logo
Барак Обама, Владимир Путин нар Сирийн асуудлаар санал солилцлоо

Барак Обама, Владимир Путин нар Сирийн асуудлаар санал солилцлоо

2012/06/20
Мексикт болж байгаа их 20-ийн уулзалтын үеэр Барак Обама Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, Сирийн асуудлаар санал солилцлоо. Тэд Сирид үргэлжилж байгаа хүчирхийлэл үймээнийг нэн даруй зогсоох ёстойг онцолсон байна. Гэхдээ тэд Дамаскийн эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авах тал дээр ялгаатай байр сууриа төдийлөн өөрчилсөнгүй. Путин мэдэгдэхдээ "Бид олон улсын асуудлаар, тэр дундаа Сирийн асуудлыг хэлэлцлээ, миний бодлоор бид энэ асуудал дээр санал нэгдсэн зүйлүүд олон байна" гэжээ.
2011 оны гуравдугаар сард Сири улсад засгийн газрын эсрэг бослого гарсан. Түүнээс хойш ерөнхийлөгч Башар Ал-Ассадын засгийн газар сөрөг хүчнийхний эсрэг хүч хэрэглэсэн ажиллагаа явуулсаар байгаа юм. Барак Обама болон барууны холбоотнууд Ассадыг цаашид өмгөөлж хамгаалахгүй байхыг Оросын удирдлагуудаас хүсч байна. Учир нь Москва болон Бээжин НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Сирийн эсрэг гаргасан хоёр ч тогтоолын төсөлд хориг тавьсан билээ.
Обама хэлэхдээ "Бид Сирийн асуудлаар ярилцлаа, энэ улс дахь харгислал хүчирхийллийг зогсоох хэрэгтэй, иргэний дайн дэгдэхээс сэргийлэх зорилгоор улс төрийн үйл явцыг эхлүүлэх ёстой, сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд ард иргэдийг хөнөөсөн талаарх мэдээллүүд гарсан, бид НҮБ болон энэ асуудлыг шийдэхээр хичээж байгаа бүх талуудтай хамтран ажиллахаа амласан" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сирид үүрэг гүйцэтгэж байсан ажиглагчид ажлаа түр зогсоосон. Тиймээс Обама, Путин нар Сирид үргэлжилж байгаа зөрчил үймээн иргэний дайн болж сунжрахаас сэргийлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа юм.
Сирид сүүлийн 16 сарын хугацаанд 10.000 орчим хүн аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж амь насаа алджээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш