logo
Мексик эмч нар гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна

Мексик эмч нар гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна

2012/06/11
Тогонд цохиулж хоёр гар нь хүндээр түлэгдсэн Мексик залууд гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Эмч нарын мэдээлснээр тэрээр Латин Америкт энэ төрлийн мэс засал хийлгэсэн анхны хүн болсон байна. Хоёр хүүхдийн аав, 52 настай Габриел Гранадос Вергарагийн хоёр гарыг тохойных нь хэсгээр тайраад байсан бөгөөд алтан гартай эмч нар түүнд 34 настай хүний гарыг шилжүүлэн суулгажээ.
Доктор Мартин Иглесиас мэс заслыг ахлан явуулсан байна. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр мэс засал нилээд хүнд болсныг хэлээд өвчтөн шинэ гараа мэдэрч эхэлсэн гэдгийг онцолжээ.
Мехико хотын прокурорын газрын санхүүгийн албаны ажилтан Гранадос Вергара ярихдаа "Маш удаан гаргүй амьдарсан, одоо дахин гартай болсондоо баяртай байна, энэ үнэхээр гайхалтай" гэсэн байна.
Мэс заслыг тавдугаар сарын эхээр хийсэн бөгөөд Вергараг өнгөрөгч пүрэв гаригт эмнэлгээс гаргажээ. Эмч нар түүний шарх сайн эдгэсэн гэдгийг хэлсэн байна.
Гранадос Вергара 2011 оны нэгдүгээр сард барилгачдад хашлага барихад нь заавар өгч байхдаа тогонд цохиулж хоёр гар нь хүндээр түлэгдсэн бөгөөд улмаар гараа тайруулжээ. Эмч нар мэс засал хийхээсээ өмнө хүний цогцсон дээр туршилт хийж үзсэн байна.
Эмч Мартин Иглесиас хэлэхдээ "Нэг гарыг шилжүүлэн суулгах мэс засал маш хэцүү, гэхдээ хоёр гар шилжүүлэн суулгах нь илүү их ажиллагаа шаарддаг, гэхдээ бид өмнө нь бэлтгэл хийснийхээ ачаар энэ мэс заслыг амжилттай хийлээ" гэжээ.
Мексик эмч нарын хэлснээр гар шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай 23 өвчтөн байгаа гэнэ. Гэхдээ тэдний зургаад нь л мэс заслыг амжилттай хийж магадгүй юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш