logo
Арабын ертөнцөд аргамжаатай Монгол шонхрын эмгэнэлт хувь заяа

Арабын ертөнцөд аргамжаатай Монгол шонхрын эмгэнэлт хувь заяа

2012/06/09

Шувуу дураараа дүүлэн халих тэнгэртээ, загас шумбан умбах усандаа хамгаас жаргалтай байдаг байх. Хүн бид ч ялгаагүй элэг бүтэн амьдралдаа жаргалтай байдаг. Ингээд бодохоор амьд ертөнц бүхэлдээ оноогдсон хувь тавиландаа захирагдаж амьдардаг ажээ. Гэтэл зарим амьтдын энэхүү хувь тавиланг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл байсаар байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх гэдэг шиг аашлах хүмүүс эх нутгийнхаа тэнгэрт элин халин нисэлдэх шонхор шувууны хувь заяаг эрс өөрчлөөд байгаа юм.

Монголын урин цагт хаанахынх  нь тодорхой бус хар шил, цагаан алчуураар “гангарсан” харийнхан тал нутгаар минь жийп хөлөглөн тоос манаргаад олон жилийг үдэж байна. Тэд бол арабууд. Харамсалтай нь арабууд Монголын хууль журам дээгүүр шавхай татуулан туучсан нь олон удаа. Тэд шонхор барихдаа тогтоосон тоог хэтрүүлж, хээлтэй шаргачин, тарвага агнаж, отог дээрээ очсон сэтгүүлчид рүү чулуу шидэж, хүрз барин сүрдүүлж байсан тохиолдол бий.

Мөн Баруунтуруунд байрлаж байсан отогт шалгалт хийхэд идлэг шонхрын гурван үхсэн зулзага, найман тагтаа, Катарын отгийнхны хогийн цэг дээр цагаан зээрийн таван толгой, арьс, хээл, тарваганы хоёр нойтон арьс, зээрийн сэг зэм байгааг олж тоггоож байсан билээ. Тэд 60 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч 14-ийг нэмж барин хууль зөрчсөн байлаа.

Энэ мэдээлэл нийтэд хүрсний дараа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж, ингэхдээ нэмж барьсан шонхрыг өөр отгийнх гэх хаацайлсан тайлбар хийж билээ. “Тэд хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явагдаж байна. Идлэг шонхор хилээр гаргаснаар улсын төсөвт 2.5 сая ам.доллар төвлөрсөн нь их мөнгө шүү дээ" гэж хэнэг ч үгүй ярьж байсан нь одоо ч санаанд илхэн байна. Шонхрыг хамгаалах ёстой газар нь ийм тайлбар хийгээд сууж байхаар энэ шувууны хувь заяа хаашаа эргэж байгаа нь тодорхой юм.

Эргээд нэг бодъё. 1996 оноос эхэлсэн шонхрын хууль бус наймаанаас Монгол юу хожсон бэ. Уг нь идлэг шонхрыг олон улсын хэмжээнд хилээр гаргахыг хориглосон дүрэм журам бий. Шалтгаан нь тоо толгойн хувьд нэн ховордож байгаа амьтан юм. Гэтэл манай улс үүнийг үл хайхран жилд дунджаар 260-300 шонхор шувууг Арабын ертөнц рүү экспортолсоор ирсэн гэх мэдээ байна. Мэдээж үүний үр дагавар нь энэ жигүүртний тоо толгой жил ирэх бүр цөөрч байгаа. Мэргэжлийн байгууллагын судалгаа тооллого үүнийг нотолж буй юм. Тодруулбал, Шинжлэх ухааны академийн судлаачид 2001 онд тоолоод 3000 үржлийн хос байна гэсэн тооцоог гаргажээ. Үүнээс долоон жилийн дараа 2008 оны хяналтын тооллогоор 1800 орчим үржлийн хос байх магадлалтай гэжээ. Хэрэв энэ хурдаар цөөрвөл хэдэн жилийн дараа л Монгол шонхрынхоо дансыг дугуйлах хувь заяа хүлээж байна. Шонхор шувуу монголчуудын амьдрал, түүхтэй салшгүй холбоотой. Марко Пологийн бичсэнээр Чингис хаан 1200 шонхор шувуутай байсан гэх. Шонхор шувуу ховордохоор мал амьтны халдварт өвчин нэмэгддэг гэж хөдөөгийнхөн маань ярьдаг билээ. Угтаа бол арабууд хаагуур сэлгүүцэж, хэдэн шонхор барьж, тэдний үр төлийг хэрхэн хөнөөж байгааг бид мэдэхгүй. Тиймээс нутгийн иргэд л шонхор шувуугаа бариулахгүй гэж тэмцэх төдий байна. Төв, Баянхонгор, Хэнтий аймгийн иргэд нутгаасаа идлэг шонхор бариулахгүй гэж эсэргүүцэж байсныг санаж байна. Үүний хариуд БОАЖ-ын сайд асан Л.Гансүх “Иргэдээс идлэг шонхор гаргахгүй гэсэн санал, гомдол ирвэл экспортлохгүй байж болно” гэж хэвлэлийн хурал дээр мэдээлж байсан билээ. Гэвч энэ мэдээллийг хийснийхээ дараа 240 шонхор экспортлох эрхийг Катар, Араб, Эмират, Кувейтийн 140 орчим иргэнд олгосон байж билээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар тогтжээ. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ. Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарсан байна. Монголчууд ан агнахдаа хүртэл тухайн амыны үр зулзгыг нь өсөг гэж буу шагайдаггүй уламжлалтай. Гэтэл манай улс шонхор хилээр гаргахдаа нас, хүйсийг нь тодорхойлдоггүй бүдүүн бараг байдлаар ханддаг. Энэ нь шонхор шувууны өсөлт үржилтэд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Монголчуудын хэнэггүйг далимдуулж арабууд шонхрын зулзага олноор барьж, нэлээдийг нь үхүүлсэн байсан тохиолдол ч гарсан юм.

Шонхор бол хосоор амьдардаг шувуу. Араб, Катараас ирж идлэг шонхор экспортлож байгаа отгийнхон нь эр, эм шонхрыг хосоор нь барьж, хил дээр очоод шалгалтад орохдоо эрииг нь буцааж тавьдаг гэсэн ам дамжсан яриа байна. Ингэхэд эр шонхор шувуу эмийнхээ араас нисч очдог гэсэн ч яриа бий. Нэг ёсондоо Монголоос буцаж буй отог барьсан шонхор шувуунаасаа багагүй тооны шонхор дагуулж нутгийн зүг нисдэг гэсэн үг юм. Тийм байхыг үгүйсгэхгүй. Арабын наймаачид эм шонхрыг “өдтэй кокаин" гэж нэрлэдэг нь ийм учиртай байж ч болно. Эм шонхор барих нь тэдэнд ашигтай бол харийнхан энэ мэтийн хөнгөн залийг гаргах нь наад захын үзэгдэл биз ээ. Монгол нутгийн жигүүртэн ийнхүү Арабын ертөнцөд аргамжаатай байсаар байна. Магад энэ үзэгдэл мөддөө арилахгүй байх. Улсад орлого орууллаа гээд шонхор шувууг хоморголон устгаж болохгүй биз дээ. Ядаж төр засгийн зүгээс зөвшөөрөл олгосон хэмжээндээ энэ шувууг барьж байна уу гэдэгт анхаарал хандуулж хяналт тавих хэрэгтэй байгаа юм. Мөнгийг олж болох боломж бидний өмнө нээлттэй байна. Дэлхийн стандартад нийцэхүйц мах боловсруулах томоохон үйлдвэр барьж ашиглалтад оруулж бүтээгдэхүүнээ экспортлоход л Монголын эдийн засаг сэргээд ирнэ. Харин шонхор шувууг мөнгөтэй байлаа ч шинээр үйлдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Ямартай ч энэ онд 150 идлэг шонхор эх нутагтаа дураар нисэх эрх чөлөөгөө хасуулах нь. Халхавч нь тэд юм байна. Харин цаана хэд юм бол доо.

Ж.Тагтаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш