logo
Нью-Йоркт таван настай охин уран зургийн үзэсгэлэн гаргалаа

Нью-Йоркт таван настай охин уран зургийн үзэсгэлэн гаргалаа

2012/06/16
Таван настай Аэлита Андре охин Нью-Йоркийн галерейд бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан байна. Урлагийн гоц авьяастай охины зургуудыг экпрессионизм болон сюрреализмын чиглэлийн бүтээл гэж дүгнэжээ. Түүний зурсан зургуудыг гэгээлэг, хурц тод хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна. Урлагийн гайхамшигтай авьяас нь аль эрт илэрсэн охины зоримог, чадамгай стил аль хэдийн олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ гаргаад байгаа тэрээр хамгийн залуу мэргэжлийн зураач юм.
Өнгөрсөн оны зургадугаар сард Андрегийн Нью-Йоркийн Агора галерейд гаргасан үзэсгэлэнд тавигдсан зургууд нь бүгд долоо хоногийн дотор зарагджээ. Харин одоо түүний хоёр дахь үзэсгэлэн нээгдсэн байна. Андрегийн 22 зураг 4.600-12900 долларын үнэтэй бөгөөд тэрээр хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ "Аэлита Андре: Нууц ертөнц" гэж нэрлэжээ.
Андре ярихдаа тэд сансар огторгуй шиг харагддаг, тэд жинхэнэ биш, тэд сансартай үнэхээр төстэй, би бүх өнгөнд дуртай, би саарал, хар, бүр цагаан өнгөнд ч дуртай, гэхдээ надад хамгийн их таалагддаг нь улаан ногоон, мөнгөлөг, алтан шаргал гэжээ.
Агора галерейн захирал Анжела Ди Белло Аэлита Андрегийн бодол санаа уран бүтээлд нь хэрхэн тусгалаа олдог талаар ярьсан байна. Тэрээр хэлэхдээ Андре бодит байдал хийсвэр зүйл хоёрыг холбож байна гэхэд болно, түүний зургаа зурсан байдал үнэхээр гайхалтай, тэр өөрийн дотоод ертөнц дэх мэдрэмжээ уран бүтээлээрээ илэрхийлдэг, зургуудаас нь амьтад, үлгэрийн дагина, эрвээхэй, шавьж зэргийг харж болно, миний бодлоор тэр экпрессионизм, сюрреализмын чиглэлээр зурж байна гэжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш