logo
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно

Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно

2012/06/14
Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болов. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцэн журам баталсан, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжийн тоог нэмсэн, гэр хорооллын иргэдийн хэрэглээний усны үнийг хөнгөлсөн зэрэг нь онцлох сэдэв байлаа.

“Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу 1 сая төгрөгөө бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй бол 1 сая төгрөгөө буцаан төлж, хувьцаатай болох боломжийг дээрх журмаар бүрдүүлсэн байна. Ийм хүсэлтэй иргэд байвал тухайн сум, хорооны нийгмийн ажилтандаа хандах шаардлагатай юм.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газар иргэдэд хувьцаанаас гадна 1,5 сая төгрөг өгөх ёстой гэж сонгууль дөхсөн үед зарим нам улс төржиж байгааг сайд Д.Хаянхярваа буруутгалаа. Тэрээр хэлэхдээ “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1,5 сая төгрөгийг бэлэн, бэлэн бус, хувьцаа гэсэн хэлбэрээр өгнө гэж тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад хишиг, хувийн эхний хэсгийг хүртээсэн. Энэ сарын сүүл гэхэд үлдсэн 670 мянган төгрөгийг өгч дуусгана. Мөн хишиг, хувиа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, орон сууцны төлбөрт төлөхтэй холбоотой журмыг ирэх 7 хоногт гаргана. Ингэснээр энэ Засгийн газар амлалтаа бүрэн биелүүлж байгаа юм” гэж онцоллоо.

Засгийн газрын хуралдаанд сайд Т.Ганди мөн танилцуулга хийсэн байна.

Үүнтэй холбогдуулан 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр хүртэх хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаа больж, хувьцаа авах хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр, тооцоо, хадгаламжийн төв” компанид хүргүүлэхийг даалгалаа. 5 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 1 532 853 иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаад байсан. Гэсэн ч хувьцааны талаархи ойлголт бага, мэдээлэл хангалтгүй, хугацаа богино байсан учир хүсэлт гаргаж амжилгүй хоцорсон иргэн цөөнгүй үлджээ. Мөн ашиг тусыг нь мэдэрсэн иргэд хувьцаагаа худалдах хүсэлтээ буцааж, хувьцаа авах өргөдөл ирүүлж эхэлжээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьд энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан тул журмын дагуу хүсэлтийг нь үргэлжлүүлэн хүлээж авахаар болсон байна.

“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООГ 36-ГААР НЭМЛЭЭ

Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 55 ам.метр хүртэл талбайтай орон сууц байна. Нийт орон сууц, хотхон, хорооллын 3245 нь нийслэлийн зургаан дүүрэгт, 1054 нь бүсийн тулгуур төв хот, аймгийн төвд баригдах юм. Засгийн газрын хуралдаанаар мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Үндсэн зээлийн хүү, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү, үйл ажиллагааны зардал болон валютын ханшны зөрүүнээс болж зээлийн хүү жилийн 12-13,5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийн жилийн 7 хувийн хүүтэй байх бодлоготой нийцэхгүй байгаа юм. Иймээс Засгийн газар 7 хувийн хүүгээс давсан зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар тогтлоо. Ингэснээр энэ онд 5580 ажлын байр шинээр нэмэгдэн, 2600 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 2 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна.

ИРГЭД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР УС ХУДАЛДАН АВЧ БАЙГААГ ӨӨРЧИЛНӨ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ. Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн, гэр хорооллын иргэдийн ус хэрэглээ, эрүүл ахуйн шаардлагатай хэмжээнээс доогуур байгаатай холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргалаа. Уг тогтоолоор Улаанбаатар хот болон төв суурин газрын гэр хороололд амьдарч буй иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутагт, орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж буй хэмжээнд хүртэл бууруулах саналыг Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд оруулж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхийг сайд Ц.Дашдорж, Д.Цогтбаатар нарт даалгалаа.

Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагуудад үүсэх алдагдлын энэ жилд ногдох хэмжээг тогтоож шийдвэрлэхийг сайд Д.Хаянхярваа, цаашид жил бүрийн төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Засаг нар нарт үүрэг болгов. Ингэснээр гэр хорооллын иргэдийн усны төлбөр нь 2.5 дахин багасч байна. Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынх нэг төгрөгөөр худалдан авдаг юм. Олон улсын байгууллагын судалгаагаар хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх ёстой байтал, манай гэр хорооллын иргэд 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хүний наад захын хэрэглээгээ хангахад шаардагдах хэмжээнээс маш бага хэмжээний ус хэрэглэдэг байжээ. Гэр хороолол болон орон сууцанд амьдарч байгаа иргэд нь дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдаж байгаа эсэхээр шалтгаалан зөрүүтэй төлбөр төлж байсныг Засгийн газрын хуралдаанаар ийн эцэс болголоо. Дэлхийн зах зээлийн үнээр ундны усаа авч байсан хотын гэр хорооллын иргэд үнэ ханший шударга тогтолцоо руу шилжих суурь тавигдлаа.

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ БЭХЖҮҮЛНЭ

“Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Натиксис банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Зээлийн хөрөнгөөр 50 орчим нэр төрлийн оношлогоо, эмчилгээний, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 6 сарын хэрэглээний эмнэлгийн хэрэгсэл, 2 жил хэрэглэх сэлбэгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтан нарыг сургалтад хамруулж, төвийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгах зэрэг олон ажил хийх юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 13 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, 6500 гаруй мэс засал хийн, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар жилд 160 орчим мянган иргэнд буюу өдөрт 300 хүртэл хүнд үйлчилдэг байна.

“ХАТАН ТУУЛ” ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийнэ. Тухайлбал Туул голд далан барьж урсацын тохируулга хийх юм. Мөн Туул голын сав газрын энгийн хамгаалалтын болон Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдсэн мужийн заагийг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авахаар хөтөлбөрт тусгажээ.

Түүнчлэн хотын болон Туул гол сав газарт ажиллаж байгаа бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийн, бохир усны цэвэрлэгээг стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ. Туул голын савд элс, хайрга зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг бүрэн зогсоож, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Мөн зарим ажлыг олон улсын байгууллагын зээл, тусламж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх юм байна.

ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ МОНГОЛ УЛСАД БУЛШЛАХ ТУХАЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ ГЭЖ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР МЭДЭГДЛЭЭ

Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахаар зэхэж байгаа тухай буруу ташаа мэдээ хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн ажилтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан няцаалт гаргаж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглахад Засгийн газраас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Цөмийн энергийн газарт даалгалаа.

Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах нь гэсэн яриа ямар ч үндэслэлгүй учир үүгээр улс төр хийхгүй байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Цөмийн энергийн газар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Монгол Улс Үндсэн хуулиндаа цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахыг хориглосон учир худал мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйгээр тоглохгүй байхыг уриаллаа.

ТОВЧ МЭДЭЭ

2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэн дэмжив. Үүнтэй холбогдуулан тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2011 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 3,351,389 /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян есөн сая/ сая төгрөг, зарлагыг 3,621,676.2 /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ сая төгрөг хэмээн тайланд тусгасан байна.
Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргалаа. Манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил урьд өмнө байгаагүй далайцтай өрнөж байна. Энэ онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2000 онтой харьцуулахад 50 дахин нэмэгдсэн нь үүний нотолгоо юм. Иймээс цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг өгсөн байна. Түүнчлэн төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллахыг төсвийн эрх баригч нарт даалгажээ.
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардал нь 870 сая төгрөг байх юм байна. Үүний 120 сая төгрөгийг төсвөөс гаргахаар боллоо.
Урт нэртэй гэгдэх хуулийн хүрээнд тогтоосон хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэхийг сайд Д.Хаянхярваа, Д.Зоригт нарт даалгалаа. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс байгаль орчинд учруулсан хохиролд 102 тэрбум 255 сая төгрөг авахаар байгаа бол 57 зөвшөөрөл эзэмшигчдэд 94 тэрбум 440 сая төгрөг олгох тооцоо гарчээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, соёрхон батлуулахаар УИХ-д хэлэлцүүлэхээр тогтлоо.
Энэ оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IV хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Дашдоржид даалгалаа.
Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг баталлаа. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмт шагнал олгож байх юм. Академич Б.Ренчингийн нэрэмжит шагналыг 5 хүртэл хүнд 5 жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг 3 хүртэл хүнд 3 жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 2 хүртэл хүнд 3 жилд нэг удаа олгож байхаар тогтлоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш