logo
Путин өөртөө

Путин өөртөө "ашигтай" хуулийн төсөлд гарын үсэг зурав

2012/06/11
Баасан гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нийгмийн хэв журмыг зөрчсөн, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хүмүүст оногдуулах торгуулийг ихээр нэмэгдүүлэх заалт бүхий хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Түүнийг эсэргүүцэгчид удахгүй цуглаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Путин хуулийн төслийг ийнхүү баталгаажуулсныхаа дараа энэ хуулийг Герман, Испани, Их Британи, Францын хуулиудтай адилтгасан байна.
Тэрээр мэдэгдэхдээ "Миний дээр дурдсан улсуудад хэрэгждэг ижил төрлийн хуулинд заасны дагуу авдаг арга хэмжээнүүдээс хатуу зүйл заалт энэ хуульд нэг ч байхгүй, ард иргэд хурал цуглаан зохион байгуулж, дотоод асуудал, эсвэл гадаад бодлогын талаар үзэл бодлоо илэрхийлэхэд энэ хууль саад болохгүй, тэдний эрх чөлөөг ямар нэг байдлаар огт хязгаарлахгүй, гагцхүү аливаа жагсаал цуглааныг жагсаалд оролцоогүй бусад иргэдэд хохирол учруулахгүйгээр зохион байгуулах хэрэгтэй" гэжээ.
Шинэ хуулиар зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хүмүүст оногдуулах торгууль 150 дахин нэмэгдэж, Оросын дундаж цалинд дөхөж очсон байна. Өөрөөр хэлбэл одоогийн 2.000 рубль буюу 60 америк долларын торгууль 300 мянган рубль буюу 9.000 доллар болж өсчээ. Мөн торгуулиас гадна иргэдэд оногдуулах шийтгэлийг ч чангаруулсан байна.
Өнгөрсөн оны парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулснаас хойш Оросын "царь" гэгддэг Путины эсрэг жагсаал олон удаа болсон билээ.
Тавдугаар сард ерөнхийлөгчөөр томилогдсон Путин жагсаал цуглаан зохион байгуулахыг нилээд боомилсон гэж хэлж болохуйц хуулийг ийнхүү баталлаа. Тэрээр сөрөг хүчний талаар баримтлах бодлогоо ч улам чангаруулсан байна.
Оросын удирдлагууд жагсаал зохион байгуулахыг сөрөг хүчнийхэнд тэр бүр зөвшөөрдөггүй бөгөөд зохион байгуулагчдад хотын төвөөс зайдуу газар цуглаанаа хийхийг санал болгодог.
Гэхдээ Оросын сөрөг хүчнийхэн ирэх мягмар гаригт жагсаал хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш