Владимирск мужид 5 настай Богдан Праховыг хулгайлан, хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгаж байна. Өчигдөр өглөө бяцхан хүүгийн цогцсыг олсон аж. Москвагийн мөрдөн байцаах газраас хамгийн шилдэг мөрдөгчдөө хэргийн газар руу илгээн алуурчныг фотороботоор хайж байна. Сэжигтэн эрийг хайх ажилд 600 гаруй ажилтнууд оролцож байгаа аж. Бяцхан хүүг Даваа гаригийн өдөр үл таних эр хулгайлсан байна. “Мир” зуслангийн ойролцоо хоёр хүү унадаг дугуйгаар наадаж байтал гэнэт хажуугаас нь үл таних этгээд дайрч 9 настай Димаг толгой руу нь цохиж түлхэж унагаад, 5 настай жижиг Богданыг шүүрэн ой руу зугтсан ажээ. Амьд үлдсэн хүү уйлсаар гүйж ирэн эмээдээ дуулгаснаар эрж хайх ажиллагаа эхэлсэн байна. Мөрдөгч ноход сэжигтэн этгээдийн ул мөрийг оллоо хэмээн саяхан мэдээлжээ. Мөн хэрэгтнийг гэрч хүүгийн аман зургаар фотороботоор хайж байна. Уг этгээд нь туранхайвтар, 175-180 см орчим өндөр, цагаан-хөх судалтай фудболктой, ногоон шорт, саравчтай малгайтай байжээ. Сэжигтэнтэй төстэй 20 гаруй хүнийг байцааж шалгаад байгаа аж.