Ноён уулын булшнаас олдсон домгийн "амьтад"
Монгол Улсын Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евроазийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ.
Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой.
Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц, гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.
Монгол Улс дэлхийд анх "гадаад паспорт"-ыг санаачилжээ
Монгол Улс дэлхийд хамгийн анх дипломат харилцааны хэрэглүүр болох гадаад паспортыг хэрэглээнд гаргажээ. Тухайн үедээ гэрэгэ хэмээн нэрлэгдэж байсан энэхүү зүйл нь Монгол төрийн элчийн итгэмжлэх жуух бичиг, халдашгүй дархан эрхийн баталгаа болж байсан бөгөөд эдүгээ НҮБ-ын төв байранд дурсгал болон хадгалагдаж байна. Энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээт алт мөнгөн пайз зэрэг олон төрлийн гэрэгийг хэрэглэж ирсэн нь түүхийн сурвалж болон археологийн олдворуудаар батлагддаг юм. Худам монгол бичгээр олдоод байгаа цорын ганц хувилбар болох алтан гэрэгийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хүрээнд Монгол Улсын гадаад яаманд ёслол төгөлдөр залсан билээ. Днепр мөрний ойролцоогоос 1845 онд олдож, эдүгээ ОХУ-ын Санктпетербург хотын Петр хааны цуглуулга музейд хадгалагдаж буй түүний нүүрэн талд "Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор", ар талд нь "Аугаа хааны зарлиг хэн үл бишрэх хүмүүн алдах, үхэх" хэмээн бичжээ. "Угтуул", "Үтэр яаралтай", "Зарлигаар довтлон морилох" гэсэн тусгай тэмдэг бүхий хааны пайзат элч нар өртөөлөн явахдаа эхний өдөр 403 км, удаах өдөр нь 288 км газар хурдавчлан одох үүрэгтэйгээс гадна албанаас буцаж ирээд пайзаа хаанд өөрийн биеэр эгүүлэн барих дүрэмтэй байсан тухай манай нэрт түүхч судлаач Хөдөөгийн Пэрлээ агсан тэмдэглэн үлдээсэн байна. Иймэрхүү учир шалтгаануудаас үүдэн гэрэгэ нь Монгол Улсын дипломат албаны нэр төрийн бэлгэдэл болох нь зүй ёсны хэрэг юм хэмээн түүхийн ухааны доктор Б.Лхагва "Гэрэгэ хэмээх нэрийн судалгаа" өгүүлэлдээ дурдсан байдаг.
Монгол Улсын Гадаад харилцааны яам Монгол Улсыг гадаадад сурталчилж, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад оршин суугаа Mонгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан гадаадын болон дотоодын хувь хүн, байгууллагуудад олгодог "Алтан гэрэгэ" хэмээх нэр хүндтэй шагналыг бий болгоод байгаа билээ.
Монголчууд Жуковт буу бэлэглэж байжээ
Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 1940 онд тогтоол гарган Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, фронтын командлагч Георгий Константинович Жуковт ангийн буу бэлэглэж байжээ.
"...Нөхөр Г.К.Жуковын манай улсын ард түмэнд үзүүлсэн мартагдаш үгүй их гавъяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэхийн хамтаар БНМАУ-ын Засгийн газраас 250-939 номерийн "Зауер" хэмээх ангийн буу нэгээр өчүүхэн бэлэг хүргэж, үүрдийн дурсгал болгон хадгалуулав" хэмээсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тогтоол өдгөө Улсын төв архивт хадгалагдаж байна.
1939 оны Зөвлөлт-Монголын механикжуулсан морьт хороог командлан Халхын голын байлдаанд ялалт байгуулсан энэ хүнийг Монголчууд эрхэмлэн хүндэтгэж БНМАУ-ын баатар цол, алтан таван хошуу ба БНМАУ -ын Улаан тугийн одонгоор шагнасан юм. 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн тэрбээр 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун-Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. Хувьсгалын үед сумангийн цэргийн хорооны даргаар сонгогдсон тэрбээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны даргын алба хашиж 1939 оны 7-р сарын 11-нд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. Түүнийг Халхын голд гавъяа байгуулсан хэмээн Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнасан юм.
Б.Занданхүү
МОНЦАМЭ