logo
“МИ-8”-ын хэргийг дахин шалгана

“МИ-8”-ын хэргийг дахин шалгана

2012/06/15
ОБЕГ-т шинээр ажилд орж буй албан хаагчид эх орны төлөө халуун амиа зориулсан эрэлхэг хөвгүүдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж тангараг өргөдөг уламжлалтай. Уламжлал ёсоор ОБЕГ-ын харьяа нийслэлийн хүрээний анги байгууллагад шинээр орж буй 20 албан хаагч өчигдөр зургаан жилийн өмнө үүргээ гүйцэтгэж яваад “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амиа алдсан аврагчдад хүндэтгэл үзүүлэв. Албан хаагчдын үйл хэргийг мөнхжүүлэх, гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөх ёслолд ОБЕГ, НОБГ, Аврах тусгай ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, тапийгаачдын ар гэрийнхэн оролцлоо. Амь үрэгдсэн аврагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож буй У.Төмөр гуай “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэргийг сэргээн шалгахаар болсныг дуулгасан. Тэрбээр үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан дэд түрүүч Баярмагнайгийн ээж юм. Хэргийг сануулахад, 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандап сумын нутаг Хонин нугад гарсан түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай “МИ-8” нисдэг тэргээр 15 шүхэрчин, гал сөнөөгч, экипажийн дөрвөн гишүүний хамт Улаанбаатараас ниссэн. Ойн түймэр унтраахаар ниссэн тус багийнхнаас гурван хоногийн дараа дөрөв нь амьд эргэн ирсэн байдаг. Үлдсэн 15 нь “нисдэг тэрэгний сүйрлээр...” гэсэн тодотголтойгоор энэ хорвоогоос үүрд явсан. Осол Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Шар төвгөр гэдэг уулын зүүн дээд энгэрт далайн төвшнөөс дээш 1545 метрийн өндөр, аглаг битүү тайгад гарсан. Мандал сумын нутагт болсон “МИ-8” нисдэг тэрэгний ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комисс дүгнэхдээ “Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдсанаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан” гэж дурдсан байдаг.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш