Энэ оны 9-р сарын эхээр Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэх арга хэмжээ Москва, Санкт-Петербург, Хабаровск, Эрхүү, Екатеринбург, Ярославль зэрэг оросын янз бүрийн хотод болж байна. Ийм газар зүйн өргөн хүрээ бүх Оросын оюун,технологи, нөөцийн чадавхийг гадаадын түншүүдэд үзүүлэх боломж олгож байна. Саяхан БНТатарстан Улсын нийслэл Казан хотноо Ази Номхон далайн бүс нутгийн орнууд түүний дотор Хятад, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайландын хөдөө аж ахуйн сайд нар Орос улсын хүнсний бүтээгдэхүүний хэмжээ,боломжийг үнэлэв. Орос улс бүх Азийг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж мэднэ гэсэн санал сонсогдлоо.
Хүнсний аюулгүй байдлын асуудал жилээс жилд хурцдаж байна. Санхүү-эдийн засгийн хямрал үргэлжилж, дэлхийд өлсгөлөнд нэрвэгдэсгдийн тоог 1 тэрбумд хүргэв. Хүнсний бүтээгдэхүүний асуудал Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг ч хамрав. Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдэгсдийн бараг дөрөвний нэгэн нь бүс нутагт ногдож байна.
Орос улстай хамтран ажиллаж АНДБН-ийн олонхи улсын хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж болно гэж Оросын Геополитикийн магадлан шинжлэх төвийн захирал Валерий Коровин үзэж байна. Тэрээр хэлэхдээ
«Орос дэлхийд хамгийн өргөн уужим тариалангийн талбайтай. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх ШУ-ны дорвитой суурь ч байгаа. Жишээ нь Вьетнамын агаар оросынхоос газар тариаланд илүү таатай байна. Гэвч тариалангийн талбай дутагдаж байна. Түүнээс гадна Вьетнамд мэргэшилитэй агрономичид шаардагдаж байна. Манай орон тэднийг бэлтгэх боломжтой юм. Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн салбарт дээд зэргийн технологийг хэрэглэж байна. Гэсэн ч газар талбай дутагдав. Номхон далайн бүс нутгийн олонхи улс Оростой хөдөө аж ахуйн ба өөр тухайлбал эдийн засаг, бүр геополитикийн салбарт харилцан ажиллаж, хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилтыг биелүүлж чадна. Орос, Японы хоорондын хамтын ажиллагаа ялангуяа загас барих, ахин боловсруулах салбарт их хэтийн төлөвтэй» гэв.
Казанд хийсэн уулзалтын үр дүнгээр хөдөө аж ахуйн асуудлаар орос-японы яриа хэлэлцээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурав. Эдгээр хоёр улс Номхон далайн баруун-хойд хэсэгт загасны нөөцийг оновчтой хэрэглэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр нэн даруй байгуулах нь зайлшгүй чухлыг хүлээн зөвшөөрөв. Японы талаас үр тариа үйлдвэрлэх, хадгалах үйлдвэруудийг оросын Алс Дорнодод барихад хөрөнгө оруулахыг санаачлав. Өнгөрсөн онд Орос Японы хоорондын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлт бараг 260 сая долларт хүрчээ. Үүнд Оросын экспорт зонхилов.