logo

"IOS 6" үйлдлийн системийг танилцууллаа

2012/06/13
Apple компани өнгөрсөн даваа гарагт Сан-Франциско хотод болсон "WWDC"-гийн бага хурлын үеэр "iPhone" смартфон, "iPod touch" болон "iPad" планшет компьютерт зориулсан үйлдлийн системийн шинэ хувилбар болох "iOS 6"-г танилцуулжээ.
Шинэ хувилбар нь 200 орчим шинэ функцтай болсноороо онцлог байна.
"iOS" үйлдлийн системийн ухаалаг туслагч болох Siri программыг iPad-ын гурав дахь хувилбарт ашиглах боломжтой болжээ. Урд нь Siri программыг зөвхөн "iPhone 4S" гар утсанд ашигладаг байсан юм.
Мөн "FaceTime" видеочат нь гар утасны сүлжээ тасарсан үед ч ажиллах бөгөөд өмнө нь уг чатаар зөвхөн Wi-Fi-д холбогдсон үед харилцаж болдог байжээ. Хэрэглэгч "Apple ID"-гаа гар утасны дугаартайгаа "холбон" iPhone утаснаас ирж байгаагаа дуудлагыг "мак" дээр авч болох гэнэ.
Apple компанийнхан бас "Safari" программыг шинэчилжээ. Хэрэглэгчид мөн "Photo Stream"-ийн зургуудаа найзуудтайгаа солилцох боломжтой болсон байна. Түүнчлэн шуудангийн үйлчилгээнд "чухал хаягуудыг" нэмж оруулснаас гадна, iOS-д "Passbook" гэдэг шинэ программ нэмж оруулжээ. Уг программд киноны тасалбар эсвэл онгоцны тийз гэх зэрэг хэрэглэгчийн цахим тасалбарууд хадгалагдах ажээ.
"iOS 6" үйлдлийн системийн "Газрын зургийн" программд "Google Maps"-ын оронд "Apple"-ийн газрын зургийг ашиглах бөгөөд түүнд зам тээврийн ослын тухай мэдээлэл өгдөг программ суулгасан байна. Мөн "Газрын зураг" нь "Siri" программтай холбогдох ажээ.
"Газрын зургаас" хотуудын 3D загварыг харж болох гэнэ. Гэхдээ чухам ямар хотуудын газрын зураг 3D хувилбараар байх нь одоогоор тодорхойгүй байна.
Apple компани шинэ үйлдлийн системээ зургадугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргажээ. "iOS 6"-г iPad-ын хоёр, гурав дахь хувилбар болон iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S, iPod touch-ийн дөрөв дэх хувилбарт суулгаж болно.
"iOS" үйлдлийн системийг 2007 онд " iPhone OS" нэртэйгээр гаргасан бөгөөд уг үйлдлийн системийн тав дахь хувилбарыг "Apple" компани өнгөрсөн онд танилцуулсан билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш