logo
755 айл аюултай бүсэд амьдарч байна

755 айл аюултай бүсэд амьдарч байна

2012/06/22
Үерийн аюултай бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг НОБГ, дүүргийн Газрын албадтай хамтран хийхээр болжээ. Нийслэлд сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер бууж 11 айл орон гэргүй болж, 240 иргэн их, бага хэмжээгээр хохирол амссан юм.
Мөн нэг хүүхэд, гурван том хүн үерт өртсөнийг Онцгой байдлын аврагчид авран хамгаалж, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Үерийн гамшгаас болж орон гэргүй болсон 11 айлд шинэ гэр олгох ажил өнөөдөр үргэлжилж байна. Дээрх айлууд газрын зөвшөөрөлгүй бөгөөд үерийн аманд буусан айлууд байжээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод жил бүр үерийн улмаас олон айл орон гэргүй болж хүн амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан. Албаныхны зүгээс зөвшөөрөлгүй, үерийн аманд буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил хийдэг ч тэнд нь өөр айл буудгаас болж амь нас эрсэдсэн тохиолдол буурахгүй байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2369 айл өрх үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан байгааг нийслэлийн Онцгой байдлын газар анхааруулж байна. Тус газрын хийсэн судалгаанаас харахад Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу нийт 755 айл аюултай бүсэд амьдарч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш