logo
Хөлбөмбөгийн дүрмэнд

Хөлбөмбөгийн дүрмэнд "салхи оруулах" шаардлагатай болжээ

2012/06/13
ХӨЛБӨМБӨГИЙН ДҮРМЭНД "САЛХИ ОРУУЛАХ" ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ+++
-150 жилд өөрчлөгддөггүй "дархан дүрэм журам" гэж байдаг юм уу?-

Хөлбөмбөг бол манай гарагийн хүн зоны хамгийн хайртай, тоглох хийгээд үзэж сонирхох, цэнгэлийн дээдийг амсах боломж олгодог тийм спорт тоглоом билээ. Тэгэхээр хөлбөмбөг бол нэгдүгээрт спорт, дараа нь тоглоом билээ.
Спортын аливаа төрөл нь өөрийн гэсэн тогтсон дүрэм журамтай байх агаад түүнийгээ хатуу чанд баримтлан мөрддөг. Хөлбөмбөгийн спорт ч өөрийн гэсэн бичигдмэл дүрэмтэй агаад түүнийг нь анх 1863 оны 12 дугаар сарын 17-нд Английн хөлбөмбөгийн холбоо батлан мөрдсөн түүхтэй гэдэг. Ер нь бол анхны бичмэл дүрэм нь 1848 онд зохиогдсон гэж үздэг бөгөөд үүнээс өмнө хатуу чанд баримталсан дүрэм журам гэж байсангүй ээ. 1863 онд анхны хөлбөмбөгийн холбоо болох Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан бөгөөд тэр үедээ "Агаар дахь бөмбөгтэй тоглоом" гэсэн нэр зүүж байжээ, хөлбөмбөг.
Өдгөө дэлхий даяар хөлбөмбөгийн 1,5 сая баг, 300 мянган хөлбөмбөгийн клуб байна. Хамгийн олон хөлбөмбөгчинтэй улс нь хачирхалтай мэт санагдаж болох боловч энэ нь үнэхээр АНУ юм байна. Тэнд 18 сая хөлбөмбөгчин /үүний 40 хувь нь хүүхнүүд гэнэ шүү/ бөмбөг өшиглөсөөр байгаа бол удаад нь Индонез / 10 сая хөлбөмбөгчин/, Мексик /7,4 сая/, Хятад /7,2 сая/, Бразили /7 сая/, Герман /6,2 сая/, Бангладеш /5,2 сая/, Итали /1 сая/, Орос /3,8 сая/ нэхэж явна.
Өдгөө дэлхий, олон улсын хэмжээний олон олон сонирхолтой тэмцээнүүд зохиогдож байгааг та бид бэлхэнээ мэдэх агаад яг энэ мөчид хүн төрөлхтөн Европын аварга шалгаруулах тэмцээнийг өдөр тоолон хүлээж байнам.
Хөлбөмбөг бол хүмүүсийг соронзон мэт татах чадвартай тийм нэгэн гайхамшиг мөн хэдий ч түүний баримталж буй дүрэм журам нь удахгүй 150 нас зооглох гэж буй тул үнэнийг хэлэхэд өөрчлөгдөн хувьсаж буй хорвоогийнхоо хөлийг гүйцэхгүй, хоцрогдсонооос хөлбөмбөгийн спортын цаашдын хөгжилд садаа болох боллоо. Гэж хувьдаа дүгнэж явдаг даа.
Миний бие анх 1974 оны ДАШТ-ээс хойшх дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг бараглан үзэж сонирхсон "тууршлагатай" үзэгчийн хувьд энэ талаар санал дүгнэлтээ та бүхэнд толилуулахыг хүсч байна.
Анх хөлбөмбөгийн дүрэм батлагдаж асан 1863 онд дэлхий дахин ямаршуу төлөв байдалтай байсан бэ? Энэ асуултанд заавал айхтар нарийн хариу эрэх шаардлагагүй бөгөөд харин үүнээс хойш 150 жил өнгөрөөд буй тул хорвоо дэлхийд өөрчлөгдөөгүй юм гэж нэгээхэн ч үгүй гэдгийг л хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна. ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ ЗҮЙЛ ГАНЦХАН БАЙДАГ БӨГӨӨД ТЭР НЬ ТЭНЭГ ХҮН ЮМ АА гэсэн нэг айхтар үг байдгийг энэ дашрамд сануулахыг хүсч байна.
Яагаад хөлбөмбөгийн дүрэм хоцрогдсон гэж үзэж байна гэж Та асуух нь лавтай. Дээрх үндэслэлээс гадна тус дүрмийн хэд хэдэн заалтын дагуу үүнд хариулт өгөхийг хүсч байна.

1. ШИЙТГЭЛИЙН УЛААН БА ШАР КАРТ /ХУУДАС/-НЫ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ТӨРХ БАЙДАЛ
Хөлбөмбөгчдийн хувьд "хадны мангаа" болсон шийтгэл бол мэдээж "улаан" болон "шар хуудас" юм аа. Үүнийг мөн "карт" ч гэх агаад монголчилбол "жавтий" гэж буулгаж ч болмоор.
"УЛААН КАРТ /ЖАВТИЙ/" нь спортын хэд хэдэн төрөлд тухайлбал хөлбөмбөг,гандбол, бөмбөгтэй хоккей, регби болон хөнгөн атлетикт хэрэглэгдсээр ирлээ. Тэмцээн тоглолтын үеэр "улаан хуудас" хүртсэн аливаа тамирчин,тоглогч нь тоглолтын үлдсэн хугацаанд талбайг буюу стадион, гүйлтийн замыг орхин явах ёстой бөгөөд түүнийг өөр хэн нэгнээр солихыг, сэлгэхийг хориглодог байна. Харин зөвхөн гандболд л энэ нь зөрчигддөг бөгөөд талбайгаас хөөгдсөн тоглогчийг 2 минутын дараа өөр хэн нэгэн нь орлон тоглодог аж. Мөн олонх тохиолдолд "улаан жавтий" хүрсэн тоглогч дараачийн хэд хэдэн тоглолтод оролцох эрхээ хасуулдаг ч байх юм. Харин ДҮРМИЙН ЭНЭ ШИЙТГЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЭН ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ гэж хувьдаа үздэгээ энд өчсүү.
"Улаан жавтий"-г дүрмийг бүдүүлгээр зөрчих, тухайлбал өрсөлдөгчөө болон бусдыг зорилго, санаатайгаар цохих буюу доромжлох зэрэг спортын бус зан байдал гаргахад нь оноодог ажгуу. Түүнчлэн хөнгөн атлетикт бол гүйлтийн гараанаас гарах гэж буй үеэр өрсөлдөгчдөө хохироох үүднээс шүгэл дуугарахаас өмнө санаатайгаар хоёр удаа түрүүлэн ухасхийсэн тохиолдолд, мөн спорт алхааны үеэр гурван удаа алхалтын техникээ зөрчсөн /өөрөөр хэлбэл гүйсэн/ тохиолдолд "улан жавтий"-г хүртээдэг байна. Мөн тоглолт өндөрлөсний дараа тоглолтын видео бичлэгийг үзэж анализ хийснээр хэрвээ спортын бүдүүлэг алдаа гаргасан нь тогтоогдох аваас энэ шийтгэлийг сэргээн хэрэглэж ч болдог.
Харин "ШАР ХУУДАС"-ыг багийн спортын зарим төрөлд /хөлбөмбөг болон гандболд/ тоглогч дүрмийн дараах зөрчлүүдийг гаргасан тохиолдолд үзүүлдэг ажгуу. Үүнд,
-спортын биш зан байдал гаргах,
-шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа / үг хэл болон дохио зангаагаараа/ илэрхийлэх,
-тоглолтын дүрмийг байнга зөрчих,
-тоглолтыг санаатайгаар үргэлжлүүлэхгүй байх,
-булангийн, торгуулийн болон чөлөөт цохилтын үед бөмбөгнөөс тогтоосон зайнд зогсохгүй байх,
-шүүгчийн зөвшөөрөлгүйгээр талбайг орхих буюу эргэн орж ирэх,
-шүүгчийн зөвшөөрөлгүйгээр өөрөө мэдэн талбайг орхих эдгээр болно. Түүнчлэн тоглолтын явцад тоглогч 2 удаа "шар хуудас" хүртсэн тохиолдолд талбайг шууд чөлөөлдөг. Харин РЕГБИД "ШАР ХУУДАС" ХҮРТСЭН ТОГЛОГЧИЙГ ТАЛБАЙГААС 10 МИНУТЫН ХУГАЦААГААР Л ХӨӨДӨГ байнам.
Юуны өмнө дээрх "улаан хуудас, "шар хуудас"-ыг ямар хэзээ ямар зорилгоор хэрхэн бий болгосон үүх түүхийг сөхөх шаардлага гарч ирэх нь ойлгомжтой.
"ШАР ХУУДАС"-НЫ ТҮҮХ. Одоогоос 50 хүрэхгүй жилийн тэртээ 1966 оны ДАШТ-ий үеэр Англи-Аргентиний багийн тоглолтын үеэр талбайд нэн ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нь тэр ээ. Юү гэвэл шүүгч "Талбайгаас хөөлөө" гэдгээ аргентиний тоглогчид амаараа мэдэгдсэн хэдий ч цаад тоглогч нь ойлгоогүй юу эсвэл ийм байдал эсгэсэн үү талбайг орхилгүй үргэлжлүүлэн 9 минутын туршид тоглосоор байсан гэдэг. Бас тоглогчид харилцан зодолдох үеэр шүүгчийн гаргасан мөн адил шийдвэрийг өрсөлдөгч английн хөлбөмбөгчид ч ойлгоогүй төдийгүй үзэгч олон ч будилж гүйцсэн гэдэг.
Үүнээс улбаалан цаашид иймэрхүү үл ойлголцлоос зайлсхийхийн тулд английн шүүгч Лен Астон олон улсад дэлгэрсэн авто замын хөдөлгөөнийг зохицуулагч замын өнгө өнгийн гэрлийн системээс санаа авч "шар, улаан хуудас"-ыг нэвтрүүлэх саналыг анх гаргасан гэдэг.
Ийнхүү удаахь 1970 оны ДАШТ дээр анх улаан, шар хуудсыг хэрэглэсэн нь тун удалгүй дэлгэрлийг олсон ажгуу. Ийнхүү албан ёсны тоглолтод анх "шар хуудас"-ыг харуулсан шүүгчээр Мексик-ЗХУ-ын шигшээгийн тоглолтыг шүүсэн германы Курт Ченшер тодорсон бол харин анх ийм шийтгэл хүртсэн тоглогч нь ЗХУ-ын шигшээгийн Кахи Асатиани болсон гэнээ. Харин "шар жавтий"-г хамгийн богино хугацаанд хоёронтаа хүртэж орхисон бөмбөгчин нь 2010 оны 3 дугаар сарын 12-нд Италийн АШТ-ий "Интер"-"Катани" багуудын тоглолтоос хөөгдсөн "Интер"-ийн Салли Мунтари юм. Тэрбээр ердөө л минут хагас төдийнхөн хугацаанд л ийм "гавьяа" байгуулсан ажгуу.
Харин 2006 оны ДАШТ дээр 1/8 шигшээгийн Португали- Голландын тоглолтын үеэр оросын шүүгч Валентин Иванов 16 "шар жавтий" түгээж, 4 тоглогчийг хөөсөн байдаг.
ТЭГВЭЛ БАГИЙН СПОРТЫН БУСАД ТӨРЛҮҮДЭД ХЭРХЭН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БАЙНА ВЭ?
ШАЙБТАЙ ХОККЕЙД дүрмийг ноцтой зөрчсөн тоглогчийг тодорхой хугацаагаар талбайгас хөөн гаргадаг. Энэ нь сахилга батын /10 минутын хугацаагаар буюу эсвэл тоглолт дуустал нь/ буюу хөөгдсөн тоглогчийн оронд өөр тоглогч тоглодог хасалт, эсвэл хувийн /2 минутаар хөөх эсвэл цөөхөн тохиолдох 2х2 минутын, хэрвээ өрсөлдөгчдөө гэмтэл учруулах аваас 5 минутынх/ буюу хөгдсөн тоглогчийн орыг өөр тоглогч эзэлдэггүй хасалт гэсэн хоёр янз байдаг аж.
Хөөгдсөн хугацаандаа тухайн тоглогч торгуулийн суудалд байраа эзэлдгийг хүн бүр сайн мэдэх байх. Хэрвээ энэ үед өрсөлдөгч нь тэдний хаалганд гоол оруулах аваас торгуул хүртээд сууж байсан тоглогч шуд талбайдаа эргэн гарч ирдэг ном журамтай.
10 минутын сахилга батын торгуулийн үед бол өөр тоглогч дүрэм зөрчигчийг орлон тоглох агаад буруутан 10 минут хөөгддөг байна.
САГСАН БӨМБӨГ. Анх энэ тоглоомыг үндэслэгч Жеймс Нейсмитийн зохиосон дүрэм нь ердөө л 13-хан заалттай байж. Сагсанбөмбөг хөгжихийн хэрээр дүрмэнд нь нэмэлт, өөрчлөлтүүд орсоор ирсэн агаад 1932 онд ФИБА-гийн анхны бага хурлаас олон улсын анхны дүрмийг баталсан нь олонтаа баяжсаар иржээ. Харин хамгийн сүүлчийн өөрчлөлтүүд 1998 болон 2004 онд орсон аж.
ЭНЭ НЬ АЛЬ Ч ТӨРЛИЙН СПОРТЫН ДҮРЭМ ЖУРАМ ӨӨРЧЛӨГДӨН ХӨГЖИЖ БАЙХ УЧИРТАЙГ САНУУЛСААР БАЙГАА ХЭРЭГ БУС УУ?
Сагсан бөмбөгт дүрмийн зөрчилд фолоор хариу барьдаг. Энэ нь өрсөлдөгч тоглогчтойгоо шууд харилцахдаа гаргасан алдаанууд, эсвэл спортын бус зан байдал, үйлдлийн төлөөс байдаг. Дүрэм ёсоор бол өрсөлдөгчийнхөө гар руу цохих, түлхэх, хөл дээр нь гишгэх, түүнд хөл тавих зэрэг нь хориотой. Энэ зэргийн аливаа алдаа гаргасан тоглогчид хувийн сануулга буюу фол өгдөг.
Нийтдээ 5 фол авсан тоглогч нь талбайг чөлөөлөх агаад тэрхүү тоглолтонд дахин гарах эрхгүй болдог. Харин техникийн фол бол шүүгчид, өрсөлдөгчиддөө хүндэтгэлгүй хандах, тоглолтыг саатуулах зэрэгт өгдөг шийтгэл юм. Энэ үед өрсөлдөгч баг нь торгуулийн хоёр шидэлт үйлдэх эрхтэй болдог байна.
ТҮҮНЭЭС БУС ХӨӨГДСӨН ТОГЛОГЧ НЬ ДАРАА ДАРААЧИЙН ТОГЛОЛТООС ХАСАГДАХ ЗЭРЭГ ХАЧИРХАЛТАЙ ШИЙТГЭЛ САГСАН БӨМБӨГТ ОГТХОН Ч БАЙДАГГҮЙ ЭЭ.
Гэтэл тухайлбал, 2002 оны хөлбөмбөгбийн ДАШТ-ийн үеэр хагас шигшээгийн тоглолтод Германы Баллак 2 ч удаа "шар хуудас" хүртсэнийхээ балгаар шигшээ тоглолтод Бразилийн эсрэг талбай дээр гарч ирэх боломжгүй болсноор Германы багийн тоглолт суларч, улмаар Бразили дэлхийн 5 удаагийн аварга болох үүд хаалга нээгдэж өгсөн гэж боддог. Иймэрхүү жишээг хөлбөмбөгийг нэлээд сонирхон үздэг дурын хүн захаас нь аван нэрлэх буй за. Ер нь бол Солонгосын багтай тоглохдоо гаргасан алдааныхаа төлөө шийдвэрлэх финалын тоглолтонд оролцох эрхээ хасуулна гэдэг дэндүү СПОРТЫН БУС, ШУДАРГА БУС ШИЙТГЭЛ МӨӨН. Ийм ч учраас финалд Германыг хүлээж зогссон бризаличуудын хувьд бөөн баяр хөөр, олз болсон хэрэг. ХЭРВЭЭ БАЛЛАК СОЛОНГОСЫН ЭСРЭГ ТОГЛОЛТОД ЭЛДЭВ АЛДАА ГАРГАСАН Л ЮМ БОЛ ЧУХАМХҮҮ ТЭР ТОГЛОЛТОНДОО Л ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭХ, ЭДЛЭХ УЧИРТАЙ САН.
Ийм завхрал гарч буйн гол шалтгаан нь бол "шар хуудас"-ны өнөөгийн үр дагаврын балаг гэж үздэг ээ. Учир нь "ХОЁР УДАА ДАРААЛАН "ШАР ХУУДАС" ХҮРТСЭН ТОГЛОГЧ АВТОМАТААР ДАРААЧИЙН ТОГЛОЛТЫГ ӨНЖИНӨӨ" гээд дээрх хоцрогдсон бурангуй дүрмэнд зохицуулж орхисон байдаг л даа.
Хэрвээ "улаан хуудас" хүртэх аваас талбайгаас шууд хөөгддөг л юм бол "шар хуудас"-ыг мөн ийм л "ач холбогдолтой" болгох шаардлагатай байна. Иймээс энэ спортыг шимтэн үзэгчийн хувьд, 30 илүү жил балиашиглаж суугаагийн хувьд дүрмэнд ийм нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.
Үүнд, одоогоор мөрдөж буй дээрх хоёр картыг улам сайжруулан баяжуулснаар иймэрхүү шийтгэл оногдуулдаг 3 ч карттай болгомоор байна санж. Энэ нь миний бодлоор бол шийтгэлийн "ШАР ХУУДАС", "ХӨХ ХУУДАС", "УЛААН ХУУДАС" байх юм.
Үүнийгээ тайлбарлая. "ХЭРВЭЭ ТОГЛОГЧ "ШАР ХУУДАС" ХҮРТЭХ АВААС ТОГЛОЛТООС ШУУД 15 МИНУТЫН ХУГАЦААГААР ХӨӨӨГДӨН ГАРНА. Өөрөөр хэлбэл тухайн тоглогч тоглолтын 18 дахь минутад ийм шийтгэл хүртэх аваас тухайн тоглогч 18 дахь минутаас 33 дахь минут дуустал талбайгаас хөөгдсөнөөр баг нь 10-уулаа тоглох юм /яг шайбтай хоккей шиг/. ХАРИН ТОГЛОГЧ "ХӨХ ХУУДАС" ХҮРТЭХ АВААС 45 МИНУТЫН ХУГАЦААГААР /энэ хэмжээ нь 30 минут эсвэл 50 минут ч байж болох л доо/ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛНӨ. Өөрөөр хэлбэл "Барселона"-"Реал"-ын "эл классико" тоглолтын 25 дахь минутанд Пепе нэлээд хүнд гэмтэл Иниестад учруулан талбай дээр орь дуу алдуулан унагалаа гэж санахад шүүгя ямар ч эргэлзээгүйгээр түүнд "хөх хуудас" үзүүллээ гэе. Тэгвэл буруутан Пепе маань хөөгдөх шийтгэл авсан тоглогчдын суудалд 25-аас 70 дахь минут хүртэл суух нь байна. Энэ 45 минутын туршид "Реал" клуб нэг хүний дутуу барселончуудтай хүчээ сорино гэсэн л үг. Тэгээд 71 дэх минутанд Пепе эргэн орж ирснээр багтаа нэмэр болж, магадгүй тоглолтын хувь заяаг ч шийдвэрлэх боломжтой юм даа.
Харин "УЛААН ХУУДАС" ХҮРТЭХ АВААС МЭДЭЭЖ ШУУД ТАЛБАЙГ ОРХИНО.
Ийнхүү яг одоо дагаж мөрдөж буй шийтгэлийн 2 хуудас нь хоёулаа зөрчил гаргагчийг талбайгаас шууд хөөдөг болсноор ялангуяа хамгаалагч нар бохир бүлдүүлэг тоглолт гаргах нь бага ч болов татарснаар тоглолт цэвэршинэ гэж үзэж байна. Дээр нь хөөгдсөн тоглогч тэр тоглолтондоо эргээд орж тоглолтоо үргэлжлүүлж болох нь ээ.
Энэхүү шинэ санал нь мэдээж хөлбөмбөгийн тоглолтын үргэлжлэх хугацааг заасан дүрмийн заалтуудтай зөрчилдөх нь ойлгомжтой. Яагаад гэвэл ТОГЛОЛТЫГ ЦЭВЭР БУС харин БОХИР ЦАГААР явуулсаар ХЭДИЙНЭЭ БҮТЭН ХАГАС ЗУУНЫГ ЭЛЭЭГЭЭД БАЙГАА ХОЙНО. Гэхдээ энэ бүдүүлэг алдаа завхралыг ч арилган зохицуулж ч болноо хэмээн үзэж буй дараах саналаа толилуулая.

2. БОХИР ЦАГААР ШҮҮЖ БУЙ НЬ ДЭНДҮҮ ГЭМЭЭР ТЭВЧИШГҮЙ БҮДҮҮЛЭГ ХОЦРОГДОЛ МӨӨН
Нийгмийн хөгжил улам хурдассанаар өчигдөрхөний зүйл үеэ өнгөрөөж байгаа өндөр хурдацтай үед, XXI зуунд бид амьдарч буйгаа мартаж боломгүй ээ. Спортын олон төрөлд амжилтыг секунд долиор хэмжин дүгнэж байна бус уу?
Гэтэл хөлбөмбөгт маань яадаг билээ дээ? Хожиж яваа баг нь цаг хожих, "цахгийг алах" гэсэндээ энд ч нэг тоглогч нь ыбаашлаад уначихна, гаднаас дамнуурга барьсан эмч нар ирээд л аваад явна, дасгалжуулагч нь цаг барах гэсэндээ элдэв сэлгээг "зохиож" хийнэ... гэх мэт. ГЭТЭЛ ЭНЭ ҮЕД ТОГЛОЛТЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ҮЛДСЭН БОГИНОХООН ЦАГ МААНЬ УРССААР Л БАЙДАГ... Энэ маань ариун явдал уу???
Хөлбөмбөгийн аливаа тоглолт нь хэрвээ шүүгчид болон оролцогчид нь тоглолтоос өмнө харилцан тохиролцоогүй аваас 45 минут үргэлжлэх хоёр тэнцүү үеэс бүрддэг. Ингэж өнөөх "урт настай" дүрмэнд заасан байдаг. Гэхдээ энэхүү 45 минут нь цэвэр цаг биш, учир нь тоглолтын явцад сэлгээ солио хийх, тоглогчид ноцтой гэмтэл бэртэл авсан тохиолдолд эмчийн тусламж үзүүлэх, улмаар гэмтсэн тоглогчийг талбайгаас зөөвөрлөн гаргахаас гадна тоглолтыг дахин үргэлжлүүлэхийг хожигч талын тоглогчид өөрсдөө санаатайгаар саатуулах болон бусад янз бүрийн шалтгаанаар зарцуулагдсан тэр цагийг шүүгчийн үзэмжээр "жингийн тавтур дээр жигнэж үзээд" хэдхээн минутыг /голдуу 2-5 минут/ нэмэн сунгаж байгаа. Энэ бол спортын бусад төрлүүдэд цаг хугацааг секунд бүү хэл долиор хатуу чанд хэмжиж байгаа өнөө үед дэндүү "дундад зууны" хоцрогдсон зохицуулалт юм даа, хөөрхий.
Гэтэл хоккей, сагсан бөмбөг зэрэг хөлбөмбөгтэй адил тогтсон зай талбайн хязгаарт олон тоглогч өрсөлддөг, энэ үеэр нь өрсөлдөгчдийн хооронд асар олон тооны контакт үүсдэг спорт тоглоомуудын хувьд анх үүссэн цагаас нь хойш тэмцээн уралдааныг ямагт цэвэр цагаар явуулж ирсэн байдаг. Ийм ч учраас хоккейд л гэхэд зөрчил гаргасан тоглогчийг зөрчлийнх нь учруулсан хор гэмээс шалтгаалан 2 минут болон 5 бас 10 минутын хугацаагаар талбайгаас зүгээр л хөөж орхидог оо. Тэр хөөгдсөн тоглогч "торгуулийн тусгайлсан суудал"-д сууж оногдсон хугацаагаа өнгөрөөгөөд эргээд л талбай дээрээ гардаг шүү дээ. Хоккейн тоглолт 20 минутаар үргэлжлэх 3 үеэс тогтдог бол харин сагсан бөмбөг нь голдуу 12 минут үргэлжлэх 4 үеэс тогтож байгаа. Өөрөөр хэлбэл тоглолт нь цэвэр 60 минут, эсвэл цэвэр 48 минут үргэлжилдэг билээ л. Гэтэл хөлбөмбөгийн 90 минутыг яагаад цэвэр цагаар явуулж болдоггүй билээ? Үнэхээр сонин шүү. Яагаад энэ хачирхалтай байдлыг засч өөрчлөе гэж дуугарахгүй байна аа?
Би мэдэж байнаа, маш олон эсэргүүцэгч маань юу юу гэж дүрэмдэн хэлэхийг. "Хөлбөмбөг бол агуу" л гэнэ, "түүний дүрмэнд өөрчлөлт оруулах огтхон ч шаардлагагүй", "энэ бол төгс төгөлдөр спорт" л гэнэ...
Тэгвэл анх 1863 оны 12 дугаар сарын 17-нд Английн хөлбөмбөгийн холбоо батлан мөрдсөн, өөрөөр хэлбэл 150 гаруй жилийн өмнөх, "хүй нэгдлийн үеийн" дүрмээ баримталсаар буйг юу гэж ойлгох вэээээээ?
Бид бэлхэнээ сайн мэднэ дээ, тоглолт өндөрлөх ойртох тусам хожиж буй баг нь цаг барахын тулд хаалгач тэр гуай бөмбөгөө тоглолтонд оруулах гэж паацганаж эхэлнэ, эсвэл гэмтэл авсан гэх ытоглогч нь баашлаад кэвтчихнэ, дээрээс нь дасгалжуулагч нь албаар солио сэлгээ хийнэ гээд давхичихдаг аа. Тэгвэл ХЭРВЭЭ ТОГЛОЛТЫГ ЦЭВЭР ЦАГААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АВААС ЭНЭ БҮХЭН ЁСТОЙ Л "БУДАА БОЛНОО".
Хамгийн сүүлчийн сенсаци мэдээ үүнийг нотлон харуулж байна. Сая Английн хөлбөмбөгийн аваргаар "Манчестер сити" баг ЗОЛООР ТОДОРЧ байх юм даа. Юу гэвэл сүүлчийн шийдвэрлэх тоглолтонд талбайн эзэн "Сити" баг "Куинз парк рейнжерс"-т 1:2-оор хожигдож явсан байгаа юм.. Хэрвээ тоглолт ийм дүнтэй төгсөх аваас "Манчестер юнайтед" клуб хэддэхээ ч билээ аваргалах байлаа. Гэтэл тоглолтын үндсэн цаг дууссанаар нэмэлт цаг өнгөрч байхад буюу сунгасан цагт "өнөө гайхал" Эдин Жеко болон Серхио Агуэро хоёр гоол хийж орхисноор 3:2-оор хожин анх удаагаа аваргалж байх жишээтэй. Тэгээд ч нэмэлт цашийг хэдхэнминутанд хаалгандаа хоёрын хоёр бөмбөг алдана гэдэг бол мааш ховор тохиолдол шүү дээ???
ХЭРВЭЭ "НЭМЭЛТ ЦАГ" ГЭЖ БАЙГААГҮЙСЭН БОЛ "МЮ" АВАРГАЛАХ БАЙЛАА...
Ер нь шог л доо, "тоглолтын 45+3 дахь минутанд Робинио гоол хийлээ, 90+2 минутанд ван Перси гоол орууллаа" гэхээр чинь хөлбөмбөг мөн үү гэж эргэлзэж ч болох оо доо. Тиймээс БӨМБӨГ ТАЛБАЙГААС ГАРАХ АГШИН БҮРТ ТОГЛОЛТЫН ЦАГИЙГ ЗОГСООЖ /яг хоккей, сагсан бөмбөг шиг/, ШҮҮГЧИЙН ШҮГЛИЙН ДУУГААР ТОГЛОЛТЫН ЦАГИЙГ БАРИМТЛАН ЯВУУЛДАГ БОЛОЁ ОО.
Энэ бол зүгээр нэг мөрөөдөл ч биш, тэр тусмаа хөлбөмбөгийн эсрэг ямар нэг санаа оноо, эсэргүүцэл ч биш ээ. Энэ бол ХӨЛБӨМБӨГИЙН ЖИНХЭНЭ СПОРТЫН АЧ ТАЧ ӨРСӨЛДӨӨНТ ЧАНАРЫГ НЬ Л УЛАМ СЭРГЭЭХ гэсэн хүсэл бодол юм шүү.
Хэрвээ ингэх аваас, тоглолтыг хатуу цэвэр цагаар явуулдаг болваас хөлбөмбөг, хөлбөмбөгчид, энэ тоглоомыг шүтэн бишрэгчид л хожих болно.

3. Тоглолтын маргаан, будлиантай агшнуудыг видео бичлэгийг нь харж шийдвэрлэе
Тийм ээ, тоглолтын үед "чухам юу гээч нь болоод өнгөрчихөв өө" хэмээн уулга алдмаар үеүд цөөнгүй л гардаг. Гэтэл эрхэмсэг дээд шүүгч нар маань санаатай эсвэл санаагүйгээр зөвхөн өөрийнхөө үзэмжээр гэх үү шийдвэр гаргаад л давхичихдаг аа. Та бүхэн бэлхэнээ сайн санах ийм супер жишээ бол 1986 оны ДАШТ дээр Англи-Аргентиний тоглолтын үеэр Диего Марадона Питер Шилтоны хаалганд зүүн гараараа бөмбөг оруулснаар баг нь 1:0-ээр тэргүүлж, улмаар 2:1-ээр хожсон төдийгүй бүүр "давраад" дэлхийн аварга болж хошойлсон доо. Гэтэл шүүгч английг хөлбөмбөгчид, хаалгач Шилтоны эсэргүүцэл, гуйлтыг үл хэрэгсэн гоолыг тооцож орхисоон. За иймэрхүү харамсалтай, үр дагаврыг нь хэзээ ч яаж ч арилгах боломжгүй алдаануудыг үйлддэг дээ.
Гэтэл өгөө компьютерийн эринд амьдарч буй хүн төрөлхтөн ийм бүдүүлэг алдааг засач чадахгүй, "дүрэм л бол дүрэм" гээд шударга бус явдлуудыг ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ БОЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЯВЖ БУЙ НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ.
Иймд аливаа будилаан, маргаантай агшнуудын бичлэгийг харан / хэрвээ тоглолтыг цэвэр цагаар явуулж байх аваас тоглолтын цагийн талаар яамар нэгэн гомдол маргаан гарахгүй/ шүүгч шүглээ үлээх болноо.

4. Тоглолтоос гарсан бөмбөгийг гараараа шидэж бус харин хөлөөрөө өшиглөж тоглолтод оруулдог болоё
Талбайн жигүүрээр довтлогч бөмбөгөө туун гүйж ахуйд хажуунаас нь хамгаалагч хөлд нь жийн унаснаар бөмбөгийг нь гадагшлуулж орхидог / аут/. Ингэхэд довтолж буй талаас хэн нэг нь бөмбөг талбайг орхин гарсан цэгээс бөмбөгийг 2 гараагаа толгой дээрээсээ шидэж тоглолтод оруулдаг.
Үүнийг бүх хүн харж л байдаг, тоглогчид, шүүгчид, дасгалжуулагч гээд хөлбөмбөгтэй холбоотой болгон "Болох ёстой юм болдгоороо л болж байна дөө" гэсэн янзтай харсаар, үзсээр, даган мөрдсөөр л байнам.
Гэтэл сайтар харах аваас энд тоглолтын үргэлжлэл шударга бусаар өрнөж байгааг олж харах болно. Юу гэвэл довтлогч бөмбөгийг гараараа бус харин хөлөөрөө залан хөөж явсан. Хоёрдугаарт, хамгаалагч талын тоглогч мөн л гараараа бус харин хөлөөрөө бөмбөгийг гадагш нь өшиглөн зайлуулсан байгаа. Гэтэл бөмбөгийг тоглолтод оруулахдаа харин ХӨЛӨӨРӨӨ БУС ГАРААРАА ОРУУЛЖ буй нь шударга бус хэрэг.
Дахин цэгнэж үзэе. ХЭРВЭЭ ХАМГААЛАГЧ БӨМБӨГИЙГ АУТ БОЛГОН ӨШИГЛӨН ГАРГААГҮЙ СЭН БОЛ ДОВТЛОГЧ БӨМБӨГИЙГ ХААЛГАНЫ ЗҮГТ ЖИГҮҮРЭЭС ХОЛ ЗАЙНААС ДАМЖУУЛСНААР ГООЛ ОРОХ МАГАДЛАЛ ҮҮСЭХ БАЙСААН.
Жишээлэхэд л элсний хөлбөмбөгийн тэмцээнд аутанд гарсан бөмбөгийг хөлөөрөө л тоглолтод эргүүлэн оруулдаг ш дээ. Тэгэхээр талбайн шугамаас бөмбөгийг одооных шиг гараараа шидэж бус харин хөлөөрөө өшиглөн оруулах саналыг хүмүүс хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх буй за. Бусад санаа онооны хувьд мэргэн уншигч, үзэгч таны мэргэн ухаан шүүн дэнслэх буй за.

Жич: Хөлбөмбөгийн дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах нь гагцхүү FIFA-гийн бүхэн эрх мэдлийн асуудал болох нь ойлгомжтой. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн холбоо нь тус байгууллагын бүрэн эрхт гишүүнийхээ хувьд санал асуудал оруулах эрхтэй л байж таараа. Тиймээс хэрвээ энэ асуудал энүүхэндээ дэмжигдэх аваас цаашид хэлэлцэгдэх магадлалтай гэдгийг л өчсүү.

МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч С.Энх-Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш