logo
Д.Хаянхярваа: Иргэд хувьцаагаа зөвхөн Засгийн газарт зарах хуультай

Д.Хаянхярваа: Иргэд хувьцаагаа зөвхөн Засгийн газарт зарах хуультай

2012/06/15
Сангийн сайд  Д.Хаянхярваатай цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

-Одоогоор хэчнээн иргэн нэг сая төгрөгөө аваад байна вэ?
-Засгийн газрын 117 дугаар тогтоолоор иргэддээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг үндсэнд нь шийдсэн. Засгийн газар Тавантолгойн хувьцааны IFO гарахаас өмнө хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоож, иргэддээ хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Иргэдийн Хүний хөгжил сангийн дэвтэрт бичилт хийж байгаа. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд  10 хүртэл хувийг худалдаалах шийдвэртэй. Энэ дагуу бид ТЕГ болон холбогдох байгууллагууд үндэсний аж ахуйн нэгжийнхээ судалгааг гаргах санал болгож байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны журамд өөрчлөлт оруулсан. Энэ журамд хэд хэдэн зүйлийг зааж өгсөн. Өнөөдөр  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд нэг сая төгрөгөө бэлнээр авч байна. Өөрөөр хэлбэл 160 мянга орчим оюутан бэлнээр авсан. Энэ нь 160 мянга орчим оюутан 1,5 сая төгрөгөө бэлнээр нь авсан гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын 333 тэрбум төгрөгийг зургаадугаар сар буюу хоёрдугаар улиралдаа багтааж олгоно.   НХХЯ-нд ирсэн тооцоогоор 270 мянган  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  нэг сая төгрөгөө авах хүсэлт  гаргасан байна лээ. Харин 90 орчим хувь нь хувьцаагаа авах хүсэлт гаргажээ. Ингээд манай намын мөрийн хөтөлбөр болох 1,5 сая төгрөгийг иргэдэд олгох асуудал бүрэн шийдвэрлэгдэж байна.

-Дээрх иргэд сая төгрөгөө буцааж тушаагаад хувьцаагаа авъя гэдэг санал гаргавал хүлээж авах уу?
 -Болно, журамд өөрчлөлт оруул­сан. Журамд өөрчлөлт оруулснаар  иргэд, аж ахуйн нэг­жүүдээс ахмад настнууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  хувьцаагаа авъя, нэг сая төгрөгөө буцааж олгоё гэдэг асуу¬дал гарвал журамдаа зохицуулсан байгаа. Үндэсний аж ахуйн нэг­жүүдийн захиалга өгөөд, хувьцаа авах хугацааг долоодугаар сарын нэгнээр тасалбар болгож байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгжээс 500 гаруй сая төгрөг дансанд төвлөрч орсон байна. Цаашид энэ захиалга ойрын хугацаанд 10,3 тэрбум төгрөг дансанд төвлөрөх тоо­цоо судалгаа гарсныг  холбогдох газраас мэдээлж байгаа. Тийм учраас ирэх долоо хоногт НХХЯ, Сангийн яамнаас хам­тарсан тушаал гаргаж, нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэхээр ярьж. Нийгмийн даатгал, орон сууцны төлбөр төлөхөөр захиалгаа өгсөн иргэдийнхээ анхны алхмуудыг хийнэ.
Энэ асуудал дээр хүмүүс улс төр хийж байна. АН нэг сая төгрөг, МАН 1,5 сая төгрөг өгнө. Ингээд нийтдээ 2,5 сая төгрөг өгнө гэсэн яриа хамтран ажиллаж байсан хүчний зүгээс гаргаж байна. Ингэж төрийн бодлогыг гуйвуулж болохгүй гэдгийг ард иргэддээ хэлмээр байна. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  иргэн бүртээ 1,5 сая төгрөг олгохоор тусгасан.  Энэ мөнгийг бэлэн, бэлэн бус  хувьцаа хэлбэрээр олгохоор шийдсэн.  Энэ хүрээн дотроо УИХ-ын 37, 54 дүгээр тогтоолыг гаргасан. Тийм учраас  иргэд хүсвэл нэг сая төгрөгийнхөө хувьцааг авч болно. Эсвэл хувьцаагаа  зараад мөнгөжүүлэх тухай асуудлаа шийдвэрлэж болох юм. Нэг сая төгрөгөө авчихсан ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань үндсэндээ мөрийн хөтөлбөрт туссан 1,5 сая төгрөгөө авчихсан гэж тооцож болно. Бид хоёрдугаар улиралд багтаан  олгочихно.  Харин энэ иргэд маань нэг сая  төгрөгөө зохих дансанд нь тушаагаад хувьцаагаа эзэмшиж болох  юм гэсэн журмын өөрчлөлтийг хийсэн.
-Энэ иргэдэд  үлдсэн 670 мянган төгрөгөө хэзээ олгох вэ?
-Засгийн газар хоёрдугаар ули­ралд багтааж өгнө гэсэн тооцоотой ажиллаж байгаа. Гэхдээ үүнийг зургаадугаар сарын 25-ны дотор өгөхөөр тооцож ажиллаж байна.
-Иргэд хувьцаа худалдан авч болох уу?
-Иргэд хувьцаа худалдан авч болохгүй. Учир нь иргэд хоорондоо хувьцаагаа зарах нь хаалттай хуульчилсан.  Хэрвээ хувьцаагаа зарахаар бол зөвхөн Засгийн газарт л зарж болно гэсэн шийдвэртэй.
-Санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас гаргах бол?
-Санхүүжилтийн эх үүсвэрийг бид төвлөрөх ёстой орлогоос төвлөрүүлж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Эрдэнэтийн ноогдол ашиг, мөн нөөцийн төлбөрийн 70 хувиас Хүний хөгжлийн сан бүрддэг. Энэ чиглэлээр орох орлогуудыг төвлөрүүлж байна.

-Гадаад улс орнуудаас хэд хэдэн хөнгөлөлттэй зээл авахаар шийдвэрлэсэн гэсэн. Зээлийг юунд зарцуулах вэ?
Дархан Уул, Сэлэнгэ аймгийн цахилгааны шугамын шинэчлэлийг Данийн Засгийн газрын шугамаар 25,7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр авч шийдвэрлэхээр байсан.
Энэ хөнгөлөлтийг шийдвэр­лэсэн. Өөрөөр хэлбэл Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний 25,7 сая еврогийн зээлийг Засгийн газар дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх юм. Үүнийг одоо УИХ-д өргөн барина. Энэ 25,7 сая еврогийн зээл нь 0 хувийн хүүтэй, 13 жилийн хугацаатай. Үндсэн төлбөр төлөх хугацаа нь 10 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3,5 жил байхаар заасан юм. Энэ нь  нэн хөнгөлөлттэй зээл юм.  Үүнийг хэрэгжүүлснээр Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээг хэрэглэгчдийн анхааралд цоо шинэ эргэлт гарна. Дэлхийн стандартад нийцсэн  тоног төхөөрөмжтэй болох юм. Мөн Франц улсын Засгийн газраас 5,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар байгаа. Энэ зээлээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийг байгуулах ажлыг хэрэгжүүлэх юм. Тиймээс 5,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг Сангийн сайдад олгосон. Энэ хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Ингэснээр Гэмтэл, согогийн үндэсний төвийг байгуулах ажил хэрэгжинэ. Техник, тоног төхөөрөмжөөр ч хангагдах юм.
-“100 мянган айл орон  сууц” хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байна вэ? Санхүүжилт нь орж ирээгүй байгаа сурагтай байсан?
-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг авч хэлэлцлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаан-баатар хотод барилга барьж байгаа компаниудыг хамруулахаар шийдвэрлэсэн байсан.  Орон нутагт барилга барьж байгаа компаниудыг мөн энэ хөтөл­бөрт татан оролцуулахаар шийд-вэрлэсэн. Хөтөлбөрт хам­рагдах  компаниудын тоог нэмэгдүүллээ. Ингэснээр энэ хөтөлбөрийн хэрэгжилт хөдөө орон нутагт ч хүрээгээ тэлж байгаа юм. Ойролцоогоор 36 компанийн барьж байгаа барилгуудыг “100 мянган айл орон сууц”- хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулж, иргэдэд олгоно. Хөгжлийн банкнаас 20 тэрбум, дараагийн ээлжинд 10 тэрбумаар нь нийтдээ 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн банканд өгөхөөр шийд¬вэрлэсэн нь өнөөдрөөс  ажил хэрэг болохоор боллоо.
-Аль аль аймаг, дүүрэгт баригдаж байгаа барилгууд хөтөлбөрт хамрагдсан бол?
-Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс аймагт нийтдээ  36 компанийн барилгыг  “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамруулахаар тогтоолын төсөлд нэмэлт орууллаа.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш