logo
Г.Нороврагчаа: ТЕГ-ын ажилтан, миний дүүг хэргээ хүлээхгүй бол цаазаар авна гэж ''сүрдүүлсэн'' гэсэн

Г.Нороврагчаа: ТЕГ-ын ажилтан, миний дүүг хэргээ хүлээхгүй бол цаазаар авна гэж ''сүрдүүлсэн'' гэсэн

2012/06/18
"Цагдаагийн тангараг" 1,2 "Орлон тоглогч", "Үнсэлт" зэрэг киногоор танил болсон кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн тавдугаар сарын долооны өдрийн өглөөний 11.00 цагийн үед баривчлан шалгаж байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад cap гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд уг хэрэгт түүнтэй хамтран ажилласан хэмээн арав гаруй хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Сүүлийн үед түүний бие муудаад байгаа ба сэтгэцийн гүн шоконд орсон талаар түүний ах Г.Нороврагчаа мэдээлэл хийсэн юм. Тус хуралд түүнтэй хамтран ажилладаг жүжигчид болоод тулааны урлагийн багш нь ирсэн байсан. Тодруулбал жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Анхням, Давгадорж, багш Л.Алдар. Тэд түүнийг ийм хэрэгт буруутгаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл. Уран бүтээл хийснийх нь төлөө хэрэгт гүтгэж байна хэмээн тодотгон хэлж байсан. 
Болсон үйл явдал болон ТЕГ-ынхан ямар нөхцөл байдлаас болж түүнийг барьсан талаар Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаагаас тодрууллаа.

-Дүүг тань төрийн эрхийг булаахаар завдсан хэмээн саатуулаад байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Миний дүүг өнгөрсөн тавдугаар сарын долоонд төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн баривчилсан. Дараа нь Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Баривчлахдаа 11.00 цагийн үед гэрээс нь гарч ирэхэд хар хувцастай, бүрэн зэвсэглэсэн олон залуучууд толгойд нь уут углаж цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан байгаа юм. Тэгээд намайг орой 19.00 цагийн үед очиход толгойд нь угласан уутыг аваагүй байсан. Харин өдөр нэг удаа авсан гэсэн. Уутыг нь авахад хоёр талд нь хоёр залуу буу тулгаад асуудлаа ярь гээд зогсож байсан гэсэн. Ямар нэг аюултай хэргийн золиосонд миний дүүг чихэх үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй бэлдээд ийм хэмжээнд хүргэж байна гэж би ойлгож байна.

-ТЕГ-аас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хэргийг санамсаргүй үйлдэнэ гэж байхгүй хэмээн мэдэгдсэн?

-Аливаа хэргийг шүүхээр шийдээгүй байхад нотоллоо гэж хэлэх эрх байхгүй. Гэтэл ТЕГ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан миний дүүг хэрэг хийсэн. Хийсэн хэргийг нь бид нотолсон хэмээн яриад байгаа. Дүүд маань хэрэг тулгаж, хүчээр байцаалт авснаа нотоллоо хэмээн ярьж байна.

-Хүчээр байцаалт авсан юм уу?

 -Миний дүүгийн эрхэнд ТЕГ-аас бүрэн халдаж байна. Байцаагдсан цагаас нь хойш өмгөөлөгч нь мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцъё гэхэд хаалт тавьж эхэлсэн. Гэвч бид хуулийнхаа дагуу шаардлага тавьсны эцэст уулздаг болсон. Мөн өмгөөлөгчид нь хэлэлгүйгээр хэд хэдэн удаа байцаалт авахаар оролдсон байсан. Дүү минь шоконд орж, сэтгэц нь жаахан өөрчлөгдсөн байгаа.

-Өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаа юу. Өмгөөлөгч нь байцаалтын ажиллагаанд оролцсон уу?

-Өнгөрсөн мягмар гаригт өмгөөлөгч Н.Пүрэвбаатар нь уулзах гээд хоригдож буй 461 дүгээр анги дээр нь очсон гэсэн. Гэтэл дүүг маань аль хэдийнээ ТЕГ-т авчирсан байсан. Энэ нь өмгөөлөгчид нь хэлэлгүйгээр хууль бусаар байцаалт авсан байгаа юм. Тэгээд өмгөөлөгч нь ТЕГ-т очиж, байцаалтад ороход дүү маань ТЕГ-ын байцаагч Энхтөрийн үг бүрийг тоть шиг давтаад байсан гэсэн. Тэгээд өмгөөлөгч нар нь гайхаад ийм байцаалт байдаг юм уу, энэ байцаалт уу юу вэ гээд дүүгийн маань сэтгэцийг шалгуулах асуудал тавьсан байна лээ. Мөн хүчээр байцаалт авсан учраас байцаалт өгсөн гэх тэмдэглэлд гарын үсгээ зурахгүй гэхэд нь тэгвэл чамайг цаазаар авах асуудлыг ярина гэж хэлсэн байгаа юм. Иймэрхүү маягаар л дүүд маань хэрэг тулгах гээд байна шүү дээ.

Түүнийг төрийн эрхийг булаах гэж байна гэж ярих болсон нь түүний уран бүтээлтэй салшгүй холбоотой. Г.Бадамрагчаагийн хувьд кино найруулагч. Түүний найруулсан киноны ихэнх нь зодоон цохион алсан хядсан кино. Нэг үгээр хэлбэл детектив кино хийдэг найруулагч. Үүгээрээ ч олонд танил болсон нэгэн. Түүний дараагийн уран бүтээл нь мөн л ийм сэдэвтэй уран бүтээл байсан ба шинэ бүтээлдээ бэлдэж нэлээд хэдэн залууг тулааны урлагт бэлдэн байнгын бэлтгэл сургуулилт хийж байжээ. Энэ бэлтгэлд нь жүжигчид нь ч хамрагдаж байсан байна. Үүнийг нь жүжигчид нь баталж буй. Мөн кино зохиол. Мэдээж уран бүтээл хийж байгаа хүн хаа явсан газартаа уран бүтээлд нь хэрэгтэй санаа төрвөл цаасан дээр буулгаж явдаг. Үүнийг нь хэрэгт холбогдуулах баримт болгон авч барьж байгаа нь бас л эргэлзээтэй асуудал. Ямар шалтгаанаас болж энэ хүнийг төрийг эргүүлэх гэсэн хэмээн буруутгаж байгаа нь гайхалтай. Манай улсад үнэнийг өгүүлсэн уран бүтээл хийхэд хааж боодог.

Гэхдээ ийм зүйл болж байсангүй. Ямар сайндаа хуралд ирсэн байсан жүжигчин н.Дорждагва энэ талаар жинтэйхэн шиг хэлээд авсан. Тэрбээр "Энэ хүнийг хилс хэрэгт унагах ямар хэрэг байгаа юм болоо. Энэ хэний захиалгаар хийгдэж байгаа ажил вэ? Өнөөдөр Монголын төр үнэхээр арчаагүй болжээ. Хэн нэгэн эрх мэдэлтэнд үйлчилдэг болж ТЕГ-ын Энхтөр гэж байцаагч Ш.Бадамрагчаад "Чамайг Төв аймгийн мөрдөн рүү явуулна, цаазаар авна" гэсэн байгаа юм. Өнөөдөр энэ хүн цаазаар авахыг мэддэг болоо юу? Энэ хүн хэний захиалгаар үйлчлээд байна вэ? Уран бүтээл хийгээд явж байсан хэдэн хүүхдүүдийг төр эргүүлчихнэ гэж айдаг ямар арчаагүй төр вэ. Хийгээгүй хэргийг нь тохож амь насанд заналхийлээд байгаа ямар хөгийн төр вэ. Энэ юу болоод байна. Төр ард түмнээ хамгаалахын тулд байдаг гэж би ойлгодог. Төр эргүүлэх байтугай улс төрийн төсөөлөл ч үгүй хүнийг буу тулгаад аваад явж байгааг юу гэж ойлгох вэ. Харин үүнийхээ оронд улс орныг зараад ураад хэдэн хэсэг болгочихсон тэр хэдэн нөхдүүдээ тэгдэг болоосой. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын эргүүлэх гээд чадахгүй байгаа төрийг Г.Бадамрагчаа яаж эргүүлэх юм бэ" гэсэн юм.

БОЛЗОШГҮЙ ХОР ХОХИРЛООС СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТАСЛАН ЗОГСООСОН

Харин энэ талаар ТЕГ-ын баттай эх сурвалжаас тодруулахад, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр иргэдийн далдуур төлөвлөж, бэлтгэж байсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг манай байгууллага авсан. Түүнээс хойш хуульд заасан үндэслэл журам, арга хэлбэрээр мөрдөн шалгаж байгаад болзошгүй хор хохирлоос сэргийлэх зайлшгүй шаардлагын үүднээс энэ оны тавдугаар сард хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. УИХ-ын ээлжит сонгууль зэрэг улс төр, нийгмийн онцлог нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хүмүүсийн зүгээс иргэдийг хүч хэрэглэсэн хувьсгал, тэмцэл, үймээн самуунд уриалах явдал нэлээд гарч байгаа.

Манай иргэд энэ мэт хууль бус үйл ажиллагаанд татагдан орохоос нийтээрээ сэргийлэх, аливаа асуудалд ул суурьтай хандаж, хуулиа сахин биелүүлэх нь чухал юм. Нөгөө талаас, ТЕГ нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийнхээ хүрээнд Монгол төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаанаас сэргийлэх, цаг тухайд нь илрүүлж таслан зогсоох чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдэл гагцхүү сонгуулиар л шилжих бөгөөд үүнээс өөр аливаа оролдлого үйл ажиллагаа бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг сануулмаар байна.

Г.Тогос
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш