logo
Галаар наадагч төр засаг буюу ''гал сөнөөгч''-ийг шийтгэх Монгол ёсон

Галаар наадагч төр засаг буюу ''гал сөнөөгч''-ийг шийтгэх Монгол ёсон

2012/06/14
Таван хүний эрдэнэт амь эрсэдсэн 2008 оны долоодугаар сарын нэгний хэрэг дөрвөн жил дуншсаны эцэст дараагийн сонгууль болохын өмнө парламентын сүүлийг мушгин нэг тийш боллоо. Долоодугаар сарын нэгний гэх тодотголтой домогт энэ хэрэг болох үймээний үеэр мод чулуугаар зэвсэглэсэн ард түмний өөдөөс нүцгэн гар, шилэн бамбайнаас өөр гартаа барих зэвсэггүй орсон цагдаагийн олон зуун албан хаагч гэмтэл бэртэл авч зарим нэг нь тахир дутуу болсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгтэл үймээний гол буруутан нь цагдаагийн дөрвөн хурандаа болж таарсан. Эмх замбараагүй байдлыг зохицуулж, үүрэг даалгавар өгч цагдаа нарыг утсан хүүхэлдэй мэт удирдаж байсан этгээдүүд хариуцлага хүлээх ёстой байтал өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн цагдаа нарыг ялд унагачихаад ард нь алгаа ташин үлдлээ.

Цагдаагийн хурандаа нар чухам гол буруутан хэмээн тэднийг шүүх гэж яаран шүүх хурал олон удаа болсон ч хойшилсон. Энэ үеэр цагдаагийн бүрэлдэхүүнийг удирдан хүүхэлдэйгээр наадагч тэр үеийн хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил өөрийгөө гэрч хэмээн дулдуйдаж мэдээлэл өгөхөөс татгалзсан. Ц.Мөнх-Оргил төдийгүй хариуцлага хүлээлцэх ёстой С.Баяр, Д.Лүндээжанцан онц байдал зарлан үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хуурай өвс рүү шүдэнз зурж шидсэн Ц.Элбэгдорж, галыг нэмж өрдсөн Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, О.Магнай гэх этгээдүүд ганц удаа бөөнөөрөө очин бараагаа харуулчихаад дахин үзэгдээгүй юм. Хариуцлага хүлээх цаг нь тулаад ирмэгц эрхэм түшээд өмдөндөө шээс алдан очих ёстой нь би биш, тэр очихгүй бол би очихгүй гэх мэтчилэн бие бие рүүгээ бухаж эхэлсэн.

Эцэст нь тэд энэ бүхнээс хар толгойгоо эвтэйхэн шиг аваад үлдчихэж чадлаа Сонгуулийн дөрвөн жилд чих амар улс төрд суухын тулд долоодугаар сарын нэгний хэргийн талаар ганц үг ган гээгүй дээрх этгээдүүд дараагийн сонгууль дөхөөд ирмэгц энэ тухай гэнэтхэн л гаргаж ирэн хариуцлагаас мултрах төлөвлөгөө боловсруулан эцэст нь ял үүрүүлэх хамгийн боломжтойгоор нь цагдаагийн экс удирдлагуудад ийнхүү хамаг хариуцлагыг тохож чадлаа. Таван хүний эрдэнэт амь хохирсон энэ хэрэгт хэн нэгэн хариуцлагыг үүрч гарах нь тодорхой байсан. Харин төр өөрсдийн бөөлжсөн бөөлжсөө цагдаа нараар цэвэрлүүлчихээд эцэст нь цагдаагаа ялтан болгоод орхих нь тэр.

Ийнхүү долоодугаар сарын нэгний жишээгээр төр цагдаа ард түмэн хоёрыг хооронд нь хэрхэн алалцуулж, мөн нийгмийн эмх замбараагүй байдлыг арилгах гэж өлөн ходоод гав бороохой хоёроос өөр эд хогшилгүй хууль сахиулах байгууллагыг хэрхэн агшааж сунгаж, мушгиж чаддагаа харууллаа. Долоодугаар сарын нэгний түймрийг тавьсан этгээдүүд нь авлига хээл хахуульд идэгдсэн хэрүүлч улстөрчид байсан. Сонгогчдын саналыг булаацалдан хэн хэнийгээ их бага идлээ хэмээн гомдоллож усан нүдлэн гомдол мэдүүлснээс бүх юм үүдэлтэй. Ингээд яривал энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой нь дан ганц цагдаагийн дарга нар биш гэдгийг эрүүл ухаантай бүх хүн мэдэж байх учиртай. Адгийн наад захын жишээ л гэхэд Хууль зүйн сайд нь хариуцсан ажилдаа хайнга хандаж, үймээнийг намжаах тал дээр муу ажилласан гээд ярих юм бол энэ хэрэг ийм амархан шийдэгдээд өнгөрөх хэрэг биш гэдгийг хэн ч бодмоор.

Гэтэл салбар хариуцсан сайд нь ард түмэндээ тоймтой мэдээлэл өгөхөөс татгалзаж, нүүрээ буруулан үхсэн амьд нь мэдэгдэхгүй короля царайлан явсаар дөрвөн жил өнгөрч мань хүний хийх ажил ч дууслаа. Улстөрчдийн утсан хүүхэлдэй болсон цагдаагийн ажилчдын хугарсан хавирга бороолоогүй, хүүгээ алдсан эхийн нулимс дээлийнхээ энгэрт хатаагүй байхад эрхэм түшээ жишим ч үгүй дараагийн сонгуульд нэр дэвшихээр замын самбарт мишээж байх юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "тэнэсэн" суманд оногдож ертөнцийн мөнх бусыг үзсэн таван амины араас санаа тавих хэн ч байгаагүй. Гагцхүү махнаас нь тасарсан мах, амьнаас нь тасарсан амь учраас хэргийг шийдэж өгөхийг хүсэн цагдаагийн ар гэр хохирогчдын холбооноос л байсхийгээд хэвлэлийн бага хурал хийж байв.

Тэдний ганц хүсэл нь аавыгаа нэхэн ээжийгээ зовоох балчир үрсийн шаналалд зовж суугаа бузартсан төрийн төлөө амиа өргөсөн цагдаагийн эхнэр, мөн хар залуугаараа унаж тусдаг өвчтэй болж, тэнгэр дуугарах дуунаар хугарсан яс, доргисон толгой нь янгинаж өвдөн байж ядан тарчлах цагдаа эрийн гэр бүл зовж суухад ард түмэн болон цагдаагаа зольсон төр 76 суудлаа харилцан тохиролцоод хувааж аван юу ч болоогүй мэт суугаа явдалд эмгэнэж байгаа тухайгаа л ярина. Харин удаан дуншсан хэрэг нэг тийшээ болох нь ойлгомжтой болж, Монголын шүүх шударга үнэний төлөө ажиллаж эхлэв үү гэтэл хэргийн шийдвэрлэлт богино хэмжээний жүжиг болон хувирсан нь үнэхээр эмгэнэлтэй.

Дахин хэлье. Хэн нэгний өдөөн хатгалгаас болж цөс нь хөөрсөн иргэд 375 цагдаагийн албан хаагчийг унаж тусч, мэдрэлд нь нөлөөлтөл зодсон. Дөрвөн жил эмнэлгээр үйлчлүүлсэн цагдаа нар үргэлжлүүлэн амбулатороор эмчлүүлсээр л яваа. Энэ ч утгаараа цагдаагийн албан хаагчид хамгийн их хохирол амссан. Дараагаар нь мод чулуу шидсэн, МАХН-ын байрыг шатааж, дотор нь байсан дарга нарын өдрийн цайны цагаараа амныхаа цангааг тайлдаг байсан вискиг булааж уусан, машины цонх хагалсан, дээрэм, танхайн хэрэг үйлдсэн гээд үймээнд оролцсон бүхэн бичигдсэн телевизүүдийн бичлэгүүдийг хурааж авч байгаад хоёр жилээс найман жилийн хугацаатай бүгдийг нь яллаж, Улаанбаатарт гэмт хэрэг хийгээгүй хүн гэж байхгүй болтол нь иргэдээ ялласан. Яахав хэрэг хийсэн нь үнэн л юм хойно үүнд буруу юу байхав.

Ингээд бодохоор гаргалгаа ийм байна. Ард түмэн бол түймэр. Хүчтэй салхи, хуурай мод хаа сайгүй байсан учраас байшин барилга, гудамж талбай гээд таарсан газраа түймэр өрдөж байсан. Түймрийг унтраагч нь харин цагдаа нар. Тэд түймрийн голомтыг аль болох газар авахуулахгүй байхын тулд ажилласан. Эцэст нь түймэр унтарсан. Түймрийг унтраасан нь мэдээж гал сөнөөгч. Олон байшин барилгыг шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас түймэр буруутай. Түймрийг унтраахдаа хөөс хэрэглээгүй учраас гал сөнөөгчид бас буруутай. Харин гал тавьсан этгээд, галыг унтраах тушаал өгч удирдан хөөс бүү хэрэглэ гэж үүрэгдсэн "шуурхай удирдлагын төв" хариуцлага хүлээх ёсгүй гэж үү? Түүнээс гадна таван хүний эрдэнэт амийг хууль хяналтын байгууллага хэрхэн үнэлсэн бэ?

Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэж, харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн байгаа. Энэ хурандаа нарын ялын хугацааг нийлүүлээд бодвол нийтдээ 9.7 жилийн хорих ял болж байна. Таван хүний амины төлөөс нийлээд энэ. Төрийн хүүхэлдэй болсон цагдаа нарыг шийтгэсэн нь буруу гэж үзэх юм бол энэ ял зөв байж болох юм. Харин таван амины төлөгдөөгүй үлдсэн ялыг эдлэх ёстой хүмүүс дахиад хэд хэд бий. Тэр хүмүүс төлөгдөөгүй үлдсэн ял, өнчирч хоцорсон хүү, нулимс нь хатаагүй эхийн сэтгэлийн шаналлыг нарсанд суух хугацаагаараа төлөх ёстой.

С.Мөнх
Эх сурвалж :"Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш