logo
Ким Чен Ун юу гэж хэлэв?

Ким Чен Ун юу гэж хэлэв?

2012/06/11
Лхагва гаригт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын цэнгэлдэх хүрээлэнд томоохон ёслолын ажиллагаа болжээ. Хүүхдийн Холбоо байгуулагдсаны 66 жилийн ойн арга хэмжээний үеэр удирдагч Ким Чен Ун үг хэлсэн байна.
Тэрээр мэдэгдэхдээ "Хүүхдийн Холбооны хүндэт гишүүд, нөхөд өө, та бүхэн манай хувьсгалын залгамжлагчид, ирээдүйд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс, манай нам хүчирхэг, хөгжиж цэцэглэсэн, социалист улсыг цогцлоон байгуулж, та бүгдэдшилжүүлж өгөх болно" гэжээ.
Умард Солонгосын хүүхдийн холбоо нь төрийн мэдлийн байгууллагуудын нэг бөгөөд есөөс 14 настай хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ням гаригт эхэлсэн фестивалийн хүрээнд хүүхдүүд Пхеньян хотоор явж амьтны хүрээлэнд зочлохоос гадна улс төр, соёлын арга хэмжээнүүдэд оролцох юм байна. Умардын төрийн мэдлийн телевизээр энэ арга хэмжээг шинэ удирдагчийн хүүхдүүдэд барьж байгаа бэлэг гэж мэдээлжээ.
Умард Солонгосын хүүхдийн холбооны ойн арга хэмжээг энэ жилийнх шиг өргөн хүрээнд тэмдэглэж байгаагүй юм байна.
Ким Чен Ир Умард Солонгосыг удирдах хүртлээ бараг 20 жил бэлтгэгдсэн. Харин Ким Чен Ун өвөө эцэг хоёроо бодвол харьцангуй залуудаа төрийн эрхэнд гарсан билээ.
Зарим ажиглагчдын мэдээлдгээр 24 сая хүн амтай Умард Солонгосын удирдлагууд зэвсэглэл, цэрэг армидаа ихэнх төсөв хөрөнгөө зарцуулдаг бөгөөд энэ улсад ядуурал өлсгөлөн газар авчээ. Барууны улсууд Пхеньян гадны улсуудаас олгосон хүнсний тусламжийг өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэддээ биш цэрэг армидаа зарцуулж байж магадгүй гэж үздэг.
1945 онд Японоос чөлөөлөгдсөний дараа Ким Ир Сен хүчирхэг, баян чинээлэг улсыг байгуулна хэмээн амлаж байжээ. Харин 70 жилийн дараа түүний ач хүү, их удирдагч Ким Чен Ун  ард түмнээ тэжээж чадахгүй байна.
Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Хойд Солонгос өнгөрөгч дөрөвдүгээр сард пуужин хөөргөхөд ойролцоогоор 850 сая доллар зарцуулжээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 80 орчим хувийг буюу 19 сая хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм байна.
Дэлхийн банкнаас мэдээлснээр Умард Солонгосын хүн ам 2010 оны байдлаар 24.3сая байжээ. Энэ улсад жилд 400 мянган тонн хүнс дутагдалтай байдаг учраас олон улсаас тусламж авах шаардлагатай байдаг юм. Хойд Солонгост гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд орсон байна. Умардын тал пуужин хөөргөхөө зарласны дараа АНУ Пхеньянд олгохоор төлөвлөж байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа цуцалжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш