logo
Тянь Ань Миний талбайн бослогыг удирдсан оюутны лидерүүд одоо хаана байна?

Тянь Ань Миний талбайн бослогыг удирдсан оюутны лидерүүд одоо хаана байна?

2012/06/16
Хятадын эрх баригчид 1989 оны зургаадугаар сарын дөрвөний өдөр Бээжин хотын Тянь Ань Миний талбайд танк, явган цэрэг оруулан оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг дарсан билээ. Бослогыг удирдсан оюутны лидерүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Фан Личжи: Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч тэрээр гэргий Ли Шусяний хамт оюутнуудыг дэмжсэн. Тэд Бээжин дэх АНУ-ын Элчин яаманд нэг жил орогнож байгаад АНУ-ын цэргийн онгоцоор Их Британид очжээ. Фан дараа нь АНУ-ын Аризоны их сургуулийн физикийн доктор болов. Тэрээр 2012 онд 76-тайдаа нас баржээ.

Чай Лин: Оюутнуудын лидер. Энэ бүсгүй эхэлж өлсгөлөн зарласан аж. Тэрбээр Тянь Ань Мэний талбай дээрх штабын хамгаалалтыг хариуцаж байв. Чай 1990 онд Хонгконгоор дамжин Парист очсон. Тэрбээр 2010 онд АНУ-д Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага байгуулжээ.

Фэн Цундэ: Оюутнуудын лидер. Тэрбээр Бээжингийн их сургуулийн байнгын хорооны гишүүн, штабын дэд дарга, өлсгөлөнгийн хорооны дэд командир байсан. Фэн Францад цагаачилсан, одоо АНУ-д байгаа. Тэр бол Чай Линий хуучин нөхөр. Фэн одоо “June 4th Archive”, “Төрийн хэргийг хэлэлцэхэд оролцогч иргэд” сэтгүүлийн редактор хийдэг. Олон эрдэмтний хамт Сунь Ят-Сений сургуулийг байгуулжээ.

Ван Дань: Талбай дээрх штабын дэд командир байсан тэрээр бослогын дараа гадаадад гараагүй. 1991 онд баривчлагдаж, дөрвөн жил шоронд суусан. Суллагдсаны дараа ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцох болжээ. 1996 онд түүнд 10 жилийн ял өгсөн ч АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоныг 1998 онд Хятадад айлчлах үеэр хугацаанаас өмнө суллав. Одоо Детройтод амьдардаг Вань 2012 онд Тайваний Цин Хуагийн их сургуулийн доцент болсон. Гурван удаа Нобелийн энхийн шагналд нэр дэвшжээ.

У-эр Кайси: Уйгар үндэстэн, оюутны хөдөлгөөний лидер. Тэр Тянь Ань Мэний талбайгаас явъя гэж Чай Линтэй маргалдан, улмаар удирдлагаас гарсан. Хятад даяар хамгийн их эрэн сурвалжлагддаг хоёр дахь хүн. Тэр Хонгконгоор дамжин Хятадаас зугтаасан, одоо Тайваньд амьдарч байгаа.

Ван Цзюньтао: Жао Цзыяны оршуулгын комиссын дарга тэрбээр одоо АНУ-д байгаа. Ван өнгөрсөн жил Хятадын мэлрэг цэцгийн хөдөлгөөний удирдагчдад зөвлөгөө өгч байв. Хоёр удаа шоронд суусан. 1976 онд 17 настай сурагч байхдаа хувьсгалч шүлэг бичиж, зэрэгцээ ангийн сурагчдыг дагуулан оюутнуудын арга хэмжээнд оролцож байжээ. 1990 онд тэр 13 жилийн ял авсан. Гэвч 1994 онд суллагдаж, АНУ руу цөлөгджээ. Ван 2006 онд Колумбын их сургуулийн гүн ухааны доктор болсон. 2010 онд Нью-Йоркт болсон Хятадын ардчилсан намын хурлаар тэргүүлэгчдийн нэг болжээ.

Су Сяокан: Хятадын сэтүүлч, зохиолч. АНУ руу зугтааж гараад “Хятадын ардчилсан сэтгүүл”-ийн захирал хийж байгаа.

Янь Цзяци: Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх улстөрийн ухааны хүрээлэнгийн захирал байсан. Тэр 1989 онд бусад удирдагчийн хамт оюутнуудтай хэлэлцээр хийж, “Өлсгөлөнгөө боль” хэмээн ятгаж байв. Бослогын дараа Янь гадаад руу гарч, 1989 онд Парист Хятадын ардчилсан холбооны анхны тэргүүлэгч болжээ.Одоо АНУ-ын Колумбын их сургуулийн багш, зохиолч.

Бао Цзуньсинь: Сэхээтнүүдтэй Тянь Ань Мэний талбай дээр очиж, өлсгөлөнгөө зогсоохыг оюутнуудад уриалж байсан. Бослогын дараа таван жилийн ял авчээ. Бао суллагдаад цагдаагийн хяналтан дор нийтлэл бичиж, судалгааны ажил хийх болжээ. Тэрээр 2007 онд тархины шигдээсээр нас барсан.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш