logo
Бүгчим агаар, дам тамхидалт дунд бөөлжих шахам байж үүр цайлгасан шөнө

Бүгчим агаар, дам тамхидалт дунд бөөлжих шахам байж үүр цайлгасан шөнө

2012/06/21
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан гэж ахмад үеийнхэн дуулдаг. Харин энэ дууны утга учрыг хожуу төрсөн миний хувьд ойлгодоггүй юм. Үнэхээр л Улаанбаатарын үдэш цамуухан байдаг байсан юм байлгүй дээ л гэж бодохоос өөр яалтай ч билээ. Харин өнөөгийн Улаанбаатар намуухан гэвэл тавласан хэрэг болох биз.

Орчин үеийн Улаанбаатарын үдэш, цаашлаад шөнө нь ямаршуухан өнгөрдгийг нийгмийн дунд холхиж яваа сэтгүүлчийн хувьд сурвалжлан хүргэхийг зорилоо. Оюутан залуусын дийлэнх хувь нь шөнө дуусч үүр цайтал ажиллах баарнууддаа бүжиглээд хоночихож байна. Харин эднээс арай ахимаг насныхан нь пабуудаар пиво шимэн сууж байснаа цэнгээний газруудтайгаа хөл нийлүүлэн орших зочид буудлуудад ороод найрлаад хоночихно. Харин үүнээс арай өөр ангилалд багтах гэртээ хонодоггүй бас нэгэн хэсэг бүлэг байна. Шоучны амьдралыг ихэнх нь гадарлах учраас хамгийн сүүлийн хэсэг бүлэгт багтах хүмүүсийн талаар энд дурдья.

Үдшийн 21:00 цаг.

Өтгөн саарал тамхины утаа компьютерийн гэрэлд өрөөний хаа сайгүй цэнхэртэн харагдаж, өрөөг нийтэд нь угаартуулах шахна. Ядаж байхад цонх гэж энд үгүй. Эгнээ бүрийн буланд байрлуулсан ганц сэнс л 76 комьютерийн ард сууж буй залуусын амьсгал, хөлс гэх зэрэг эвгүй үнэрийг тамхины утаатай нь хамтад нь замхруулна. Гэхдээ залуусын тамхи татах нь ойр ойрхон учир энэ үнэр гүйцэд алга болно гэж үгүй.

22:30 минут.

Үйлчлүүлэгчид тав зургаагаараа орж ирэн сул байсан компьютерүүд бүгд эзэнтэй боллоо. Яг энэ цагаас эхлэн хонох хүмүүс орж ирж байгаа нь энэ. Нэг хүний 2500 төгрөг төлөөд өглөөний 07:30 минут хүртэл хүссэнээрээ байх боломжтой. Нэг цагийн дараа гэхэд нийт комьютерийн 90 хувь нь эзэнтэй болсон байх бөгөөд тэд бүгд энд хонохоор ирсэн 14-23 насны залуус. Энд хонохоор ирсэн залуусын дундах зүс үзээгүй ганц хүн нь би. Бусад нь байнгын үйлчлүүлэгчид. Тиймээс РС ажиллуулж буй эгчийг танихгүй хүн гэж үгүй.

Шөнө дунд.

Цагийн зүү хурдтай эргэж урт богино хоёр зүү нь зэрэгцэн хоёрын тоон дээр очжээ. Ойр орчмыг
ажиглаваас тоглоомондоо улайрсан залуусын дуу ид чангарч, хожил хожигдол зэрэгцэн бухимдсан нэгэн нь

оо.... Пиз***...... Болдоо муу

ян... минь наадхаа алаачээ......

Боогий муу гөлөг минь чи ямар арчаагүй ги... вэ гэх мэтээр уурссан залуус суудал дээрээ тогтож ядан хурдан хурдан тамхи асааж хүчтэй хүчтэй уушгилана. Хажууд суусан РС-чиний нүд нь улайж эвшээх тусам нүднээс нь нулимс гоожно. Түүний ихэд ядарсан нь илт. Энэ газраар үйлчлүүлээд хэр удаж байгаа болон шөнө хэдэн хүнтэй хонодог талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чи ч их ядарсан харагдаж байна одоо унтсан нь дээргүй юу?

-Харин тийм ээ. Гурав дараалаад хоночихсон чинь ядарч үхэх нь ээ. Маргааш л сайхан унтахаас.

-Өнөөдөр чинь ямар их хүнтэй байна аа. Уг нь гайгүй байдаг шиг санах юм. Олон хүнтэй агаар бүгчимдэж үхэх нь ээ?

-За өнөөдөр харин ч гайгүй л байна ш дээ. Хонох гээд ком олдохгүй үе зөндөө л гардаг ш дээ.

-Чи энд байнга хонодог уу?

-Долоо хоногийн гурав юм уу дөрөвт нь хоночихож байна даа бараг л. Гэхдээ өдөр болгон шаасан хадаас шиг л нэг ширээн дээр байнга сууж байдаг нөхдүүд цаагуур чинь зөндөө байгаа шүү.

Өглөөний 04:00 цаг.

Орох гарах хүмүүс бүгд намжиж компьютерийн өмнө суусан хүмүүс суудалдаа суусан чигтээ зарим нэг нь ширээгээ дэрлээд бөх гэгч нь нойрсоно. Гэхдээ дийлэнх хэсэг нь нүд цавчихгүй шахам тоглоомоо ширтэнэ.

Өглөөний зургаан цаг.

Аль эрт гэгээ оржээ. Давсанд явагсдын тоо дахин хэдээр нэмэгдэж, 10 орчим болжээ. Гэвч үлдсэн 60 орчим тоглогч тоглоомондоо анхаарсаар л. Зарим нэг нь унтсан хойгуур гаднаас шоудаад ирсэн найзууд нь нойрсогчдын оронд ширээнд нь тухлан нам жим байсан уур амьсгал эрс өөрчлөгдөх нь тэр. Удалгүй долоон цаг өнгөрч тоглоомын газар бүх компьютерийг нэгэн зэрэг цагийг нь хаав. Өрвийсөн царайтай унтаагүй залуусын зарим нь эрүүлжүүлэхээс гарсан хүн шиг царайтай тоглоомын газраас гарч одно. Гэвч бэлэн хоол идэн тамхи суунаглуулах залуус суудал дээрээ зоогдон тоглоомын газартаа үлдэв.

Энэ бол МУБИС-ийн өмнө буюу нэгдүгээр төрөхийн яг баруун талд байрлах “ELITE” компьютер тоглоомын газар. Гаднаас нь харахад тийм том гэж хэн ч харахааргүй хэрнээ дотор нь ороод үзвэл маш том заалтай. Компыотерүүдийг хоёр хоёроор нь зөрүүлэн талбайн зайг маш нарийн зохицуулсан энэ газар нийтдээ 76 компьютер тоглоомын ширээ байрлана. Хотын гудамжаар хүнгүй шахам болж хүмүүс нойрондоо дугжирч байхад энд харин өдөр мэт хөл хөдөлгөөнтэй. Тус газрын үүд хаалга хаалттай байна гэсэн ойлголт байхгүй. Хүссэн нэгэн нь орж гарч, бэлэн хоолоор
ходоодоо дүүргэн араас нь тамхи баагиулан ядарсан тохиолдолд шууд ширээгээ дэрлээд унтаж орхино. Гэвч тоглоомондоо улайрсан тэд бие махбод нь дийлэхгүй нүд нь улайвч үүнийг үл тоон тоглосоор цөөхөн хэд нь л ширээгээ дэрлэн хэвтэх. Үүний зэрэгцээ нойр хоолгүй хонож буй эдгээр үйлчлүүлэгчдэдээ зориулаад бэлэн хоол хүйтэн ундаа хар талхаар үйлчлээд бас хөөрхөн ТҮЦ ажиллана.

Энэ төрлийн компьютер тоглоомын газар нийслэлийн хаа сайгүй үйл ажиллагаа явуулж байгаа. РС тоглоомын газар гэсэн нэрнийхээ өмнө интернэт гэсэн хаягийг хадсан болохоор үйлчлүүлэгчид интернэтээр үйлчлүүлж буй гэсэн бодол гадны хүний бодолд төсөөлөгдөнө. Гэвч орж буй хүмүүсийн ганц нэг нь интернэтийн үйлчилгээ авахаар ордог. Тэд тамхины утаа 100-гаад хүний бөгчим агаараас зугтсандаа 30 минут ч энэ газар сууж тэвчилгүй гараад явчихна.

Тэдний нэг нь МУИС-ийн нэгдүгээр байрны өмнө байрлах Кибер төвийн хоёр гуравдугаар давхарт ажилладаг. Нарру house буюу тус төвийн гуравдугаар давхрын интернэт тоглоомын газарт өдрийн 14 цагийн үед ороход хүн бараг байсангүй. Тоглоомын газар ажиллуулж буй эзэнтэй цөөн хором ярилцав.

-Танайх шөнө хонуулдаг уу?

-Хонуулнаа хонуулна. Хэдүүлээ юм?

-10-уулаа. Өнөө шөнө хонох гэсэн юм. Хэд юм?

Хоногийн 3000. Орой 10 гээд хүрээд ирээрэй.

Тус газарт 76 компьютер эздээ хүлээгээд асаалттай байв.

Эрдэм номдоо шамдан суралцаж, нийгмийн сайн сайханд суралцах ёстой эх орны залуус өсвөр наснаасаа эхлэн залуусын тоглож буй тоглоом нь "Counter Strike", "Chi-Ta", "Dota" гэх мэт алаан хядаантай тоглоомонд толгой мэдүүлж, эрүүл мэндээрээ ч хохирсоор байна. Компьютер тоглоомын газруудын байрлал газрууд нь тун чиг тодорхой. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудтай хамар залган үйл ажиллагаа явуулсаар байна.

Интернэт тоглоомын газарт нэг цаг суухад 400-600 төгрөг. Одоогийн мөнгөний ханшаар бол энэ мөнгө нь автобусанд ганц суух л мөнгө. Эцэг эхийн хүүхдэдээ өгдөг мөнгөний өчүүхэн л хэсэг. Цаашлаад хонож тоглоход 2500-3000 төгрөг болж хямдарч байгаа нь хүүхдүүд тоглоомонд донтоход ихээр нөлөөлж цаашилбал сэтгэл зүйд ч нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлдэг. Үүний улмаас нүдэнд хий юм харагдах, байнга тоглосноос болж зуүдлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Шөнө унталгүй гурав дөрвөн хоног РС тоглоомын газар хоносноос болоод нүдэнд нь хий юм харагдах, гар салгалдаг хүүхдүүд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг зорих нь сүүлийн үед олширсоор байгааг эмч нар хэлж байгаа юм. Олон хоног агаар муутай тамхины утаан дунд бэлэн хоолоор ходоодоо зогоон компьютер ширтэн хоносон учраас дархлаа амархан суларч, улмаар сэтгэхүйд нөлөөлж эхэлдэг байна. Баар ресторан, пабууд цаг хэтрүүлэн ажиллаж байна. Залуус үдшийн бүрийгээс үүр цайтал пиво шимэн сууж байна. Эднийг хаадаг, эдэнд арга хэмжээ авдаг газар гэж алга хэмээн хэн хүнгүй ярьдаг. Гэтэл үүний хажуугаар чимээгүйхэн залуу үеийнхнийг эрүүл мэндээр нь хохироон ашиг хонжоо хайж буй РС тоглоомын газрууд өчнөөнөөрөө байгааг анхааралдаа авч хяналт тавих шаардлагатай байгааг энд хүргэхийг зорилоо.

С.Мөнх-Од
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш