logo
Кенийн засгийн газрын гишүүн нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

Кенийн засгийн газрын гишүүн нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

2012/06/12
Кенийн дотоодыг аюулаас хамгаалах яамны сайд Жорж Сайтоти ням гаригийн өглөө нисдэг тэрэгний осолд орж нас барсан тухай энэ улсын албаны хүмүүс мэдээллээ. Сайтоти болон дэд сайд Орва Ожоде нарын сууж явсан нисдэг тэрэг нийслэл Найроби хотын баруун хэсэгт осолдсон байна. Кенийн ерөнхийлөгч Мвай Кибаки гурван өдрийн гашуудал зарлажээ. Ослын улмаас сайд, дэд сайдаас гадна бие хамгаалагчид болон хоёр нисгэгч зэрэг зургаан хүн амиа алдсан байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 66 настай Сайтоти ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөөд байжээ. Тэрээр ням гаригт хуралд оролцохоор явж байсан байна.
Кенийн ерөнхий сайд Райла Одинга нисдэг тэрэг осолдсон газарт очиж, ослын шалтгааныг нарийн мөрдөн шалгахаа амлажээ.
Жорж Сайтоти нь Кенийн улс төрд нөлөөтэй хүн байсан юм. Сүүлийн 30 жилийн турш өндөр албан тушаалуудыг хашиж байсан тэрээр дэд ерөнхийлөгчөөр хамгийн олон жил ажилласан хүн юм байна. Математикийн ухааны профессор Сайтоти 1983 онд Даниел Арап Мойгийн засгийн газарт сангийн сайдаар ажиллах эхэлсэн бөгөөд 1988 онд дэд ерөнхийлөгч болж байжээ.
Ерөнхийлөгч Кибакигийн үед дотоодыг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан тэрээр Сомалийн Ал-Шабааб зэвсэгт бүлгийн эсрэг ажиллагааг бүрэн дэмждэг байсан байна. Кенийн удирдлагууд өнгөрөгч 10-р сард Сомали руу цэргээ илгээсэн бөгөөд тэдгээр цэргүүд Ал-Шабааб бүлгийнхний эсрэг тулалдсаар байгаа юм.
Сайтоти ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрөгч 11-р сард зарлаад байжээ. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдаагүй бөгөөд одоогийн ерөнхийлөгч Кибакигийн бүрэн эрхийн хугацаа 2013 оны нэгдүгээр сард дуусгавар болох юм. Ерөнхий сайд Одинга ч мөн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.
Кенид 2007 оны 12-р сард болсонерөнхийлөгчийн сонгуулийн дараа үймээн самуун дэгдсэний улмаас 1.500 орчим хүн амь үрэгдэж байжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш