logo
Монголын хөлбөмөгийн лигийн тов тодорлоо

Монголын хөлбөмөгийн лигийн тов тодорлоо

2012/06/14
Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний лигийн тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. Энэ сарын 30-нд эхлэх уг тэмцээнд өнгөрсөн жилийнхтэй адил “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатар дээд сургууль”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “FC Ulaanbaatar” гэсэн найман баг оролцох юм. Энэ жилийн лиг хоёр тойрог болж, нийлбэр дүнгээр аварга багаа тодруулахаараа онцлогтой. Нэгдүгээр тойрог энэ сарын 30-наас долдугаар сарын 6-нд Эрдэнэт хотноо болно. Харин сүүлийнх нь долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-нд нийслэл хотноо болох тов гарчээ. Өнгөрсөн жилийн лигт шинэ баг “FC Ulaanbaatar” өнгөлж, “Улаанбаатар дээд сургууль” мөнгөн медаль хүртсэн билээ. Үүнээс гадна манай улсын лигт гадны хөлбөмбөгчид ирж ур чадвараа сорьдог болоод байгаа. Тэгвэл энэ жил Сингапурын Давид Лоу хэмээх хөлбөмбөгч Монголын “Хоромхон” клубтэй гэрээ байгуулжээ. Давид Лоу нь Тайланд, Австрали, Унгар, Герман, АНУ-ын доод лигүүдэд тоглож байсан туршлагатай бөгөөд тэрээр ням гаригт Улаанбаатарт хөл тавьж, шинэ багтайгаа бэлтгэлд гарах гэнэ. Лоу энэ талаараа ярихдаа “Би Монголын тухай бараг мэдэхгүй ч карьертаа том ахиц авчрах тоглолтыг тэнд үзүүлж чадна гэж бодож байна. Миний хүчин зүтгэх “Хоромхон” баг өнгөрсөн жил лигтээ дөрөвдүгээрт орсон гэж сонссон. Тиймээс “Хоромхон”-д бүх чадлаараа тусалж, “AFC President’s Cup”-т оролцох эрхэнд хүргэхийг хичээнэ” гэжээ.
Д.Догсмаа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш