logo
Энэ онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ

Энэ онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ

2012/06/16
2012 онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 2,3 дахин өссөн тоо юм. Тэгвэл хөрөнгө оруулалт мөн онтой харьцуулахад 7,8 дахин нэмэгджээ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 80 гаруй эмнэлгийн барилгыг шинээр барьж, 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжөөр хангасан байна.
Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө 10 дахин нэмэгдсэн бөгөөд энэ сангаас гарах мөнгийг иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулах юм. Мөн өнгөрсөн 4 жилд өрхийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, клиникийн томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөсөн нь энэ салбарынханд ихээхэн урам өгчээ.
Эдгээр цогц арга хэмжээний дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, дундаж наслалт өссөн, Мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт болох эх, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан гээд олон эерэг үзүүлэлт гарсан талаар эмч, ажилтнууд ярьж байна.
Энэ бүхэн эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтарч ажилласны үр дүн. Цаашид олсон ололт, амжилтаа улам баталгаажуулах ёстой гэж Ерөнхий сайд, өчигдөр эмч, ажиллагсадтай уулзахдаа онцоллоо.
Тэрээр ажлаа хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзан санал бодлыг нь сонсож, төр, засгаас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг тодотгож байсан юм.
Засгийн газар цалин нэмсний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам баталсан, 36, 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжтэй болсон, тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 3 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг, зөвхөн энэ онд гэхэд л 679 орон сууцыг Эрүүл мэндийн яаманд хуваарилан хөнгөлөлттэй зээлд хамруулсан, төрийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зэрэгт эмч, ажилтнууд баяртай байв. “Эрүүл хүүхэд” аян энэ салбарынхны хүсэн хүлээж байсан, нүдээ олсон арга хэмжээ байсныг эмч, ажилтнууд хэлж, өвчтэй хүүхдүүдийг эмчлэх дараагийн шатны ажилд урам зоригтой орно гэдгээ хэлэв.
Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулна. Хүний хөгжилд төрийн зохицуулалт илүү байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч төсвийн мөнгийг ахиу зарцуулна.
Эрүүл байх нь сайн сайхан амьдралын үндэс. Иймээс иргэдээ эрүүл улмаар боловсролтой, ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, тэтгэвэр, халамж, даатгалын оновчтой тогтолцоонд хамруулахын төлөө байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш