.
БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч та Монгол, Хятадын харилцааг чухалчлан үзэж байдагт талархаж байгаагаа илэрхийлье.  Манай улс хөрш Монгол Улстай мөр зэрэгцэн , гар гараасаа барьж хөгжих эрмэлзэлтэй байдаг билээ.
 
Манай хоёр оронд улстөрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, алсыг харах чиг баримжаа чухал юм. Манай хоёр орны харилцаа бүх түвшинд хөгжиж , худалдаа, эдийн засгийн шинэ амжилтууд бий болж байна. Бидний хамтын ажиллагаа үеийн үед ийнхүү амжилттай байх нь чухал юм.
 
Эрхэм Ерөнхийлөгч та намайг болон У Бангуо даргыг өөрийн оронд айлчлахыг урьсанд баярлалаа. 2003 онд танай оронд хийсэн айлчлал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Бид төрөл садан шиг байх ёстой. Таныг энэ удаад манай оронд айлчилсанд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ху Жиньтаод хоёр орны харилцааны талаар алсыг харсан үг хэлсэнд талархал илэрхийлээд хоёр талын хамтын хүч чармайлтаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш